Э.Ууганбаяр: Хүссэн болгон нь шалиг дүр бүтээж чадахгүй шүү дээ
Тал бүрийн авьяастай, эрч хүчтэй, сэргэлэн цовоо жүжигчин Б.Ууганбаяртай ярилцлаа.
Хоёр дахь жилдээ “Авьяаслаг монголчууд” шоуг хөтөллөө. Хөтлөгчөөр ажиллах санал хэн тавьж байв?
Юуны өмнө танай сайтын уншигчдад өдрийн мэнд хүргэе. “Авьяаслаг монголчууд” шоу маань хоёр дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Миний хувьд хөтлөгчийн сонгон шалгаруулалтанд орж хэд хэдэн ярилцлагын шалгалт өгч байж тэнцсэн. Шоуны бүрэлдэхүүн хөтлөгч хийх хүнээ сонгоод зургаан сарын турш судалдаг юм билээ. Ар гэрийн байдал, гэрлэсэн салсан сарнисан, ер нь хэр тууштай хүн бэ гээд л. Мөн өөрийнх нь хийсэн уран бүтээлийг хүртэл судалсан. Миний хувьд өөрийнхөө санааг санхүүгийнхээ нөхцөл боломжинд тааруулж хийсэн хэд хэдэн уран бүтээлтэй. Ямартай ч намайг худлаа ярихгүй гэж бодоод итгэл хүлээлгэсэн болов уу.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шоунаас юу сурав?
Би хамгийн түрүүнд Ч.Номин захиралд, “Би маш сайн баг хамт олонтой ажиллаж үзмээр байна. Чөлөөт уран бүтээлч миний хувьд хамт олноос суралцана гэдэг чухал” гэж хэлсэн. Эхний долоо хоногоос эхлээд л хөтлөгч бүхэн хувьдаа продюсертэй болсон. Ажлууд, хоол унд, зүс царай, хувцас хунар бүх л зүйлийг зохицуулж өгдөг. Мэргэжил мэргэжлээрээ юмыг хийх гэдэг хамгийн том амжилт байдаг юм байна гэдгийг энэ баг хамт олноос харж чадсан. Үнэхээр сайхан баг хамт олонтой ажиллаж үзлээ, маш их зүйлийг сурлаа гэж хэлсэн. Залуу хүн юм чинь цаашдаа өөрөө төсөл удирдаад явахад ч хэрэг болохуйц, их зүйл сурсан.
Хөтлөгчөөр ажиллах хугацаандаа хувийн уран бүтээлээ хийх боломж байсан уу?
Шоуны багт ажиллахад хориотой хэд хэдэн зүйл байсан. Архи тамхи, согтууруулах ундааны рекламанд тоглож болохгүй, нүцгэн шалдан эротик сцень бүхий рекламанд тоглож болохгүй гээд. Миний өөрийн тоглодог дүрүүд тийм талдаа болохоор надад сануулж байсан. Тэгээд бусад зүйлүүдийг бол ажлаа зохицуулж амжуулж чадаж л байвал нээлттэй гэж зөвлөсөн л дөө. Өнгөрсөн жил би “Зургаа дахь хүсэл” киногоо хийсэн. Энэ жил гэрээндээ захирагдаад ямарч ажил хийгээгүй. Ямартай ч нэг ажлаа тууштай хийе гэж бодсон. Одоогоор жүжигчнийхээ карьерыг түр зогсоогоод байна.
Манайд телевизийн шоу нэвтрүүлэг тоотой хэдхэн л байдаг. Зохион байгуулалтын хувьд ч дутуу дулимаг. Харин “Авьяаслаг монголчууд” шоу энэ түвшнийг дээшлүүлж өгөв үү дээ гэсэн бодол олон хүнд төрсөн байх?
Тэгэлгүй яахав. Маш олон хүний сэтгэлээр бүтсэн. Хийх тусам сайжирдаг гэдгийг харуулсан болов уу гэж бодож байна. манай шоуны хувьд бэлэн контент л доо. Маш олон орнуудад зохиогдчихсон. Миний бодлоор өөрсдийн эх орныхоо стандарт өндөртэй, хүмүүсийг байлдан дагуулж сэтгэлийг нь хөдөлгөсөн контентыг санаачилж бий болгоосой, тэр нь бусад орнуудад зөвшөөрөл авч зарагддаг байгаасай гэж боддог. Түүнээс биш мөнгөө төлөөд авчихвал олон шоу байгаа л даа.
Та нэгэн ярилцлагадаа жүжигчин болоогүй бол биеийн тамирын багш болно гэсэн байсан. Яагаад заавал тамирын багш гэж?
Би спортод үнэн дуртай. Бага байхдаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан. Холын зайнд гүйнэ, уртад харайна. Дүүрэгтээ медальтай хүүхэд байлаа шт. Маш олон медальтай.
Таныг дэлгэцийн бүтээлд тоглохоосоо илүү тайзан дээр байх дуртай гэж сонссон.
2005 онд СУИС-ийг төгсөөд надад хоёр сонголт гарч ирсэн. УДЭТ-т орох уу эсвэл “Хувьсал продакшн”-д ажиллах уу гээд. Манай төгсөлтийн арван гурван хүүхэд “Хувьсал”-ыг сонгосон. Сонголт маань ч алдаа байгаагүй. Жүжигний ажлын гараа минь тайзны уран бүтээлүүд байлаа. “Чамайгаа алдмааргүй байна”, “Зургадугаар сар минь баяртай”, “Нэг л уучилъя” гээд ер нь л бүгд хит дуунуудтай, олон хүнд хүрсэн клиптэй жүжгүүд нэг хэсэг давалгаалсан даа. Ингээд 2008 онд “Буруу эргэлт” нэртэй хамгийн анхны кинондоо тоглож байсан. Тэр үеэс л киноны карьер маань эхэлсэн. Мэргэжлийн мундаг мундаг жүжигчид бүгд л тайзан дээрээ байхыг хүсдэг байх. Амьд мэдрэмж авдаг шүү дээ. Би тайзан дээр авах мэдрэмжээ авчихаад яагаад үгүйлэгдэхгүй байнаа гээд байсан чинь хөтлөгч хийгээд л тэр мэдрэмжээ авчихаад байх шиг байна. Алга ташилт, үг хэлэхээр хүмүүсийн хүлээж авч байгаа байдал гоё ш дээ. Хамгийн сүүлд 2012 онд “Гэнэтийн бэлэг” жүжгээ тавьсан.
Өөрийнхөө хөрөнгөөр хэд хэдэн кино хийсэн гэсэн. Нэрлэвэл?
“Амьдралын амт”, “Гэнэтийн бэлэг”, “Зургаа дахь хүсэл” гээд кинонууд маань байна. Дагаад клип нь гарна. Дууныхаа үгийг заримдаа өөрөө бичдэг. “Би амьдармаар байна”, “Миний хайр”, “Энэ дурлал гайхамшигтай” гээд зөндөө дуунууд байгаа. Дараа нь нийлүүлээд сиди болгож гаргана аа. Надад баримталдаг нэг зүйл байдаг. Хэрвээ чи жүжигчин болвол жүжигчний ажлыг оргилд нь хүртэл маш сайн хийх хэрэгтэй. Жүжигчнээрээ явж байж зарим хүмүүс дуу руу ордог. Эсвэл дуучид нь жүжиглэдэг гэдэг ч юм уу. Чадаж байгаа юманд арга байхгүй ч нэг зүйлээ тултал нь хийх хэрэгтэй. Дараа нь ямар ч карьер хөөж болно шүү дээ.
“Хувьсал продакшн”-ны талаар түрүүн ярьлаа. Яах аргагүй залуусыг нэгэн үе хөдөлгөж чадсан уран бүтээлчдийн нэгдэл байсан шүү.
Маш мундаг байсан. Хошин шог 19.00 цагт эхлээд 21:30-д тардаг байсан. 30 минутанд заалаа цэвэрлээд 22:00 цагаас бид жүжгээ тавьдаг байсан. Хэний ч мэдэхгүй хүүхдүүд СТӨ-нд тоглодог. 1250 хүний суудалтай СТӨ дүүрдэг байлаа. Мундаг продюсер, захиралтай мундаг хамт олон байлаа.
“Хувьсал продакшн” гэхээр чихэнд сонсогдож байна. Үнэхээр хоногшиж чаджээ.
Тэр шторкны хоолой чинь минийх ш дээ. Хүмүүс энд тэнд энэ ямар танил хоолой вэ гээд л надруу хардаг. Би реклам их уншдаг байсан юм.
Сүүлийн үед энэ продакшн дараагийн шинэ үеэ бэлдэж байх шиг анзаарагдсан.
“Хувьсал продакшн”-ы үндсэн зарчим нь тийм байдаг юм. Үндсэн жүжигчид ерөөсөө авдаггүй. Г.Цоггэрэл захирал, МУГЖ Урнаа эгч хоёрын баримталдаг зарчим бол ямар нэг уран бүтээл хийхдээ мэргэжлийн жүжигчин хөлслөөд ажилуулчихдаг. Харин уран бүтээлээ чанарын өндөр түвшинд хийдэг. Хамгийн анх “Надаар тоглосон хайр” жүжгийг Болд-Эрдэнэ, Эрдэнэбилэг, Амгаланбаатар, Ганаа гээд жүжигчдээр байлдан дагуулсан. Тэр бол нэг үе. Дараа нь манай үеийг ангиар нь аваад хоёр жилийн хугацаанд сайхан элдэж зуураад бүтээл хийсэн. Хүмүүс тухайн үед буруугаар ярьж байсан. Шинэ хүүхдүүдийн хүч хөдөлмөрийг сорлоо, эд нараар мөнгө оллоо гээд л. Биднийг олонд таниулж, карьерт хүргэж, туршлагатай болгож өгсөн шүү дээ. Хэрэгтэй хүмүүсээ олж ажиллуулж чаддаг газар.
Ууганаад “Үүнийг л нэг хийчих юмсан”, “Нэг бяц авъя даа” гэсэн бодол байна уу?
Хүн бүрт л тийм бодол байгаа байх. Гоё кино, жүжиг хийх юмсан гэж бодож байна. Түрүүн хэлсэнчлэн өөрсдийн гэсэн гадагшаа борлуулдаг контент бий болгох, нэвтрүүлэг шоу ч юмуу хиймээр байна.
Зургадугаар сараас киноны ажил эхэлнэ гэж байсан. Ямар кинон дээр ажиллах вэ?
Бүтэн жил зургаан сар киноны карьераа орхиод байлаа. Найруулагчаас ирдэг нөгөө л дүрийн саналууд ирж байгаа. (инээв) “Чи нэг хүүхэнтэй орооцолдоно” гээд л санал тавьдаг. Сүүлд “DOZ entertainment”-ийн хийсэн кинонд бүр таван хүүхэнтэй орооцолдсон шд. Тэгээд л тэр кинонд тоглож байхдаа би ер нь яагаад өөр өнцгөөс өөрийгөө харуулж болдоггүй юм бол гэж бодож байлаа. Гэхдээ миний бүтээдэг дүрүүдийн хамгийн сайхан нь юу гэхээр баргийн хүнд олддоггүй дүр байхгүй юу. (инээв) Сүүлдээ ийм тодотгол гаргасан байсан. Шалиг дүр гэж. Урьд нь бол Дон жуан ч гэдэг юмуу хүүхэмсэг эрийн дүр гэдэг байсан байх. Харин миний дүрүүд бол “шалиг” гэж хэлэгддэг болсон байна лээ. “Шалиг” дүрд тоглодог Ууганаа гэсэн тодотголтой болчихов уу яав (инээв). Гэхдээ энэ бол хамгийн гоё дүрийн оноосон нэр байхгүй юу. Хүссэн болгон нь шалиг дүр бүтээж чадахгүй шүү дээ. Гэхдээ энэ удаад би зодоонтой, адал явдалтай кинонд дүр бүтээсэн. Хүмүүс арай өөрөөр харах байлгүй дээ.
Цаашдаа шалиг дүрийн санал ирвэл тоглох уу?
Өөрийгөө сайн толинд харж байж болно доо. За байз одоо яах нь уу гээд л… Тэр чинь гоо сайхан урлаг байхгүй юу. Сая манай шоунд орсон Цэнгүүнийг харсан биздээ. Гоо сайханлаг байгаа биз дээ.
Цэнгүүн гэснээс түүнийг хараад юу гэж бодсон бэ?
Би маш гоё эрэгтэй хүн хараад түүнтэй ярилцахыг хүсдэг. Дүрийн санал тавихсан гэж. Өөрийнхөө бие бялдрыг хөгжүүлж чадсан хүн гэдэг чинь өөрийн бодолтой, толгой сайтай хүмүүс байдаг. Гэдэс гүзээ нь унжсан бусад хүмүүс юу гэх юм байгаа юм мэдэхгүй, мэдэхгүй. /инээв/ Ер нь л урлагийн гэх хүмүүс биеэ гоё авч явах хэрэгтэй.
Та фитнесст байнга явдаг уу?
Сүүлийн үед бэртэл аваад явж чадахгүй байна. Ямарч байсан гэдэс “хусчихгүй” юмсан л гэж боддог. Тэлээн дээгүүр давсан гэдэс онцгүй ш дээ. Анхаарах хэрэгтэй.
Шалиг дүрийг чинь лавшруулж асуумаар байна. Та амьдрал дээр энэ дүрээсээ хэр өөр хүн бэ?
Чи ч шалиг, би ч шалиг шд. Тийм биз дээ. Хүмүүс намайг бүтээсэн дүрүүдээр минь хараад байдаг байсан. Харин би хоёр жилийн өмнөөс гэр бүлийнхээ зургуудыг тавьж эхлэнгүүт хүмүүсийн хандлага өөр болсон. Тэр болтол намайг эхнэртэй, гэр бүлтэй гэж хүмүүс мэддэггүй байсан байх. Хэвлэлээр баахан хүн амьтантай холбож бичдэг л байсан. Би нэг их тоодоггүй юмаа.
Та ингэхэд хэр сээтэгнүүр хүн бэ?
Ер нь хүн болгон өөрийн гэсэн давуу тал, увидастай. Эрчүүд эмэгтэйчүүд эсрэг хүйстэндээ хандах хандлага гээд л. Цэнгүүнтэй харьцуулъя л даа. Гэхдээ л өөрийгөө бусдад хэр хурдан ойлгуулж чадах вэ гэдэг тал дээр надтай өрсөлдөөд хэрэггүй байх тэ. (инээв) Зарим эрчүүд дув дуугүй сууж байгаад л таалагдчихдаг. Би энд мянга яриад байхад хажуудах дуугүйг таалчихсан тохиолдол их байдаг.
Жүжигчдийг хүмүүс их ганган, хөнгөн амьдралтай гэж үнэлдэг. Таны эхнэрийг мөн жүжигчин гэдгийг уншигчид маань мэдэж байгаа байх. Та хоёр амьдралыг хэрхэн хослуулж байна даа?
Энгийн шүү дээ. Камерын өмнө, тайзан дээр ажлаа хийнэ. Бусад үедээ та бид адилхан л идэж уугаад, өмсөж зүүгээд явж байгаа. Том стандарт байдаг л даа. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ “Чи од байя гэвэл тасрах л хэрэгтэй” гэж. Би бол тэгж тасрах дургүй. Одоохондоо надад тийм боломж ч алга.
Эхнэрийгээ ах нь ах нь гэж байгаад л аваад суучихсан гэдэг юм билээ?
Эхнэр бид хоёр цусан төрөл биш ч хамаатан байхгүй юу. Бид хоёрын талд нэг өргөмөл эгч бий. Тэр эгч маань бид хоёрыг СУИС-д оруулж байсан юм. Тэр үед эхнэрийг маань танай хамаатны дүү шүү гэж танилцуулж байсан юм. Тэгээд л эмэгтэй дүүгээ өмгөөлж хамгаалах үүрэг оногдсон доо. Гэр бүл болоод арван таван жил болж байна.
Удахгүй шинэ жил боллоо. Хөтлөлт их байна уу?
Ерөнхийдөө 11дүгээр сарын дундуур гэхэд захиалгаа аваад дуусчихдаг. Яагаад гэхээр хамтарч ажиллаж байгаа байгууллагадаа би чин сэтгэлээсээ ханддаг. Хоёрхон цагийн өмнө очиж байгууллагатай нь танилцах биш. Долоо хоногийн өмнөөс уулзаж ярилцаад яг надаас юу хүсч байгааг нь мэдэхийг хичээдэг. Хамьдаа төсөв дээр нь хүртэл сууна. Нэг ажилдаа сайн хандахаар дараа дараа жилийн ажлууд өөрөө ороод ирдэг. Сүүлийн үед “Чамгүй хурим байхгүй болжээ” гэж хүмүүс намайгаа “явуулдаг” болсон байна лээ. Амны билгээс ашдын билэг гэж.
Цаг гарган ярилцсан таньд баярлалаа.
Э.Сайнзаяа
time.mn
URL: