ACЕМ-ын үеэр ажилласан жолооч нарын цалинг дутуу олгожээ
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад гадны зочид төлөөлөгчийн жолоочоор ажилласан иргэд цалингаа бүрэн авч чадахгүй өнөөдрийг хүрчээ. Энэ тухай тэд хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдлээ. Хэвлэлийн бага хуралд жолооч Б.Очирпүрэв, Г.Пүрэвжав нар оролцсон юм.
Долоодугаар сарын 15-16-ны хооронд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтад ажиллах жолооч нартай Авто Тээврийн Үндэсний газраас гэрээ байгуулан ажиллуулсан байна. Жолоочдын хэлж буйгаар 2016 оны зургаадугаар сарын 2-ноос долоодугаар сарын 25-ны хүртэл ажиллах гэрээ байгуулсан аж. Гэрээнд дурдсанаар өдрийн 30 мянган төгрөгийн хөлсөөр 53 хоногийн турш ажиллаж 1.5 орчим сая гаруй төгрөгийн цалин авах ёстой байжээ.
Гэтэл тэдний ажилласан хоногийн тоог 35 болгож 1,050,000 төгрөгийн үндсэн цалингаас татвар, даатгалын шимтгэл хасаж 875,000 төгрөгийн цалин өгөх шийдвэрийг АТҮТ-ийн дэд даргаар ажиллаж байсан Д.Батбаатар нар гаргасан байна.
Одоо үүнийхээ 500 мянгыг нь төлчихөөд байгаа бөгөөд 375,000 төгрөгийг өгөх дутуу гэнэ. Гэхдээ жолооч нар ажилласан хоногийн тоог нь багасгаж, цалинг нь дутуу бодсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдлээ.
Энэ тухай жолооч Б.Очирпүрэв “Тухайн үед Авто тээврийн үндэсний төвд ажиллаж байсан хүмүүс одоо бүгд солигдсон. Бидний асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй байна лээ. Сангийн яамнаас санхүүжилт нь орчихсон байх ёстой. Нийт 50 жолоочийн асуудал байна. Үүнээс 20 гаруй нь хувиараа ажилласан. Хувиараа ажилласан хүмүүс цалингаа авах гээд өөрсдөө хөөцөлдөж байгаа.
Одоо бид 375,000 төгрөг авахгүй. Цалингаа бүтнээр нь авмаар байна. Энэ асуудлаар бид Ерөнхийлөгчтэй уулзах хүртэл явна. Болохгүй бол дүүргийн шүүхэд хандахаар төлөвлөж байгаа. Бид тухайн үед өөрсдийгөө маш сайн ажилласан гэж дүгнэдэг. Тухайлбал би Индонез улсын зочдыг ирэхээс нь буцтал үйлчилсэн. Явахдаа тэд тэврээд, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан” гэв.
URL: