Өрөө яаж төлөх гэж байна даа, эрх баригчид аа
Эхлээд жаахан тоо дурьдая. Сүүлийн 3-4 жилийн дотор манай улс “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 4.0 их наяд төгрөгийн хөнгөлттэй зээл, Хөгжлийн банк, “Чингис” болон “Самурай” бонд зэрэг эх үүсвэрээс 7.0 их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулсан. 2015 оны эхний хагас жилийн байдлаар улсын гадаад өр 21.7 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тоо бий. Энэ талаар эдийн засагчид тоо баримттай нь ярьж байгаа. Мэдээж энэ өрийг Засгийн газрын болон дотоодын компаниудын гэж ялгаж, зааглах л ёстой байх. Гэхдээ л манай улсын өр мөн үү гэвэл тийм.
Ер нь манай улс өнгөрсөн жилээс эхлээд гадаад өрөө төлж л яваа. 2015 онд 500 тэрбумыг төлсөн бол энэ жил нэг их наядыг гаргасан. Гэхдээ 2017 оноос төлж эхлэх их өрөнд бүгд анхаарал хандуулж, ач холбогдол өгч яриад байна. Ерөөс Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн ажлаа авсныхаа дараа мэдээлсэн мэдээллээс үзвэл 2017 онд манай улс 1.6 их наяд төгрөгийг гадаад өрөнд төлөхөөр байгаа.
Энэ бол манай улсын төсвийн 20-иод хувь гэсэн үг. Үнэхээр их мөнгө. Тийм учраас эдийн засагчид, улстөрчид санаа зовоод, ач холбогдол өгөөд яриад байгаа болов уу. Ядаж байхад зээлсэн мөнгөө хэрхэн төлөх талаар нарийн төлөвлөгөө манайд байхгүй. За яахав, ямар ч байсан төлнө дөө л гэж яриад явж байгаа. Хүнээр бол нэг хэнэггүй нэг нөхөр юм уу даа. Дээрээс нь Монгол Улсын эдийн засаг элгээрээ мөлхчихлөө.
Өөдтэй өнгөтэй тоо, гэрэл гэгээтэй мэдээ алга. Эдийн засаг сэргэнэ гэж найдахад тун хэцүү. Эрх баригчид ч 2018 оны тухай л яриад байгаа. 2018 онд эдийн засаг өөдөлнө, гайгүй болно гээд л. Гэтэл дунд нь 2017 он гэж байна. Ирэх онд манай улсын эдийн засагт нэг их гэрэл харагдахгүй л байгаа. ОУВС-гаас манай улсын эдийн засгийн өсөлтийг 2.5 хувь байхаар төсөөлсөн. Яг энэ төсөөллөөр өснө гэвэл өсөлт гэж мэдрэгдэхгүй л болов уу.
Дээрээс нь энэ магадгүй жаахан өөдрөг ч төсөөлөл байж болно. Ядаж байхад манай төлбөрийн тэнцэл алдагдалтай гарсаар байгаа. Аравдугаар сарын тоон мэдээллээр төлбөрийн тэнцэл -277 сая ам.доллар байна. Мөн манай зээлжих зэрэглэлээс авахуулаад буугаагүй юм гэж алга. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг л байхгүй болчихлоо. Ийм байхад манайх өрөө төлж барах уу. Дотоодын нөөц боломжоор өр төлнө гэж байхгүй. Үүнийг л дурьдах гэж дээр баахан тоо баримт бичээд яншаад байсан хэрэг.
Гэтэл өр төлөх хугацаа юу юугүй хаяанд ирлээ. Өнөө их өр шүү дээ. Одоо 10 гаруйхан хоногийн дараа 2017 онтой золгох гэж байна. Манай улсад нэг их баярлаж хөөрцөглөөд байх юм алга. Өрөө төлж чадахгүй бол яах билээ. Үндсэндээ улс орон дампуурна гэсэн үг. Өрөнд нэрвэгдсэнээ зарлана. Улсын өр надад ямар хамаа байх вэ гэж манайхан бодоод байх шиг байгаа юм. Үгүй шүү дээ. Нарийндаа бол хүн бүхний нуруун дээр бууна. Улс мөнгөө өрөө төлөхөд зарцуулж, нийгмийн халамж, хамгаалал, цалин хөлс гээд бүх орлого хумигдана.
Төсөл, тендерүүд цуцлагдаж, ажлын байрууд алга болно. Муу ёр ч байгаа даа, гэхдээ л бид ийм дээрээ тулахад ердөө хэдхэн алхам л үлдчихээд байгаа. Хүнээр бол сэхээнд байна. Гэтэл эрх баригчид өр төлөх тал дээр ярьж, хийж байгаа ажил байна уу гэж бодогдохоор л байна. ОУВС-гаас зээл авна гээд байгаа. Уг нь манайд ирээд, нөхцөл байдлыг хараад, судлаад, бүр зээл өгөх эсэхээ шийдчихээд явсан гэсэн мэдээлэл гарсан л даа.
Гэхдээ яг бүтэх юм уу, бүтлээ гэхэд хэдийг өгөх юм. Эхний ээлжинд гал унтрааж хүрэх юм уу гээд бачимдах зүйл их байна. Уг нь Хятадаас овоо зээл аваад, асуудлаа шийдэх гээд байх шиг байсан. Гэвч Далай ламын айлчлалтай холбоотойгоор бөөн асуудал үүсчихлээ. Зээл бүтэхээ болилоо л гээд байх юм. Зарим нь болохоор Хятадтай асуудал шийдэхээр тохирчихсон, Далай лам зүгээр л жүжиг гээд байгаа.
Яг үнэндээ Засгийн газраас гэрэл гэгээтэй мэдээ дуулдаагүй л байгаа шүү дээ. УИХ-ын дарга баахан гишүү дагуулаад л Орос руу давхисан. Янз бүрийн л асуудал ярьж, хурал хуйд оролцоод яваа бололтой. Бүр зарим нэг хүмүүсээс зэмлэлийн үг хүртэл дуулсан шиг явж байгаа. Тэгэхдээ өр ширээ төлөх асуудал шийдэх талаар яриа гарч байгаа юм уу, бүү мэд. Одоохондоо бол Монгол Улс яг тэгээд өрөө дарна, шийдчихнэ гэсэн юм алга.
Өөр арай бага хүүтэй, урт хугацаатай мөнгө зээлж, түүгээрээ өрөө дарах гарц байгаа талаар эдийн засагчид ярьсаар л. Гэтэл бидэнд тийм мөнгө зээлэх улс, хөрөнгө оруулагч байгаа бил үү. Ядаж барьцаанд тавиад мөнгө зээлчих томоохон орд юу билээ. Оюутолгой, Тавантолгой бол аль хэдийнэ үлгэр болсон. Монгол улс ломбарданд тавьчих эд хогшил ч байхгүй айл шиг л байна. Өрөө яаж төлөх вэ, гарц байна уу. ОУВС-гийн зээл бүтнэ л гэж хүлээхээс өөр аргагүй л байдалд энэ төр засгийнхан шилжчих шиг боллоо.
Тэгж л хардаад байна. Түүнээс биш асуудлыг нааштай шийдчихсэн бол өдийд хэлж яриад, мэдээлмээр юм. Эсвэл он гаргаж байгаад хийж буй ажил, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөө танилцуулах юм болов уу. Одоохондоо бол нэг л их гадаад руу бөөн бөөнөөрөө явсан, хотынхон нь янз бүрийн баяр тэмдэглэж, гацуурын гэрэл асаалаа гэж тоглолт хийж, мөнгө цацсан л хүмүүс байна. Огт хямраагүй, өр ширэнд баригдаагүй юм шиг л байгаа. Хурал хуйдаа суудаг гишүүн ч гэж байхаа болилоо.
Ирэх онд тийм ч ажил хийнэ, ингэж ч зам засна, тийм бүтээн байгуулалт хийнэ гэж яриад л. Тэр мөнгө нь хаана ч байгаа юм. Хэрвээ ОУВС-гийн зээлийг найдаж хүлээж байгаа бол жижигхэн мөчрөөс атгаад үерт урсахгүй гэж хичээж байгаагаас ялгаа байна уу. Хэрвээ зээл бүтэхгүй болчихвол яах вэ. Дахиад л улс дампуурах асуудал яригдана. Ёстой гэнэтхэн том төсөл хөтөлбөрүүд нь хөтлөөд, гэнэт л эдийн засаг дэлбэ дээшилж, баяжчихдаггүй л юм бол одоохондоо гэрэлтэй юм бодоход хэцүүхэн л байна даа. Тэд гадаад өрөө яаж төлөх гэж байгаа юм бол.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Н.Пунцагболд
URL: