Агнуурын бүс нутгийг хамгаална

6f0a73_1601_x678Агнуурын бүс нутгийн менежментийн зөвлөл ТББ-аас санаачлан “Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан зэрлэг амьтдыг биотехникийн арга хэмжээ авах замаар хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгг БОАЖЯ-ны сайдын зөвлөх Ц.Шийрэвдамба, ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба болон агнуурын бүс нутгийг хариуцагч 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага, Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг ТББ, Мэргэжлийн анчдын холбоо зэрэг ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан зэрлэг амьтдыг хэрхэн хамгаалах, тэдгээрийн цаг уурын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах нөхцөл бүрдүүлэх ямар боломж байна вэ, биотехникийн аргыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэг асуудлыг уулзалтаар хэдэлцлээ. 2012 онд батлагдсан “Амьтны тухай” хуулийн гуравдугаар зүйлд ан агнуурын менежментийн төлөвлөгөөг тодорхойлсон байдаг. 2012-2016 онд 14 аймгийн 49 суманд 62 агнуурын бүс нутгийг тогтоон, аж ахуйн нэгжүүд хариуцан ажиллаж байна. Орон нутагт 2014 онд амьтны нөөц ашигласны төлбөрөөс нэг тэрбум гаруй төгрөгийг 40 гаруй сумын төсөвт төвлөрүүлсэн бол энэ онд нэг тэрбум 800 сая төгрөг болж нэмэгджээ. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамба “Ангийн бүс нутгийн менежмент хариуцаж байгаа газрын зэрлэг ан амьтад хариуцах эзэнтэй. Өвөлжилт хүндэрсэн үед менежментийн төлөвлөгөөнд заасны дагуу өвс тэжээл, хужир мараа тавиад өгөх боломжтой. Харин агнуурын бүсээс гадна орших зэрлэг амьтдад хамгийн их тулгамдаж байгаа асууцал нь өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа асуудал. Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газар, Дорнодын цагаан талын цагаан зээр, хар сүүлт зэрэг амьтдыг бид яаж хамгаалах ёстой вэ гэдэгт та бүхний санал чухал байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт сүүлийн хэдэн жил 40 хувьд хүрэхгүй байна. Бид энэ хуулийн биелэлтийг 100 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Агнуураас олж байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг агнуурын бүс нутгаас гадна орших зэрлэг амьтдыг хамгаалахад зарцуулах ёстой” гэв.

 

БОАЖ-ын сайдын 2016 оны аравдугаар сарын 04-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн энэ жил “Агнуурын бүс нуггийн мэргэжлийн зөвлөл” ТББ-аас байгалийн гамшгаас зэрлэг ан амьтадаа хамгаалах богино хугацааны төлөвлөгөөг боловсруулсэн байна. Уг төлөвлөгөөнд 11 аймгийн 36 сумын агнуурын бүс нугагт биотехникийн арга хэмжээ авахаар тусгажээ.

Энэ үеэр “Агнуурын бүс нутгийн мэргэжлийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Т.Баттулга “Зэрлэг ан амьтдад тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл нь бэлчээрийн асуудал. Агнуурын бүс нутгийг орон нуггийн хамгаалалтад авахгүй бол ан амьтдын бэлчээр улам хумигдаж байна” гэлээ.

 

Х.БӨРТЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих