Даргын сунгааг “Шонхор”, “Алтангадас” фракциуд ГАРТАА АТГАСАН УУ
Ардчилсан нам том уналтынхаа дараа хаа хаанаа шинэчлэл, шинэ салхи, шинэ даргын тухай ярих болсон.
Нам доторхи фракцууд ч эхнээсээ задарч, Нэг Ардчилалын Л.Гантөмөр, М.Батчимэг, Ж.Батзандан нар түүчээлэн фракцаас гарч буйгаа мэдэгдээд байсан билээ. Гэвч Шонхор, Алтангадас фракцуудын нөлөө одоо ч хүчтэй хэвээр байгаа учир их хурлаараа шийдвэрлэсэн намын даргын сунгаанд хуучны бохир аргаа хэрэглэж эхэлсэн гэх шуум тарж эхэллээ.
Ардчилсан нам өнгөрөгч сарын 6-нд Их хурлаа хийж, намын даргаа бүх гишүүдийн санал хураалтаар тодруулахаар болсон.
Ийнхүү 12 дугаар сарын 19-нд намын даргад өрсөлдөхөөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр, Аж үйлдвэрийн сайд асан Ж.Эрдэнэбат, НХХ-ын сайд асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар үнэмлэхээ гардаж авсан юм.
Харин Ардчилсан намын гишүүд санал өгөх эрхээ авахын тулд энэ сарын 6-наас өмнө бүртгэлд хамрагдах ёстой. Тэгэхээр санал хураалтад оролцох эрх бүхий гишүүдийн бүртгэл маргааш хаагдана гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэлд 18 мянган гишүүн бүртгүүлжээ. 160 мянга орчим гишүүнтэй гэгддэг энэ намын хувьд энэ бол тун чамлалттай тоо юм.
Хэрэв Ардчилсан нам дарга ердөө 18 мянган гишүүний саналаар сонгогдчихвол бусад 140 гаран мянган гишүүдийн үзэл бодол, эрх ашиг хөндөгдөнө. Үүнээс үүдэж Ардчилсан намын арай гэж намдаж буй дотоодын зөрчил дахин хурцдах өндөр магадлалтай юм.
Учир нь нийт гишүүдийн тал битгий хэл гуравны нэгд ч хүрэхгүй гишүүдээр сонгогдсон даргыг ХЭН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ВЭ? Яагаад санал өгөх гишүүдийн тоо ердөө л 18 мянгаар хязгаарлагдаж байна вэ?
Энэ талаар тодруулбал, аймаг, дүүргийн Ардчилсан намд одоо бүртгэлтэй байгаа гишүүдийн олонхи нь сунгаанд нэр дэвшигчдээс хэнийг дэмжих магадлалтай байна вэ гэдгийг харгалзан бүртгэлийг нээж, хааж байна гэх сураг дуулдлаа.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-нд болсон намын Их хуралд хэн төлөөлөгчөөр сонгогдон оролцохыг шийдсэн орон нутгийн нам, үүрийн дарга нар өдгөө намын даргын сунгаанд санал өгөх эрхтэй гишүүдэд хэн, хэн багтахыг мөн л багцалж байна гэсэн үг юм.
Ардчилсан намын даргад өрсөлдөгчдийн зарим нь тухайн аймаг, дүүргийн намын удирдлагуудыг алсаас хөдөлгөж, өөрийнх нь төлөө саналаа өгөх гишүүдийг бүртгэлд хамруулах, өөр нэр дэвшигчид элэгтэй хэсгийг бүртгэлийн гадна үлдээх хорыг найруулж эхэлжээ.
Үүнийг намд удаан хугацааны турш эрх мэдэл, нөлөөгөө тогтоосоор ирсэн “Шонхор”, “Алтангадас” фракци хийж байна гэх хардлага олон нийтийн дунд үүсээд байна. Учир нь энэ хуучны аргыг тэд л хэрэглэж чадна шүү дээ.
Одоогоор гишүүдийн бүртгэлийг хамгийн хатуу чандаар хааж байгаа нь Баянзүрх, Баянгол дүүрэг бол хамгийн их хэл ам дагуулж байгаа нь Хан-Уул дүүрэг гэсэн мэдээлэл байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын хувьд С.Эрдэнийн “гарын үсэг”-тэй хүмүүс олонх учраас энэ цул бүтцээ хадгалж байгаад санал хураалтаар түүнийг гаргаж ирэх тооцоотой. Харин Төв аймгийн Ардчилсан намын хувьд Н.Алтанхуягийг дэмжиж байгаа учраас одоогийн бүрэлдэхүүн дээр санал хураалт явуулах тохироотой. Гэх мэтээр тухайн орон нутгийн намын дарга “Алтангадас”, “Шонхор” хоёрын алийг дэмжиж байгаагаас гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн хувь заяа, цаашлаад санал хураалтын дүн хамаарах нь тодорхой болжээ.
Тэгэхээр Ардчилсан намын шинэ даргын сонгуулийг дээрх хоёр фракци удирдах болж байна.
Монголын хоёр дахь том улс төрийн хүчин гэгддэг Ардчилсан намын Их хурал, намын даргын сунгаа нийт гишүүдийн хувьд өөрчлөлт, шинэчлэлийн эрин үе, гэрэл гэгээ байсан гэхэд хилсдэхгүй. Олон мянган залуус намын хөгшчүүлээсээ салж, шинэ залуу үеэ дэмжихийг уриалж байсан. Харамсалтай нь өнөөх л бугшмал, хорт идээнээсээ салж чадахгүйд хүрчээ.
Олон нийт Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын хэн нэг нь намын даргаар сонгогдохгүй бол Ардчилсан намыг шинэчлэгдсэнд тооцохгүй хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм.
Намын даргын сонгууль энэ сарын 28-нд болно. Өөрчлөлт шинэчлэлийн төлөө дуугарч, зүтгэж буй нь сайн хэрэг. Гэвч хуучин байраа тойрч эргээд байвал МУГЖ Д.Сосорбарамын хэлдгээр энэ нам тарсан нь дээр. Ардчилсан намын 160 мянган гишүүн Н.Алтанхуяг эсвэл С.Эрдэнийг намын даргаараа сонгож, өнгөрсөн рүү гээ буцах хүсэлтэй байна гэвэл хэн ч итгэхгүй шүү дээ.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
URL: