Хоёр өөр Ц.Нямдорж…

527-1482112748f8cfdfcfb027f578original

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж цоо шинэ төрхөөр танигдах гэж чармайж байна. Уг нь бол улс төрд шинэ хүн биш. Албан тушаал, эрх мэдэлд хүргэсэн намаа надад хамаагүй гэж мэдэгдэх болов.
МАХН-ын төв хорооны мэргэжилтэнгээс ажлаа эхэлсэн Ц.Нямдорж “МАН-ын төлөө чөмгөө дундартал зүтгэнэ” гэж хэлээгүй биш үү. Тэр Ц.Нямдорж хаачсан бэ.
Анх удаа УИХ-ын чуулган удирдаж байгаа мэт аашлах юм. 2005 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа ашигт малтмалын хууль засаад огцорсон Ц.Нямдорж мөн үү. УИХ-ын гишүүн С.Оюуныг асуулт асуухад хэдэрлэж “Оюунаа үглэж суугаад хугацаагаа дуусга” гээд микрофоныг хааж байв. Бас л танил дүр зураг шүү. Залуу парламенч Х.Тэмүүжинг “Гөлөг шиг орж ирчихээд битгий цор цор гээд бай” гэж хэлээгүй бил үү.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг“ Нойлд унасан Баасанхүү” гээд зогсохгүй МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийг “Оймсонд хавчуулагдаад ороод ирсэн” гэж доромжилдог байлаа. 2010 онд төрийн ордон дотор Ж.Сүхбаатар гишүүнийг боож унаган танхайрч байгаагүй гэж үү. Нутгархах, жалга довны үзлийг дэвэргэн УИХ-ын сонгуулиар Увс аймагт очоод“УИХ-д их халхтай үздэг ганц баяд байг” гэж хэлсэн Ц.Нямдорж та мөн үү.
Яагаад “Ашигт малтмалын хуулийг засав” гэхээр “Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд ч гэх юм. Үнэндээ УИХ-ын мэдэлд байдаг” гэсэн Ц.Нямдорж мөн үү. “Би анхны хуульч УИХ-ын дарга учир хууль засах эрхтэй” гэж мэдэгдсэн Ц.Нямдорж мөн үү. Эдийн засагч С.Авирмэд “Ц.Нямдорж Ашигт малтмалын хуулийг орондоо засаад уул уурхайн орд буруу замаар орсон” гэж мэдэгдээгүй гэж үү.
2006 онд Увсын гаралтай “Начин заан” ломбардны эзэн Алагийн Батсүх гэдэг нөхрийг О.Чулуунбатын оронд Монгол банкны Еренхийлөгчөөр томилуулах гэж зүтгэсэн Ц.Нямдорж та мөн үү. Эндээс Н.Энхбаяр та нарын зөрчил үүссэн гэдэг шүү дээ. “Их өр”-ийг тэглэхэд баярын нулимстай зогссон С.Дулам, Ц.Нямдорж, Ж.Бямбадорж нар биш гэж үү. “Монголчууд бидэнд хүнд үе тохиоход бурхан тэнгэрээс Н.Энхбаярыг илгээсэн” гэж байгаагүй бил үү.
Г.Алтангийн нөхөр С.Жамьянсүрэн “Ц.Нямдорж архи спиртийн хуульд өөрчлөлт оруулаад манай компаниас 31 сая төгрөг авсан” гэж мэдэгдэж байлаа. Тэр Ц.Нямдорж та мөн үү. Ц.Нямдоржийн нэртэй хамт Г.Алтан гэсэн нэр байнга явдаг билээ. Хуульзүйн сайд байхад С.Зоригийн хэргийг илрүүлэх гэж чармайж байсан нь үнэн. Бодитой мэдээлэл байсан уу, үгүй юу. “Даргагүй нам яаж УИХ-ын сонгуульд оролцохыг нь харна” гэж АН-ыг дайрч байлаа.
Тухайн үе Дамирангийн Энхбатыг Франц улсаас хулгайлан авчирсан байж билээ. Ц.Нямдоржийг Хуульзүйн сайд байхад С.Зоригийн хэрэгт хамгийн олон хүн баригдсан байдаг. Тэр олон хүнийг баригдахад харж суусан Ц.Нямдорж та мөн үү. 2008 оны долоон сарын 01-ний хэргийг “Энэ жагсаал цуглааныг хөлсөөр зохион байгуулсан нь ойлгомжтой. Урьд нь ч хөлсөөр зохион байгуулдаг байсан. Иргэний хөдөлгөөн гэдэг юм гарч ирж, долоон сарын нэгэнд энэ хэргийг өдүүлсэн.
Xүмүүc нь дандаа хөлсөөр ажилладаг байсан. Ийм байдлаар энэ удирдлагагүй массыг турхирч асуудлыг хурцатгасан, туйлд нь хүргэсэн” гэж мэдэгдсэн эрхэм та мөн үү. Иргэний хөдөлгөөнүүдийг хөлснийхөн гэдэгтээ итгэсээр байгаа юу. Тэгвэл тэндээс гарч ирсэн Ж.Батзанданг ихэд хайрлах болов. Таны сайн дурын уран сайханч гэж цоллосон С.Жавхлан бас л иргэний хөдөлгөөнүүдийг эд эс биш гэж үү.
Г.Уянга Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул, мэдээлэл дамжуулагч” гэж зарлаж байлаа. БНХАУ-д айлчилсан, архи уусан, бэлэг сэлт авсан зэргийн баримт гараагүй гэж үү. Тэр “Ц.Нямдорж Хятадын талд мэдээлэл дамжуулдаг байсан нь баримтаар тогтоогдсон зүйл” гэж хэлээд генерал Ж.Баатар шоронд суусан билээ. Бараг улсын нууц задруулсан хэргээр ял авсан байх шүү. Н.Энхбаяр нэгэнтээ “Ц.Нямдорж нулимс цийлэгнүүлэн орж ирээд “Таниас намайг холдуулах гэсэн улс төрийн явуулга гэсэн’’ гэдэг билээ. Н.Энхбаярын өмнө нулимс цийлэгнүүлэн зогсож байсан Ц.Нямдорж мөн үү.
Гэр оронгүй, үзэх телевизоргүй гэдэг хүн дээ. Гэтэл “MSC” группын барьсан сая ам.долларын үнэтэй байрандаа амьдарсаар байна. Яасан буянтай хүн гэхээр Ц.Нямдоржийг үнэтэй байрандаа түрээс авалгүй суулгаад байдаг юм бол. Авилгал гэж арай ойлгож болохгүй байх. Ц.Нямдорж огт байргүй хүн биш ээ.
Битүү дохиолол хамгаалалт бүхий хаусыг хоригдлуудаар Гүнтэд бариулсан. Та тэр хоригдлын амь нас сүйдэн бариулсан барилгаа “Нэг муу дүнзэн байшин” гэдэг л дээ. Тэр уулын мухарт улсын хөрөнгөөр зам тавьсан байдаг та тавиулаагүй биз. Хэдэн тэрбумаар боссон ихэр хаусаа сайн тайлбарлаж чадахгүй л яваад байна уу. Таны энэ хоёр хаусыг зургаан сая ам.долларын үнэтэй гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын О.Магнай хэлсэн билээ.
Ц.Нямдорж ”Би ийм булхай луйвар үзээгүй” гэж ярих болжээ. Хадгаламж зээлийн хоршооноос 300 сая төгрөг зээлээгүй гэж үү. Хадгаламж Зээлийн хоршооны хохирогчид Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, М.Сономпил та нарыг зургийг шатааж огцрохыг шаардан жагсдаг байлаа. Тэр “Бүтээн байгуулалт” хадгаламж зээлийн хоршооноос 300 сая төгрөгийн зээл авагч Ц.Нямдорж та биш гэж үү.
Бид одоо цоо шинэ Ц.Нямдоржийг харж байна. Эрдэнэт үйлдвэрийг ард түмэндээ буцаан өгөх гэсэн тэмцэгчийг харж байна. Бид яагаад мэддэггүй байсан юм бэ. 2012 онд Д.Тэрбишдавга “Ц.Нямдорж төрсөн нутагтаа очих нүүргүй болчихсон учраас жагсаалтанд орсон. Жинхэнэ араас хутга шаагч өөрөө. Н.Энхбаяр даргыг яалаа” гэж байв.
Тэр нэр нүүргүй Ц.Нямдорж биш биз. Одоо олигархжсан нийгмийг сөрөн зогсогч, шударга тулдаа түрээсийн байранд амьдарагч Нямдоржийг харж байна. Энэ хүн багтай юу. Хятадын тагнуул, хууль засагч, хоригдлуудаар зургаан сая ам.долларын хаус бариулагч, УИХ-ын гишүүнийг зоддог, гөлөг, нохой, баасаар нь дуудагч хаачсан вэ.
Энэ намын төлөө чөтгөртэй ч нэгдэнэ, амь насаа өгнө гэгч хаачсан бэ. Албан тушаалын төлөө шаргуу тэмцэгч хаачив. Д.Тэрбишдавгын хэлээд байсан ханилж явсан нөхрөө хажуу бөөр рүү бүлэгч хаачив. Тэр муухай Нямдорж байхгүй болсон.
Одоо ард түмнийхээ төлөө намаа ч золиослоход бэлэн, дүрдээ орсон, илүү ихийг мөрөөдөгч Ц.Нямдорж ирж явна.
Б.Дорж
Эх сурвалж: “Өдрийн сонин”

URL:

Сэтгэгдэл бичих