ӨМНӨГОВЬ: СПОРТЫН АЛДАРТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОВ
2016 оны Тив, Дэлхий, Олон улс, Монголын бүх ард түмний спортын наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад Биеийн тамир спортын тухай хууль болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Засаг даргын нэрэмжит шагнал, шигшээ багийн тамирчдад мөнгөн урамшуулал олголоо.
Улсын аварга шалгаруулах болон түүнээс дээш статустай тэмцээнээс Өмнөговийн тамирчид нийт 654 медаль хүртсэн байгаа нь өмнөх онтой харьцуулахад 80 гаруй медалиар тоогоо нэмэгдүүлж, амжилтаа ахиулсан байна.
Хөнгөн атлетикийн ОУХМ Г.Цоггэрэл нь “RIO-2016” паралимпд 5-р байрт шалгарсан түүхэн амжилт үзүүлэхийн зэрэгцээ бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр Монгол улсын рекордыг 2 удаа шинэчлэн тогтоож 2016 ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧНААР шалгарлаа.
Харин ӨСВӨР ҮЕИЙН 2016 ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧНААР 100 буудалт даамны спортын мастер С.Мөнх-Оргил шалгарсан байна. Тэрбээр ДАШТ-нд Турк даамны төрөлд оролцож, ДЭЛХИЙН АВАРГА болжээ.
Мөн Аорэбик гимнастикын спортын мастер Э.Ананд, Шагайн харвааны МУ-ын дархан мэргэн У.Дэмүүл, Гар бөмбөгийн спортын тамирчин Б.Батсуурь, Хөнгөн атлетикийн спортын мастер Х.Одгариг нар 2016 ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН-аар шалгарсан байна.
Шилдэг дасгалжуулагчаар: БТСГ-ын Үндэсний бөх чөлөөт бөхийн дасгалжуулагч аймгийн харцага Ц.Ганзориг, Шидэт бүжиг клубын багш, спорт бүжгийн улсын шүүгч О.Ганбаяр, Ханбогд бөхийн дэвжээний багш аймгийн начин Д.Эрхэмбаатар нар шалгарсан байна.
Түүнчлэн баг тамирчдыг амжилт гаргах, бэлтгэл сургуулилтаа хийхэд онцгой дэмжлэг туслалцаа үзүүлсэн Таван толгой ХК-ийн хамт олныг Шилдгийн шилдэг ивээн тэтгэгчээр тодруулж шагналаа.
Ийнхүү 2016 оныг амжилтаар үдэж буй баг тамирчиддаа учран золгох 2017 ондоо улам өндөр амжилт үзүүлж, говь нутгийнхаа нэрийг дэлхийд дуурсгахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
URL: