Хятад улс Монгол, Сан-Томе, Норвегийг өвдөг сөхрүүллээ
Европын Норвеги, Африкийн Сан-Томе Принсипи, Азийн Монгол гэсэн гурван тивийн гурван орон Хятадын үндэсний ашиг сонирхлыг зөрчин, буруу хэрэг хийснээ дэлхий нийтийн өмнө наминчиллаа. Норвегиуд Хятадын тэрс үзэлтэнд Нобелийн шагнал өгсөн гэмээ өчсөн бол Сан-Томе Принсипи Тайваниас дипломат харилцаагаа тасалж, харин бид Далай ламыг дахиж хэзээ ч урихгүй гэж амлах шиг боллоо. Энэ гурван тохиолдол хоорондоо огт холбоогүй ч нэгтгэж байгаа нэг зүйл нь Хятадын Засгийн газар геополитикийн гол зэвсэг болох эдийн засаг, санхүү, худалдааны гэрээ, санхүүгийн тусламжаа амжилттай ашигласанд оршиж байна.
Австралийн Бондын олон улсын харилцааны их сургуулийн профессор Розита Деллиос “БНХАУ улс төрийн талбарт зорилгоо биелүүлэх, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд өөрийн бүх зэвсгээ ашиглахдаа улам гарамгай болсоор байна. Тэд олон улсын тавцанд нэр нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд бүгдийг хийдэг” гэж хэлсэн нь учиртай. Хятадын тэргүүн Си Зинпин сүүлийн хэдэн арван жилийн эдийн засгийн эрчимтэй өсөлтийн дунд хуримтлагдсан хүч чадлаа ашиглах их дуртай болсон. Дэлхийн хамгийн олон хүнтэй улс, магадгүй хамгийн том эдийн засагтай байж ч болох Хятадтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа хадгалан үлдэх нь жижиг, буурай битгий хэл хөгжилтэй орнуудын хувьд ч аз завшаан болоод байна.
2012 онд Их Британитай учирсан явдал энэ жил бидэнд тохиолдсон явдалтай агаар нэгэн буй. Ерөнхий сайд Дэвид Кэмерон тэр жил Далай ламтай уулзсан. Үүний хариуд Хятадын Засгийн газар Их Британитай бүтэн жил сайдын хэмжээний уулзалт, гэрээ хийгээгүй юм. Их Британийн Засгийн газрын тэргүүн албан ёсоор Түвд бол Хятадын нэг хэсэг хэмээн мэдэгдэж, цаашдаа БНХАУ-ын ашиг сонирхлыг зөрчиж байхгүй гэж амласны дараа л хоёр улсын харилцаа сэргэсэн. Тэгэхээр одоо бид уучлал гуйгаад Хятад шууд харилцаагаа сэргээнэ гэж байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Бас нэгэн хаант засагт улс болох Норвегийг хятадууд бүтэн зургаан жил араандаа зуусан. Норвегичууд 6 жил тэссэний эцэст бас л бууж өглөө. 2010 оны Нобелийн Энх тайвны шагналыг Хятадын шоронд хоригдож байсан тэрс үзэлтэн Лю Сяобод олгох шийдвэр гаргаснаа алдаа байжээ гэж Норвегийн Засгийн газар сая Хятадын өмнө “хүлээн зөвшөөрлөө”. Лю Сяобод шагнал олгосноос хойш Хятад улс Норвегиос бүх харилцаа холбоогоо тасалсан. Байгуулагдах гэж байсан Чөлөөт худалдааны гэрээ зогссон тул бүтэн 6 жил огт харилцсангүй. Хамгийн олон хүн амтай зах зээлээ алдсаны уршиг Норвегийн эдийн засаг, ялангуяа загасны аж ахуйд хүнд цохилт болсон юм. Норвегийн “бууж өгөх” албан мэдэгдэлд “Норвеги улс Хятадын ашиг сонирхолыг хүндэтгэн, харилцдаг. Энэ харилцааг зөрчих ямар нэг шийдвэрийг хэзээ ч дэмжихгүй. Хоёр улсын харилцааг сэвтүүлэх ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй” гэж бичсэн байв. Үүний хариуд Хятадын Засгийн газраас Норвегитой чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээг нэн даруй сэргээх тушаал гаргасан байна.
Яг энэ өдөр нь буюу 12 дугаар сарын 20-нд Африкийн Сан-Томе Принсипи хэмээх бяцхан улс Тайваньтай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн. Тайвань нийт 21 улстай харилцаатай байдгийн нэг нь ийнхүү “Том” Хятадаас эмээсэндээ тэднийг орхисон. Тус улсын Ерөнхий сайд Патриса Тровоада “Тайваниас харилцаагаа тасалсан нь тун зөв алхам. Ард түмнийхээ амьдралын түвшинг дээшлүүлэхийн тулд бид Хятадтай харилцах ёстой” гэж мэдэгдсэн. Тайваньтай холбоо тогтоож, Хятадын хилэнг хүргэж байсан энэ улс одоо хятадууд тусламж үзүүлэх байх хэмээн горьдон сууж байна.
Харин бид яах бол?
URL: