Гадаад орнууд улстөрчдийнхөө оффшор дахь хууль бус орлогыг хураана
Оффшор буюу татваргүй статустай хуулийн этгээдүүд 18 их наяд ам.долларын хөрөнгө байршуулсан гэсэн тооцоог “Oxfam” хэмээх сайн дурын байгууллага гаргажээ.
Энэ их хөрөнгөний 2/3 нь Европт, үлдсэн 1/3 нь Их Британид ногдож байгаа гэж тэд үзсэн байна. Татвараас бултагсад ингэж татваргүй бүсэд их хэмжээний хөрөнгө байршуулснаар улсынхаа төсөвт 156 тэрбум ам.долларын хохирол учруулдаг ажээ.
АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 15 орчим их наяд, дэлхийн хоёр дахь том эдийн засаг БНХАУ-ын жилийн төсөв 1 227 600 000 ам.доллар (2010 оны байдлаар) байдаг. Тиймээс энэхүү судалгаа оффшор байгууллагын зүг хийсэн бас нэгэн том цохилт болж байна.
Өмнө нь өөр бусад байгууллага ч гэсэн ийм төрлийн судалгааг олонтаа хийж байсан юм. “Credit Suisse Global Wealth Databook”-д “Оффшор хуулийн этгээдийн эзэмшилд дэлхий даяар нийтдээ 94.7 их наяд ам.долларын үл хөдлөх хөрөнгө байна” гэсэн дүгнэлт гаргаж байсныг “Oxfam” эх сурвалж болгон ашиглажээ.
Эдийн засаг нь гүнзгий хямарч байгаатай холбогдуулан хөгшин тивийн удирдагчид сүүлийн үед “татвараас бултагчидтай” ширүүн тэмцэл өрнүүлж байна. Татваргүй бүсэд нуусан хөрөнгийг илрүүлж, буцаан татаж чадвал хямралыг давахад нэмэртэй учир ийнхүү мөнгө олохоор зүтгэж байгаа юм. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо энэ талаар гурван жил гаруй хугацаанд цуглуулсан баримтаа дэлгэсэн нь чухамхүү энэ бодлоготой холбоотой байсан билээ. Европын холбоо нэгэнт ийм бодлого бариад эхэлсэн болохоор татваргүй байгууллагуудыг бүртгэдэг, үйлчлүүлэгчийнхээ хөрөнгийг нууцалдаг улсууд нүд үзүүрлэгдэж эхэлжээ. Тухайлбал, Швейцарь, Люксембург, Австрийг хатуухан шүүмжилж байгаа юм. Эдийн засгийн байдал нь харьцангуй тогтвортой Израиль улс мөн оффшор бүсийн эсрэг тэмцэлд нэгдээд байна.
Тус улсын Сангийн сайд Моше Кахлон хууль бусаар олж авсан хөрөнгө, татвараас зайлсхийгчидтэй тэмцэх кампанит ажил өрнүүлж байгаагаа зарлаж, ингэснээр 2017 онд зургаан тэрбум шекель (1.62 тэрбум доллар)-ийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон хэмээн мэдэгдсэн юм. Их Британид ч гэсэн татвараас зайлсхийгчдийн эсрэг кампани хэдийнэ эхэлсэн бөгөөд Кайман, Виржини, Нормандын арал, Гибралтарт дарамт үзүүлээд эхэлжээ.
Б.Цогт-Ирээдүй
ZINDAA.MN
URL: