Америкийг нулимсан Р.Дутерте Хятадад тал засах болсны ЦААД ШАЛТГААН

rodrigo_duterte

Номхон далайн бүс нутагт ашиг сонирхлоо өргөжүүлэх АНУ-ын сонирхолд Филиппин улс гай болж мэдэхээр байна. Филиппиний Ерөнхийлөгч Р.Дутерте  Бээжинд албан ёсны айлчлал хийх мөчид Манила дахь АНУ-ын ЭСЯ-ны гадаа олон мянган иргэн жагсч, нутаг дэвсгэр дээрээ цэргийн бааз байрлуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан билээ. Энэ давхацлыг санамсаргүй зүйл биш гэж үзэх ажиглагч олон байна. Бүр тодруулбал, АНУ-ын ЭСЯ-ны өмнө болж, гурван хүний амь үрэгдэн дэлхий нийтийн анхаарлыг татсан жагсаалыг эрх баригчдын зориуд зохион байгуулсан үйл ажиллагаа гэж харж байгаа юм.

 

АНУ Иракаас цэргээ гаргах шийдвэр гаргасныхаа дараа анхаарлаа Ази Номхон далайн бүс нутаг руу хандуулах болсон билээ. АНУ-ын эрх баригчид улс орных нь ирээдүй энэ бүс нутгийн орнуудтай хэрхэн харилцахаас шууд шалтгаална гэж үздэг. Тийм ч учраас 2011 оны арваннэгдүгээр сард Дарвин арал дахь цэргийн баазаа өргөтгөх тохироог хийсэн юм. “Бид батлан хамгаалах салбарынхаа төсвийг танаж байгаа ч энэ нь Ази Номхон далайн бүс нутагт ашиг сонирхлоо өргөжүүлэхэд нөлөөлөхгүй. АНУ энэ бүс нутгийн хувь заяаг шийдэхэд голлох үүрэгтэй оролцсон хэвээрээ байх болно. АНУ-ын цэргийн ажиллагаа Ирак, Афганистанаас хөндийрч Ази руу чиглэж байна. Ялангуяа Зүүн өмнөд Азид ихээхэн анхаарал хандуулж, бүс нутгийн тэнцвэрийг хадгалахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа. Надад үндэсний аюулгүй байдлаа хангах өөрийн гэсэн бодол бий. Үүнд Ази Ноихон далайн бүс нутагт байршуулсан цэргийн баазууд маань чухал ач холбогдолтой юм. Тиймээс АНУ Батлан хамгаалах салбарынхаа төсвийг танахгүй. Би дахин хэлье, Ази Номхон далайн бүс нутагт ашиг сонихлоо бэхжүүлэхэд төсвийн таналт ямар ч нөлөө үзүүлэхгүй. Бид Бээжинтэй хамтран ажиллах өөр олон арга замуудыг хайх болно” гэсэн Б.Обамагийн мэдэгдэл шууд БНХАУ-ыг шууд заналхийлсэн утгатай гэдгийг тэнэг хүн ч ойлгохоор байсан. Б.Обамагийн “өөрийн гэсэн бодол” гэж тодорхойлсон шинэ бодлогын амин сүнс нь  Өмнөд Хятадын тэнгист ашиг сонирхлоо илэрхийлдэг Филиппин, Вьетнам, Тайвань, Малайз, Бруней  зэрэг улсыг “сумлаж”, цэргийн баазаа байршуулах явдал байсан юм.

 

Өмнөд Хятадын тэнгис нь Номхон далайн БНХАУ, Тайвань, Вьетнам, Малайз, Бруней, Филиппиний дунд оршдог хэсэг. Газар доорхи баялаг ихтэйгээс гадна цаг уурын тааламжтай бүсэд орших учир Өмнөд Хятадын тэнгис орчмын улс орнуудаас  жинхэнэ байгалийн гоо үзэсгэлэнг тольдож болох юм. Үүнээс гадна усан тээврийн гол замуудын уулзварт оршдог бөгөөд Зүүн өмнөд Азийг Энэтхэг, Африк, Австралийг холбох гол зангилаа юм. Дэлхийн далайн тээврийн  тал нь Өмнөд Хятадын тэнгисээр дамжин хийгддэг гэхээр АНУ, БНХАУ болон бусад улс яагаад энд нөлөөгөө бэхжүүлэх гээд байгаагийн учир илүү ойлгомжтой болох болов уу. Б.Обама Индонезийн Парламентын гишүүдэд хийсэн мэдэгдэлдээ “БНХАУ-тай эдийн засаг болон бусад чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно. Гэхдээ хүний эрх, жилд таван триллион ам.долларын худалдаа дамжин өнгөрдөг Өмнөд Хятадын тэнгисийн аюулгүй байдлын асуудлаар нээлттэй ярих хэрэгтэй” гэж мэдэгдэж байсан удаатай.

 

Үнэндээ ч Англи, Япончууд л “Өмнөд Хятадын тэнгис” гэж нэрлэдэг болохоос бусад улс орнууд янз бүрээр нэрлэдэг. Хятадууд Өмнөд тэнгис гэдэг байхад вьетнамчууд Зүүн тэнгис, филиппинчүүд Баруун Филиппиний тэнгис гэх жишээтэй. Энэ нэршлийн асуудал ч хямралд нөлөө үзүүлж байгаа нь тодорхой. Олон нэртэй энэ тэнгис ер бусын сонин гайхалтай, эмзэг экосистем бүхий 250 гаруй шүрэн аралтай. АНУ-ын Эрчим хүчний агентлагаас Вьетнамын талаар гаргасан тайланд Өмнөд Хятадын тэнгис нь долоон тэрбум баррель нефтьтэй гэж тогтоосон. Энэ нь Японы стратегийн нөөцөөс 13 дахин (стратегийн нөөц 530 сая баррель) их буюу 199 өдрийн хэрэгцээг хангахад хүрэлцээтэй хэмжээ юм.  Харин БНХАУ 213 тэрбум баррель нөөцтөй гэсэн илүү өөдрөг таамаглал гаргасан байдаг. Вьетнамын геологчидын хамгийн сүүлд хийсэн судалгаагаар Вьетнамын эрэг орчимд шууд олборлолт хийх боломжтой 10 орчим тэрбум тонн нефть, нэг их наяд м3 байгалийн хийн нөөц байгаа нь тогтоогджээ. Мэргэжилтнүүд энд нефтиэс гадна алт, зэс, цинк, манганы нөөц байгаа гэж үздэг. БНХАУ одоохондоо Австрали, Монголоос нүүрс, Африкийн орнуудаас уран импортлон хэрэгцээгээ хангаж байна. Гэсэн ч эрчим хүчний хомсдолд орж эхэлсэн тул Өмнөд Хятадын тэнгис дэх баялгийг ашиглах нь тэдний хувьд зайлшгүй хийх ёстой алхам гэдэг нь одоо тодорхой болсон. Харин АНУ үүнд аль байдгаараа саад болохыг хичээх нь мөн л ойлгомжтой юм.

Энэ бүс нутагт оршдог улс орнууд ХХ зууны дунд үед хил хязгаараа тогтоох талаар их ажил хийж, муудаж сайдан завгүй байцгаасан ч Өмнөд Хятадын тэнгисийг хэрхэн эзэмших талаар юу ч хийж амжаагүй юм. Гэхдээ 1960-аад оны сүүлээс эхлэн ойролцоо орших арлуудаа өмчилцгөөн БНХАУ-тай зөрчилдөж эхэлсэн нь одоо ч үргэлжилсээр байна. Тиймээс Б.Обама энэ зөрчил дээр нь дөрөөлөн нөлөөгөө тогтоох оролдлого хийж байгаа нь тийм ч гайхмаар зүйл биш билээ. Тэрээр зорилгоо биелүүлэхийн тулд хамгийн түрүүнд Австралийн хойд эрэгт цэргийн баазаа байгуулсан гэдгийг нийтлэлийн эхэнд өгүүлсэн. Харин дараа дараагийн бай нь Вьетнам, Филиппин байв. Б.Обамагийн уйгагүй хүчин чармайлтын хүчээр вьетнамчууд БНХАУ-тай хилийн маргаан үүсгэх болгондоо АНУ руу утасдаж тусламж эрдэг төвшинд оччихсон. Харин дараагийн бай нь яахын аргагүй Филиппин байсан бөгөөд Минданао аралд бааз байгуулж чадсан. Гэтэл Р.Дутерте гэж нөхөр гарч ирснээс болж Б.Обама БНХАУ-ыг Өмнөд Хятадын тэнгис талаас “бүслэх” төлөвлөгөөгөө дуусгаж амжилгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгах болж байх шиг байна.

Р.Дутерте АНУ-аас хөндийрнө, Минданао арлаас цэргийн баазыг нь гаргана гэдгээ хэлсэн. Хятадууд түүнд зөвхөн эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүд санал болгоод зогсохгүй хоёр улсын хооронд дахь газар нутгийн маргаантай бүс болох Скарборо арлын талаар баримтлах байр сууриа зөөлрүүлэхээ амалсан нь Р.Дутертегийн хэлсэн зүйл тэдэнд тун ч таалагдсаныг илтгэнэ. Филиппин загасчдын байнга очдог уг арлыг БНХАУ хамгаалалтдаа авч, орохыг нь хориглоод байсан юм. Харин одоо тодорхой нөхцөлтэйгөөр загасчлахыг зөвшөөрч, энэ асуудлыг шийдэх ажлын хэсгийг хамтран байгуулахаар болсон тухай нэрээ нууцалсан эх сурвалж “Ройтерс” агентлагт мэдээлсэн байна.

Филиппиний Ерөнхийлөгч урд хөршид очоод CCTV-д өгсөн ярилцлагадаа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг дахиад доромжилсон төдийгүй “Миний өвөө хятад хүн байсан. Зөвхөн Хятад улс л бидэнд тусалж чадна” гэсэн нь АНУ Филиппинийг алдсан гэдгийг байж болох хамгийн дээд хэмжээнд илэрхийлсэн хэрэг. Тэр ч байтугай “Хятадтай ойртлоо гэж АНУ бидэнд зэвсэг нийлүүлэхээ больж магадгүй. Гэвч бид түүнийг нь Бээжин эсвэл Москвагаас авчихаж болно” гэх мэтээр үл тоосон мэдэгдлийг ар араас нь угсруулан хийсэн юм.

Одоо Вашингтон Өмнөд Хятадын тэнгист ашиг сонирхлоо илэрхийлэх тэмцэлдээ Филиппинийг нэгтгэхийн тулд Р.Дутертег зайлуулахаас өөр арга үлдсэнгүй. “Social Weather Stations”-ы хийсэн судалгаагаар филиппинчүүдийн 22 хувь нь л БНХАУ-ыг гол хамтрагчаа гэж үздэг болох нь тогтоогдсон бөгөөд 76 хувь нь АНУ-д илүү итгэдэг гэсэн дүн гараад буй. Тиймээс Р.Дутерте нутагтаа очоод багагүй шүүмжлэл хүлээх нь тодорхой. Гэхдээ суудлаас нь буулгахаар тийм хүчтэй байж чадах уу гэдэг л тодорхойгүй үлдэж байна.

Манилад болсон жагсаалын үеэр цагдаагийн автомашин жагсагчид руу шууд дайран орж хүний амь хөнөөсөн. Энэ явдал Р.Дутертед ашигтай туссан нь жагсаалыг эрх баригчид зохион байгуулсан байж магадгүй гэсэн сэжгийг төрүүлж байгаа юм. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг, “Үндэстэн” холбооны тэргүүн Ренато Рейес “Энэ бол жигшүүртэй хэрэг. Ерөнхийлөгч маань олон улсын тавцанд АНУ-ын нөлөөнөөс гарахаар тэмцэж яваа. Гэтэл бид энд ингээд байж байдаг. Цагдаа нар яг л Вашингтоноос даалгавар авсан цөөврүүд шиг ажиллалаа” хэмээн хэлснийг орон нутгийн хэвлэлүүд уралдан мэдээлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дээр өгүүлсэн 22 хувь өсч, Вашингтоныг дэмждэг 76 хувь буурах үйл явц эхэлжээ.

 

С.Төгөлдөр

zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих