С.Зоригийн хэрэг талийгаач Ш.Отгонбилэгт тохогдож, малчин, тогооч нар алуурчин болж төгсөх үү
С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шинэ оны өмнөхөн буюу 18 жилийн дараа шүүхээр дэнсэлсэн билээ. Тодруулбал шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимэгээ, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн хэмээн үзэж 24-25 жилийн хорих ял оноосон юм.
Тэгвэл УЕПГ-аас тэдний хэргийг тусгаарлаж, С.Зориг агсны амийг хөнөөх захиалга өгсөн этгээдийг илрүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Энэ талаар УЕПГ-аас “1998 оны аравдугаар сарын 02-нд Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлан шалгаж байна. “С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан” гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав” хэмээн мэдээлэв.
“Бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин, тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна”.
Олон жил ард түмний анхаарлын төвд байж, хүлээлт үүсгээд байсан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал болж, шүүгдэгч нарыг дэнсэлсэн ч энэхүү шүүх хурал эргэлзээ, таамаг төрүүлсэн хэвээр өнөөдрийг хүрээд байгаа. Учир нь шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын ар гэрийнхэн шүүх хүн амины хэргээр 25 жилийн ял сонсож, хоригдож буй Ц.Амгаланбаатарын мэдүүлгийг үндэслэн тэднийг буруутгаж, жирийн малчин, ногоочин хүмүүст эл хэргийг тохож байна хэмээн удаа дараа мэдээлж, хэргийн үнэн мөнөөр дэнслэхийг хүссээр байгаа юм. Мөн хохирогч болох С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун ч мөн шүүх хуралд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн шүүгдэгч нарт шүүх ял оноохдоо бусдын захиалгаар хэмээн тодотгосон нь ч олны анхаарлыг татсан.
18 жилийн турш улс төрийн нарийн зохион байгуулалттай хэрэг хэмээн үзэж шалгаж, мөрдөж байсан уг хэрэгт нэлээд олон улс төрчид холбогдож байсан ч эцэстээ жирийн иргэд хэргийг үйлдсэн болж, аавын хаалга татав. Харин хэргийг үйлдсэн этгээдүүдийг шүүх дэнсэлсэн атал өдгөө ийнхүү захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдаж байгаа нь мөн л олны эргэлзээг төрүүлэх болов.
Цахим ертөнцөд С.Зоригийн хэргийн захиалагчийг хэн болох талаар олон таамаг, хардлага хөвөрсөөр байна. С.Зоригийн хэрэгт шүүгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг Ш.Отгонбилэг агсны тогооч, малчин нар байсан гэх яриа ч гарсан. Тиймээс эл хэргийн захиалагчийг Ш.Отгонбилэг агсныг хэмээн үзэж, нас барсан хүнд хэргийг тохоод хаах сонирхол хэн нэгэнд байна. Ер нь оны өмнө болж өнгөрсөн шүүх хурал хэн нэгний найруулсан жүжиг байсан уу гэж хардах үзэх хүмүүс ч байгаа юм.
Хамгийн гол нь энэ хэргийн цаад захиалагчийг Ш.Отгонбилэг агсныг хэмээн үзэж байхыг үгүйсгэх аргагүй.
Талийгаач Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг 2015 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр өөрийн цахим хуудаснаа “Надад та бүхний туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн дараах ноцтой гэмээр мэдээллийг тавьсан юм. Тэрбээр “Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин, тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ” хэмээн тун ноцтой мэдээллийг хүргэж үүнийгээ олон хүнийг цааш нь дамжуулахыг хүсч байсан юм.
Гэтэл түүний энэхүү мэдээлэл цахим ертөнцөд гарахаас өмнө буюу 2015 оны наймдугаар сард Б.Содномдаржааг баривчилсны дараа тун удалгүй Т.Чимэгээг шалгаж эхэлснээр энэ хэргийн зохиол нь аль хэдийн бичигдээд эхэлчихсэн байжээ гэсэн дүр зураг харагдаж байх шиг.
Тэгвэл энэхүү зохиолыг бичиж найруулсан цаад эзэн буюу талийгаач Ш.Отгонбилэгийг захиалагч болгох сонирхол хэн нь байна уу гэдэг нь өнөөдөр мөн л анхаарал татаж байгаа юм.
Ямартай ч С.Зоригийн амь насыг бүрэлгэх захиалга өгсөн нууц ноёнтонг Ажлын хэсэг илэрүүлж, эл хэргийн оньсого бүрэн тайлагдах эсэхийг цаг хугацаа харуулах буй за.
24tsag.mn
URL: