Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятадын Засгийн газраас УУЧЛАЛТ ГУЙСАН ГЭВ ҮҮ
Төвдийн шашны тэргүүн Далай лам өнгөрөгч 11 дүгээр сарын 18-22-ны хооронд манай улсад айлчлаад буцсан билээ. Түүний айлчлал Монгол Улс болон БНХАУ-ын гадаад харилцаанд хүндээр тусаж, зарим төрийн албан айлчлалуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм. Далай ламын айлчлалд УИХ, Засгийн газар оролцоогүй хэмээн тухайн үед Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдэж байсан.
Тэгвэл тэрбээр энэ сарын 20-нд Далай ламд айлчлах боломж олгосондоо гүнээ харамсаж буйгаа Хятадын Засгийн газарт илэрхийлээд, түүнийг дахин улс орондоо урихгүй хэмээн амлалт өгсөн байна.
Энэ тухай Бээжинд байрлалтай “Global Times” сайт мэдээлжээ.
Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулж, зөв замд нь оруулахын тулд хичээл зүтгэл гаргаж, “Нэг Хятад” бодлогыг дагаж мөрдөн, Төвдийг Хятадаас тусгаар бус гэдгийг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн байна.
Хятадын гадаад бодлогын тусгал болсон “Global Times” нь фэйсбүүктээ долоон сая гаруй дагагчтай, англи хэл дээр мэдээ, мэдээлэл хүргэдэг томоохон мэдээллийн сайт юм. Хэрэв Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятадын Засгийн Газраас уучлалт гуйсан нь үнэн бол 10-р Богдыг тодруулах, Далай ламын шашны айлчлал зэрэг асуудал хаалттай болох нь дамжиггүй.
Хятадаас авах 4,3 тэрбум долларын зээлийг юунд зарцуулах нь тодорхойгүй байгаа ч Монголын Засгийн газарт уучлалт гуйхаас өөр аргагүй байсан бололтой. Далай ламыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ирсэн байх магадлалтай хэмээн олон нийт таамаглаж буй. Энэ тухай УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ “Ц.Мөнх-Оргил хэлсэн ш дээ. Далай ламын айлчлалд УИХ, Засгийн газар хамаагүй гэж. Тэгэхээр хэн үлдэж байна даа” хэмээн битүүхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг илчлээд авсан.
Далай ламын айлчлалтай холбогдуулж Хятадын Гадаад хэргийн яамнаас хоёр ч удаа ноцтой мэдэгдэл гаргасан. Айлчлалын дараа “Global Times”сайтад “Монгол улс салан тусгаарлагчийг хүлээж авсан үйлдэлдээ шүүмжлэлтэй хандах хэрэгтэй” гэсэн гарчиг бүхий өгүүлэл хүртэл нийтэлж байсан билээ. Өгүүлэлд Монголын эрх баригчдыг олон улсын харилцаа ямар зарчмаар явагддаг талаар гэнэн ойлголттой байгааг шүүмжлээд улс орныхоо эрх ашгийг бодолцохын хажуугаар бусадтай харилцан ашигтай байх зарчмыг мартаж болохгүйг анхааруулсан байв.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын уучлалтын тухай “Global Times” сайтад нийтлэгдсэний дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас “Хятад Улс Далай ламын айлчлалын талаар Монгол Улсын тодорхой байр суурийг үнэлж байна. Энэ бүхэн Хятадын гол ашиг сонирхлыг хүндэтгэх сургамж болсон гэж найдаж байна” хэмээн мэдээлжээ. Хятадын Засгийн газар манай улстай харилцах харилцаагаа зөөллөсөн бол ирэх онд болох Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалыг хүлээж авах учиртай. Ингэснээр өмнө нь яригдаж байсан зээлийн асуудал ч нааштайгаар шийдэгдэж магадгүй юм
Гэвч Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын “Одоогийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд далай ламыг улс орондоо дахин урихгүй” гэсэн амлалт нь зөвхөн өнөө маргаашаа харсан, хөнгөн шийдвэр байсан гэх шүүмжлэлийг дагуулаад байна.
Хятадын Засгийн газар Далай ламын асуудал дээр хатуу байр суурьтай байсан ч хилээ хаах хэмжээнд асуудал хурцдаагүй байсан. Мөн Гадаад харилцааны сайдын хувьд тулгамдсан асуудлыг улсад хохирол багатай, нэр хүндээ унагахгүйгээр шийдвэрлэх нь Ц.Мөнх-Оргил сайдын үүрэг билээ.
Хэрэв 2-3 жилийн дараа 10-р Богдыг тодруулах асуудал яригдвал хоёр орны харилцаа улам ч дордоно. Тэр үед Гадаад харилцааны сайдын өгсөн амлалт хэр хүчтэй, нөлөөтэй байхыг мэдэх боломжгүй. Дээрээс нь Монголын улс төр тогтворгүй, залгамж халаа байдаггүй тул улс төрчид хөрш орнууддаа амлалт өгөхгүй байх нь хаа хаанаа хэрэгтэй юмсан.
Далай ламын айлчлалтай холбоотой сөрөг үр дагаварууд хэдий хүртэл үргэлжлэхийг бид мэдэхгүй. Хэрэв асуудал бүр дээр Хятадын Засгийн газарт бууж өгөөд байвал цаашдаа улсын дотоод асуудалд хэт оролцохвий хэмээн олон нийт болгоомжилж буй юм.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
URL: