Амны хаалтаас атомын цахилгаан станц хүртэлх бантан

9a23bbd9766eeadd03fcaf6ca41a7b7cОны өмнө утаа гамшиг болсныг гэнэт мэдэв үү гэлтэй хэдэн хүн өрөөндөө дуудаж үүрэгдсэнээ Ерөнхий сайд маань мартаагүй яваа бололтой. Угаасаа нэг нас нэмээд л мартчихвал онигоо болохоор жүжиг тавьчихсан л даа.

Оны онцлох хүн, шилдгийг тодруулах, тодрох хоббитой болсон улстөрчдийн дунд “Засгийн газрын хамгийн шилдэг жүжиг” гэдэг номинациар шилдгийг тодруулсан бол лав энэ үзэгдэл торойж гарах байсан биз.
Араас нь цагаан захтнууд шат шатандаа жүжиг тавьж, шоу хийсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар албаны баахан хүмүүс дагуулаад өрхийн эмнэлгүүдээр амны хаалт тараав. Амны хаалт тараахад дарга ямар хэрэгтэйг тайлбарлахад хэцүү. Урлаг соёлынхон ч Л.Төмөрбаатар даргаас жишиг авсныг тэмдэглэе.
Энэ зуур ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл удаан хүлээлгэсэнгүй хэвлэлд өгсөн ярилцлагаараа дамжуулан Ерөнхий сайдад “атомын цахилгаан станц баръя” гэдэг санал тавив.
Улаанбаатарын утааг нэг мөр шийдвэрлэх арга бол тодорхой гэдэг. Үүнийг Монголын эрдэмтдээс, тэр тусмаа Ж.Батсуурь сайдаас асуух ямар ч шаардлага байгаагүй. Нэг бол нийслэлийн бүх өрхийг орон сууцжуулна, үүнд олон жил шаардлагатай, эсхүл ямар нэг аргаар хотыг бүхэлд нь хийгээр хангахаас өөр замгүй.
Дэлхий дээр байгаа утаанаасаа салсан томоохон хотуудын шийдэл ердөө л энэ хоёрын аль нэг байдаг. Үүнээс өөр оновчтой шийдэл байхгүй гэдэг нь манай хэтэрхий мэргэн жараахайнуудын өнгөрсөн он жилүүдэд сэдэж хэрэгжүүлсэн ямар ч үр дүн өгөөгүй элдэв, төсөл хөтөлбөрөөс тод харагдаж байгаа юм. Мэргэн жараахайнууд гандан буурсангүй ээ, дахин нэг санаа сэдэж олоод хэрэгжүүлж эхлэв.
Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах” шийдвэр гаргасан. Шөнийн цагт нүүрс, түлшнээс татгалзаж, цахилгаан эрчим хүчээр орон гэрээ халаахад нь боломж олгож байгаа уг санаа нь зөв юм. Харамсалтай нь дутуу дулимаг шийдвэрийн араас бөөн асуудал урган гарч эхэллээ.
Шийдвэр нь гарсан ч холбогдох газраа тушаал нь ирээгүй учир тэглээгүй байгаа л гэнэ. Айл өрхүүд стандартын шаардлага хангасан, баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байж цахилгааны төлбөр нь 100 хувь тэглэгдэнэ л гэнэ. Тэр сүрхий тоолуурыг нь хайж олоход урдаас нь 60 гаруй мянган төгрөг нэхэж байгаа гэнэ. Тоолуураа тавиулчихаар эрчим хүчний байцаагч нар хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх шаардлага өөдөөс нь тавиад суучихна.
Ингэж ингэж эцэс сүүлд нь тэглэгдсэн тарифаар орон гэрээ халаахын тулд халаагуур нь хэрэгтэй болно оо доо. Сураг сонсох нь ээ улстөрчдийн гүйлгээ ухаан энд л ажиллаад эхэлсэн бололтой. Шөнийн тарифт тоолуурт тохирсон зориулалтын халаагуур иргэдэд шахах төлөвлөгөө цаагуур чинь ажил хэрэг болоход ойрхон байна гэнэ. Нөгөө л төслийн зуух, утаагүй зуух хэмээн төсвийн мөнгийг үрэн таран хийсэнтэй агаар нэг зүйл л дээ.

Ээ дээ энэ улстөрчид үү

Сошиалд энэ талаар “Ээ мэдэхгүй бас л сенсаци төдий л өнгөрөх байх төсөвлөсөн мөнгө нь байхгүй, төлөвлөсөн ажил нь ч байхгүй, худлаа ярьж бусдыгаа буруутгаж, босож сууж дуугарч цөхөж янцаглаж байх хооронд хавар болоод жамаараа утаа алга болж, дараа нь үр дүн гарлаа утааны хувь багаслаа гээд эргээд өвөл болохгүй юм шиг л ярих байхдаа” гэх мэтчилэн эргэлзээ тээнэгэлзээ дүүрэн сэтгэгдлүүд хөвөрсөөр.
Дэлхийн банкны санхүүжилтээр 2012 оноос хойш “Улаанбаатар-Цэвэр Агаар Төсөл” хэрэгжиж байгаа. Энэ төслийн нийт санхүүжилт 13 орчим сая ам.доллар байснаас одоогоор 2.6 сая ам.доллар үлдээд байгаа гэнэ. За үүн дээр нь л манай улстөрчдийн хорхой хөдлөөд байгаа бололтой. Энэ мөнгийг юунд зарцуулахаа Дэлхийн банканд уламжлахад өөдөөс нь “ганц компанийн үйл ажиллагааг дэмжиж, санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт хийх нь төслийн үндсэн зорилгод нийцэхгүй байна” гэсэн хариуг өгсөн аж.
Ганц Дэлхийн банкны төсөл ч биш 2017 онд агаарын бохирдлыг бууруулах ажилд Улсын төсвөөс ТАВАН ТЭРБУМ, Нийслэлээс ГУРВАН ТЭРБУМ 150 сая төгрөг зарцуулах аж. Энэ мөнгөнөөс ямар нэг ухаалаг зуухны хэрэглээг нэмэгдүүлэхэд 1 тэрбум нь, агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлах судалгааны ажилд 600 сая нь лав хийсэн одох нь тодорхой болсон байна.
Энэ олон тэрбум төгрөг дараа өвөл гэхэд салхинд хийсэж дуусаад, нийслэлчүүд утаатайгаа дахин золгоход манай дарга, улстөрчид харин ямар гээчийн мэргэн санаа сэдэж олох бол оо?

dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих