Утаанаас салах ганцхан арга байна

Нийслэлчүүд бидэнд дуниартсан хөх утаа бус цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалах ганцхан арга байна. Бас ямар ч хөрөнгө мөнгө зарахгүйгээр шүү.

Өөрөөр хэлбэл, эрх баригчдын утаагаар дулдуйдсан “зохиол”-ыг татварын хөрөнгөөр санхүүжүүлэхгүй, бодит байдлаа өөрчлөх сайхан санаа байна гэсэн үг. Санаа нь шат шатны сонгуулийг өвөл явуулдаг болчихвол утааны асуудал нэг мөр шийдэгдчих юм биш үү. Тэгээд ч ард түмний хар бор амьдрал жинхэнэ утгаараа өвлийн цагт л мэдрэгддэг шүү дээ.

Жишээ нь л, хот суурин газрынхан нь утаа униарныхаа ачаар ханиад томуунаас салахгүй. Хэдэн Эрүүл мэндийн төв нь ачааллаа дийлэхгүй арга ядахдаа газраар ор засч, хонгилдоо шахуу өвчтөнөө авна. Харин малчид нь зуд турхнаар амьжиргааны-хаа хэдээс салж, тогоо тосдох малгүй шахам л урин дулаантай золгодог болсон.

Тухайлбал, өнгөрөгч өвөл нийслэлчүүд томуунаас сэргийлээд уучих ч аарцгүй, хэвтээд эмчлүүлэх ор байхгүй л өвөлжсөн. Түүнчлэн хэдэн малчид нь хотоо харлуулсандаа сэтгэлээр унаж, хот газар бараадан ажилгүйчүүдийн эгнээнд элссээр л…

Нэгэнт байдал ийм дээрээ тулчихаад байхад өвлийн цагт төрийн ордон, халаалттай байрнаас толгойгоо цухуйлгадаггүй эрх баригч, нэр дэвшигчид хахир цагаар ард түмний бодит амьдралтай хүссэн хүсээгүй танилцах сайхан боломж нээгдэх юм биш үү. Тэгээд ч зуны дэлгэр цагаар найр наадам хэсч, хүн малын зоо тэнийсэн налгар үеэр нутаг орсон шигээ сонгогчтой уулздаг эрх баригчдын шоуг хязгаарлах болно.

Өөрөөр хэлбэл, тортоох утаагүй цэлмэг цэнхэр тэнгэрийн дор үнэн худал хэдэн үгний цуглуулгаар ард түмнийг бөмбөгдөн төрийн эрхэнд гардаг олигархиудын “хөшигний цаадах” жинхэнэ төрх өвлийн сонгуулиар илчлэгдэх нь лавтай.

Түүнчлэн сонгуулиар цацах хэдэн тэрбум төгрөг ямар нэгэн намын халаас болоод холбогдох газар, олигархиудын халаасыг зузаатгахгүй иргэдийн амьдралд жинхэнэ утгаараа бууна. Тэгээд ч тансаг орд харшид хаан шиг амьдардаг эрх дархтнууд сонгуулийн агшинаар гэр хорооллын муу усны хөлдүү гудамж, утаа тортогоор ганц ч хором болов амьсгалж үзнэ.

Уг нь сонгууль гэдэг нь нийгмийн бугшсан асуудлыг шийдвэрлээд зогсохгүй төрийн бодлогыг зангидах тийм л чадварлаг боловсон хүчинг төрд залах “ёслол” юм. Гэвч сүүлийн үед улс  төрийн  хэнээтнүүд
болон хэн нэгэн хөрөнгөтний дөрвөн жилийн үдлээд буцах газар болжээ.

Харин өнөөдрийн тухайд нийслэлийн хамгийн эмзэг асуудал бол яах аргагүй утаа болоод замын бөглөрөл гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх байх. Тэр ч утгаараа гамшгийн хэмжээнд хүрсэн эл хоёр асуудлыг шийдвэрлэж чадсан хүнийг нийслэлчүүд насаар нь парламентад эргэлзэж, мэгдэх зүйлгүй сонгох нь лавтай.

Ер нь сүүлийн арав гаруй жил УИХ болон холбогдох сайд дарга нар нийслэлийг утаа униараас ангижруулах нэрийдлээр улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь “зооглох” болсныг хэн хүнгүй л мэддэг, хэлдэг болжээ. Саяхан гэхэд л УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас утаа бага гаргах зориулалт бүхий түлш боловсруулахаар төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг сонсох үед УИХ-ын гишүүн Ц.Батбаяр Д.Зоригг сайдыг албан тушаалаас нь огцруулах ёстойг сануулсан.

Учир нь ТЭЦ-2 дулааны цахил-гаан станцад хагас коксжсон түлш үйлдвэрлэх төслийг авах ёстой байсан атал дундуур нь “Аморе интернэшнл”-ийг шууд сонгон шалгаруулж, юу ч хий-гээгүй компанид одоогийн байдлаар хоёр тэрбум төгрөг олгочихоод байгаа гэнэ. Тэр ч бүү хэл тус компани нь хагас коксжсон түлш үйлдвэрлэх технологи ч үгүй юм байх.

Түүнчлэн Төрийн агаарын чанарын алба гээч юм байгуулж, улсаас зүгээр шахуу цалинжуулан “зайрмаг”-ны машинаар утаа соруулан хэмжиж “Нийслэлчүүд утаандаа хордож үхэх болоогүй” хамжааны юм ярьж, хэдэн гишүүнээ тайвшруулах юм. Харин нөгөөдүүл нь утаатай тэмцэх элдэв янзын “мөрөөдлийн төлөвлөгөө” зохиогоод л. Гэвч нөгөөх нь ажил хэрэг бол-сон ч юмгүй бөөн хөрөнгө мөнгө үрэх жишээтэй.

Жишээ нь гэхэд л, УИХ-аас хэдэн эрдэмтэнд утааг багасгах үүрэг өгсний дагуу нөгөөдүүл нь гэрийнхээ цахилгааныг гар утаснаасаа удирдах технологи бүтээсэн байна. Харин түүнийг нь үзэхээр Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Дондог нар Шинжлэх ухааны академийн химийн хүрээлэнд морилон очиж үзээд их л таашаасан гэнэ. Гэвч 800 мянган төгрөгөөр энэ технологийг гэр хорооллын айлууд нэвтрүүлэх нь бодит амьдралд хэр нийцэх бол.

Өдөрт 900-1000 төгрөгөөр ч түлээ, нүүрсээ авч чадахгүй гал алдаж буй өрх захаас аваад л бий шүү дээ. Тэр болгон иргэд авч чадах эсэх нь бас л эргэлзээтэй. Мөн цахилгаан халаагуур, утаагүй түлш, иам даралтын зуух гээд олон л юм бүтээж байна. Гэвч амьдралд нийцсэн нь цөөн. Сүүлдээ бүр Богд уулаа нүхлэн Нийслэлийн утааг соруулахаар ч зэхэж буй юм байх. Тэгэхээр иймэрхүү маягаар “айл гэр” болон тоглож байхаар сонгуулиа өвөл хийвэл нэг сумаар хоёр туулайг жинхэнэ утгаар нь буудах бүрэн боломжтой болох юм биш үү.

О.Сэлэнгэ http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих