Улаанбаатарын утааны өнөөгийн байдалд хүрч байсан Лондон хотын туршлагыг ашиглаач эрх баригчид аа

Утаанбаатар болсон Улаанбаатараа аврах хөдөлгөөн өрнүүлье

d35c47362c10ba618cfa2fe21ff737ea

Утаанбаатар хот боллоо хэмээн манай үе үеийн Засгийн газрууд утаатай тэмцэж өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд 132.5 тэрбум төгрөг зарцуулсан ч өнөөх утаа жил ирэх тусам нэмэгдэж нийслэлчүүд угаартаж, хордсоор л дахин нэг өвөлтэй золгоод байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшиг болсон гэдгийг эхийн хэвлийд байгаа ургийн хөгжилд хэрхэн нөлөөлж буй судалгаанаас л харахад өвлийн улиралд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их гэсэн ганцхан баримт л үүнийг нотолно. Бид өнгөрсөн жилүүдэд чамгүй их зардал гаргаж утаатай тэмцлээ, бас утаа нэрийн дор төрийн түшээд сая саяар мөнгө завшлаа, утаа бууруулах ажил ямар ч үр дүн гарахгүй байна гэж олон жил шүүмжлэл өрнүүллээ. Харин нийслэлийн утаа биднийг улам бүр хордуулсаар л хүүхэд хөгшид гэлтгүй гэр хорооллын иргэд, утаа их тогтдог байршилд амьдардаг иргэдийн эрүүл мэнд хохирсоор л байгаа нь эмгэнэлтэй…

Гэр хорооллын тухайн хороонд иргэдийн сайн дурын хамтлаг, хөдөлгөөн бий болгож утааг бууруулах талаар газар дээр нь арга хэмжээ авдаг, зөвлөдөг, тусладаг ажил үйлсийг дэлгэрүүлж, дэмжиж ажиллах шаардлагатай байна. Улаанбаатар хотын утаа хүний эрүүл, амьд явах эрхийг зөрчиж, ямар аюултай түвшинд хүрээд байгаа, нэгэнт бий болсон гамшигтай хэрхэн тэмцэх, иргэн бүр утаанаас яаж урьдчилан сэргийлэх, үр хүүхдээ яаж хамгаалах талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдсэн мэдээлэл, сурталчилгаа, танилцуулга түгээх нь чухал байна.

Улаанбаатарт агаарын бохирдол хүлцэх түвшнээс хальж, дэлхийн дунджаас даруй 5-6 дахин их болжээ. Энэ хорт утааны 80 гаруй хувийг түүхий нүүрс түлдэг айл өрхийн хэрэглээнээс гарч байгаа гэдэг нь тодорхой болсон. Харин үлдсэн хувь нь авто машины шатах, тослох материал болон бусад шалтгаанаас үүсэлтэй. Нийслэлчүүд жилийн зургаан сард нь утаан дунд амьдрах болсоор 20 шахам жил өнгөрөөсөн гэхээр хэчнээн хүн ямар байдлаар хордоод байгааг таашгүй. Бодит судалгаа хийж үзвэл тэртээ 65 жилийн өмнө Лондонд тохиолдсон гамшгаас ч хэд дахин илүү байж ч болзошгүй юм.

Утааг нэгэн жарны өмнө шийдэж байсан түүх бий…

Өнгөрсөн ХХ зууны 1952 оны өвөл утаа тортогны гамшгаас болж хоёр долоо хоногт 4000, хэдхэн сарын дотор 12 мянган хүн амь насаа алдсан гашуун түүхийг өнөөдөр Лондон хотынхон төдийгүй дэлхий нийт мэднэ. Харин өнөөдөр 21 дүгээр зуунд энэ гашуун түүх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод давтагдах бүх нөхцлийг өнгөрсөн 20 гаруй жилд бүрдүүлээд байна бус уу…

Лондон хот 1948 онд олимпийн наадам зохион байгуулсан, 8 сая гаруй хүн амтай дэлхийн хөгжилтэй хот гэдгээ харуулсан хэдий ч хэт их төвлөрөл, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдээгүй л байв. Тухайн үед энэ хотын айл өрх, пүүс компани, байгууллага, үйлдвэрүүд нь түүхий нүүрсээр дулааны асуудлаа шийдэж байсан нь өнөөгийн Улаанбаатар шиг гэж болно. Лондон хотын агаарын бохирдлын асуудал 1930-аад оноос эхэлж 1952 онтой золгосон гэхээр бас л манайхтай адил 20 гаруй жилийн дараа гамшигт аюул болж хувирсан хэрэг.

Энэ хугацаанд лондончууд хорт утааны асуудлаар хотынхоо захиргаанд хэд хэдэн удаа гомдол гаргаж, гарын үсэг цуглуулах зэргээр тэмцэж ирсэн ч Английн засгийн газраас дорвитой арга хэмжээ авалгүй байсаар 1952 оны 12 дугаар сард хэний ч төсөөлөөгүй гамшиг тохиож хоёрхон долоо хоногт 4000 хүн утаанд хордож амиа алдсан түүхтэй. Энэ үеэр хотын цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклонд орж ямар ч салхигүй болсноор Лондонг өтгөн хар утаа бүрхэж, өдөр шөнө ялгагдахгүй болжээ. Үзэгдэх орчин 50 см дотор хязгаарлагдаж, сургууль цэцэрлэг, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьж, хүмүүс байр, сууцандаа утаа орохоос сэргийлж онгорхой бүхнээ битүүмжилж байсан гэдэг. Гэсэн хэдий ч хүмүүс орон гэртээ нүүрсний утаанд хордож, зарим нь орондоо амиа алдсан бөгөөд тэдний 78 хувь нь хүүхэд, хөгшид болон жирэмсэн эхчүүд байв. “Үхлийн утаат хөшиг” буусан энэ өдрүүдэд шувуу хүртэл зүг чигээ олохгүй байшин барилга мөргөж, үхэж байсан гэдэг.

Түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн энэ хар өдрүүдийн дараа л Английн Засгийн газар арга хэмжээ авч эхэлсэн байна. Эрх баригчид Цэвэр агаарын хууль баталж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг дэс дараатай авч уг хуулиа хэрэгжүүлснээр дөрөвхөн жилийн дараа агаарын бохирдлоос бүрэн ангижирч чаджээ. Тэд ийм богино хугацаанд агаарын бохирдлоос салсан амжилтын нууц гэвэл түүхий нүүрсний хэрэглээг хуульчлан хорьж, цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжиж, томоохон үйлдвэрүүдийг хот болон хүн амын суурьшлын бүсээс гаргаж, цахилгаан станцуудыг дэс дараатай хотоос зайдуу нүүлгэсэн нь үр дүнд хүрчээ.

Лондонд “Агаарын хяналтын бүс”-үүд бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэснээр агаарын бохирдол буурсаар утаагүй хот болсон түүхтэй. Мөн Засгийн газраас өрх бүрт 100 хувийн дэмжлэгээр өндөр хүчин чадал бүхий, цахилгаан бага зарцуулдаг халаагуур суурилуулахын зэрэгцээ байгалийн хийгээр халдаг зуухтай болсон байна. Харин өдгөө Лондон хот 1939 оноос хойш өдийг хүртэл дэлхийн топ 10 хотын нэгээр нэрлэгдэж байгаа төдийгүй боловсрол, нийгэмд эзлэх байр суурь, технологи шинжлэх ухааны өсөлт нь Лондонг өнөө цагийн хамгийн шилдэг хотоор нэрлэхэд хүргэжээ.

Хотын хорт утаа хаанаас бий болов?

Бид энэ туршлага, сургамжаас санаа авч тодорхой хууль, шийдвэрийг даруйхан гаргахгүй бол хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хөнөөл учруулах болсон энэ хорт утааны гамшиг улам бүр газар авах бус уу …
Химийн хорт бодис агуулсан холимог тортогоос бүрдсэн утаа нь хотын агаарыг бохирдуулдаг бөгөөд Лондонгийн болон Лос Анжелесийн гэсэн хоёр хэв шинжит хорт утаа байдгийг дэлхий нийт онцолсон байдаг. Лондонгийн гэх утаа нь өвлийн улиралд бий болдог хорт утаат манан юм. Энэ нь түүхий нүүрсний утаа, үнс нурам, тоосонцороос үүдэлтэй өнөөгийн Улаанбаатарын утаа гэж болно. Харин Лос Анжелесийн хэмээх хорт утаат манан нь зуны улиралд тохиолддог байна. Энэ нь нарны туяанд урвалд орсон хүнд болон химийн үйлдвэрийн хаягдал бүхий хорт бодис, автомашины утаа зэргийн нийлмэлээс бүрэлдсэн тоос тортогтой манант утааг үүсгэдэг байна.

Улаанбаатар хотын хувьд PM 2.5 буюу үл үзэгдэгч тортог, хүнд металлтай барьцалдан хүний амьсгалын замын эрхтэнгээр дамжин биед нэвтэрч, уушги хордуулж улмаар зүрхний цусан хангамжийн дутагдалд оруулж, амь насанд аюул учруулах түвшинд хүрээд байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Бид утааны асуудлыг шийдэх бодлого боловсруулж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүйг өнөөдрийн бодит байдал тодорхой харуулна. Нийслэлийн утааны хор хөнөөлийг шүүмжлээд суух биш нэгэнт бий болсон гамшигтай хэрхэн тэмцэж, утааг бууруулах, хүүхэд, настнаа болон иргэдээ хорт утаанаас яаж хамгаалах талаар тодорхой ажлыг хэрэгүүлж Утаанбаатар хотоо Улаанбаатар хотоор үлдээх нь эн тэргүүний зорилт юм.

Утаанаас ангижрах боломжоо олж харцгаая!

Иргэн, байгууллага бүр утааг бууруулахын төлөө юу хийж чадах, иргэн таны оролцоо, хувь нэмэр юу байж болох, аж ахуйн нэгж, байгууллага компаниудаас ямар санал, санаачлага гаргаж ажиллах талаар хот даяараа утааг бууруулах хөдөлгөөн өрнүүлэх цаг иржээ.

Гэр хорооллын тухайн хороонд иргэдийн сайн дурын хамтлаг, хөдөлгөөн бий болгож утааг бууруулах талаар газар дээр нь арга хэмжээ авдаг, зөвлөдөг, тусладаг ажил үйлсийг дэлгэрүүлж, дэмжиж ажиллах шаардлагатай байна. Улаанбаатар хотын утаа хүний эрүүл, амьд явах эрхийг зөрчиж, ямар аюултай түвшинд хүрээд байгаа. Иймд нэгэнт бий болсон гамшигтай хэрхэн тэмцэх, иргэн бүр утаанаас яаж урьдчилан сэргийлэх, үр хүүхдээ яаж хамгаалах талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдсэн уриа сурталчилгаа, танилцуулга, мэдээлэл түгээх нь хамгаас чухал байна.

Монгол Улс гурван сая гаруй хүн амтай, өргөн уудам нутагтай орны хувьд утаа, агаарын бохирдлоос иргэд нь эрүүл мэндээр хохирч, амь насаа алдахад хүрч байгаа нь төрийн харалган бодлого, жинхэнэ эмгэнэл гэхээс өөр аргагүй юм.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн оны сүүлээр Төрийн ордонд “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнэ тарифыг бууруулах, айл өрх цахилгаанаар халаалтаа шийдэж байгаа тохиолдолд шөнийн цахилгааны урамшуулал олгох, авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Евро 4, 5 стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, 7-оос дээш насжилттай авто машины импортыг үе шаттай хязгаарлах, авто машины улсын үзлэгийн оношлогооны чанарыг сайжруулж, хорт утаа үйлдвэрлэдэг авто машиныг нийслэлд явуулахгүй байхыг оролцогчид дэмжсэн. Мөн авто машины дугуй, хуучин муу гутал түлдэг эмзэг бүлгийн зорилтот айл өрхийг сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах зэрэг арга хэмжээг авах шаардлагатайг ч сонордуулж байв. 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шөнийн эрчим хүчний тарифыг тэглэхээр Засгийн газраас шийдвэр гаргасан. Энэ боломжийг иргэд зөв ашиглах ёстой. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг яаралтай хийж, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, түүхий нүүрсний үнийг бууруулах, бүрэн шаталтат сайн нүүрсээр хангах шаардлагатай байгааг онцолсон юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд мөнгө санхүүгийн дэмжлэг чухал үүрэгтэй. Харин 2017 онд агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс таван тэрбум, нийслэлээс гурван тэрбум 150 сая, “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-өөс 2.6 сая ам.доллар зарцуулахаар болсон. Үр дүнг нь нийслэлийн иргэд харж хүлээж байгаа.

Нэг удаад утааг сааруулах боломжийг ашиглая!

Өнөөдөр нийслэлд гэр хорооллын 190 мянга шахам айлын зуухнаас хорт утаа суунаглаж байна. Нийслэл хотыг хорт утааны гамшигт хүргэж байгаа гол эх сурвалж нь энэ түүхий нүүрсний утаа тортог гэдэгтээ хэн ч маргахгүй болов уу?

Энэ жилийн хувьд хамгийн их утаатай байгаа дүүрэг, хороодын айл өрхүүдэд энэ их хөрөнгөнөөс тодорхой хувийг гаргаж, тэдэнд орчин үеийн цахилгаан халаагуур түгээж, хэрхэн ажиллуулах зааварчилгааг нь өгч, хариуцлага хүлээлгэхэд л утааны тодорхой хувийг бууруулахад чамгүй нэмэр болох бус уу…

Үргэлжлэл бий…

Д.Өлзий

dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих