“Тэдмэнт”-ийн хөрөнгө оруулагч Ванг Зиминг нь их гарын “мөнгө хүүлэгч” гэнэ

11(296)Эдийн засгийн хямралын улмаас жижиг наймаачид мөнгө хүүлэгчидэд идүүлээд дуусаж байгаа. Тэгвэл томоохон барилгын компаниуд хүртэл мөнгө хүүлэгчдийн атганд орсоор байна. Том компан том зээл авах нь мэдээж. Харин том зээлийг их гарын мөнгө хүүлэгчид л өгч чадна. Тэгвэл тэд голдуу өмнөд хөршийн хөрөнгө оруулагчид нэртэй хятадууд байдаг нь нууц биш болжээ. Өмнөговь аймагт “Говь хүрээ” орон сууцны цогцолборын ажилд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Сайн шал” компани нь Ванг Зиминг гэх хятад иргэний хагас тэрбум шахуу зээлэнд баригдаад байгаа аж. Хятад эр манай барилгын нэртэй компаний нэг болох “Тэдмэнт”-ийн хөрөнгө оруулагч гэнэ. Хөрөнгө оруулахын хажуугаар их хэмжээний мөнгө хүүлэх ажиллагаа явуулж байдаг нь энэ явдлаар батлагдаж байна. Ванг Зиминг “Сайн шал” компанид  2.5 хувийн хүүтэйгээр зургаан сарын хугацаатайгаар  1,5 сая юань зээлүүлсэн байна. Гэтэл манай улсад төлбөр тоооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх хуультай. Өдгөө энэ зээл нь хүү алдангийн хамт 1,9 сая юань болсон нь бараг 480 гаруй сая төгрөг гэнэ. Зургаан сарын хүү нь л гэхэд дангараа 400 гаруй мянган юань болжээ. Гайхалтай нь энэ зээлийг “Сайн шал” компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Компаний захирал нь Ванг Зимингтэй нэг ч удаа уулзаж байгаагүй гэжээ. Тэрээр “…Говь хүрээ цогцолборын дулааны шугам сүлжээ тавих ажилд 450 сая төгрөг шаардлагатай болсонд төслийн удирдагч найз Д.Сугаржав хүнээс асууж үзье гээд утсаар ярьсан. Ингээд Ван Зиминг гэх хятад иргэнээс 1,5 сая юань зээлэх тухай гарын үсэг зурагдаагүй гэрээний төсөл имэйлээр ирүүлснийг танилцаад “урд нь уулзаж байгаагүй, таньж мэдэхгүй хүн их хэмжээний мөнгөний зээлийн гэрээ тул биечлэн уулзаж байж зээл өгөх байлгүй” гэж бодоод хоёр хувь хэвлэж гаргаад скайнердаж байгаад буцаагаад имэйлээр явуулчихаарай гээд компанийхаа менежерд өгсөн. Менежер гэрээний хувийг хадгалж байхад нь 2016 оны 6-р сард “Тедмент” -ийн санхүү эрхэлсэн ерөнхийлөгч Ц.М  гэгч надад мэдэгдэлгүйгээр авч явсан байсан. Гэрээг намайг байлцуулж нотариатаар гэрчлүүлээгүй, түүнээс хойш дахин холбогдоогүй, гэрээний хувийг ч ирүүлэгүй учир больсон юм байна гэж бодоод өнгөрсөн. Зээлдүүлэгчийн утас, хаяг тодорхойгүй уг гэрээг би төсөл гэж ойлгож байсан, Тухайн үед шаардлагатай байсан хөрөнгө мөнгөө бусдаас зээл авалгүйгээр зохицуулсан…” гэжээ. Ийнхүү энэхүү мөнгө хүүлэлтэнд “Тэдмэнт” -ийн санхүү эрхэлсэн ерөнхийлөгч Ц.М  идэвхитэй оролцжээ. Болсон явдлаас харахад тэрээр хөрөнгө оруулагч хятадтайгаа “ажил хэргийн” ойр дотно харилцаатай бололтой. Хэдийгээр “Сайн шал” нь зээл аваагүй гэдэг ч “Тэдмэнт”-ээс орж ирсэн мөнгөний тодорхой хэсэг нь санхүү эрхэлсэн ерөнхийлөгч Ц.М-ын бүр хувийн данснаас шилжигдэж орж иржээ. Ийнхүү монгол компаний захирал зээлүүлдэгчтэйгээ уулзаагүй, гэрээг нотариатаар батлуулаагүй байхад 1,5 сая юань дансанд нь ороод ирсэн гэнэ. Нэгэнт орж ирсэн мөнгө ашиглагдсан. Гэхдээ зээл авахаар идвхитэй хөөцөлдөөгүй байхад “сайн дураараа” шахуу хагас тэрбум төгрөг өгсөн нь “Тэдмэнт”-ийн хөрөнгө оруулагч хятад нь тухайн монгол компани болон түүний төслийн ажилд хувийн сонирхолтой байсан хардлагыг төрүүлж байна. Эдийн засгийн хямралаас үүдэн барилгын компаниудын хооронд 100 байтугай 10 сая төгрөгийн хоорондын тооцоо ч хийгдэхэд хүндрэлтэй болсон. Гэтэл “Тэдмэнт”-ийн Ванг Зиминг нь бараг “авахгүй” гээд байхад ав хэмээн өөрөө сайн дураараа өгчээ. Хятад бизнесийн “онол”-оор аливаа зүйлийг хямдарсан үнэ нь буурсан үед их хэмжээгээр худалдан авахыг зөв гэдэг. Өдгөө манай барилгын компаниуд санхүүгийн хувьд ихээхэн суларсан. Энэ үеийг ашиглаад хятад мөнгө хүүлэгчид монгол компаниудыг өндөр хүүтэй зээлээр “ЗААЗУУРДАН”  улмаар  “нууц ноёнтон” нь болохыг санаархсан байж болох юм. Харин хүндэт хөрөнгө оруулагч Ванг Зиминг мөнгө хүүлж олсон орлогоосоо татвар төлдөг эсэхийг нь манай холбогдох байгууллагийнхан шалгах цаг нь болжээ.

НУУЦ.мн


URL:

Сэтгэгдэл бичих