101 настай өвөө хүчингийн хэргээр шүүхээс ял сонсоно
Хэрэг хэзээ ч хуучирдаггүй гэдгийг Их Британид харуулав. Энэ улсын шүүх 101 настай өвгөнийг гэм буруутай эсэхийг тогтоохоор ажиллаж байна. 1915 оны гуравдугаар сард төрсөн Ралф Кларк хэмээх өвөө 21 удаа насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, садар самуунд уруу татсан хэргээр шүүхэд очсон нь энэ. Хэрвээ тэр буруутай нь тогтоогдож, дээд шүүхээс ял авбал Их Британийн түүхэнд хамгийн өндөр насандаа ял сонссон “амжилт” тогтооно.
Тэтгэвэрт гарсан энэ хөгшин эр дэлхийн II дайнд оролцож явсан нэгэн. Энэ өвөө өнгөрсөн онд 100 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, цахим ертөнцөд пост үлдээсэн нь хохирогчдынх нь нүдэнд өртөж, өнгөрсөн наймдугаар сард нэг хохирогч нь шүүхэд гомдол гаргажээ. Улмаар шүүх танхим өвгөний хэргийг нягталж байх зуур дахин гурван хохирогч нэмэгдсэн байна. Хохирогчид хэрэг гарах үед бүгд 9-14 настай байсан бол өдгөө 40, 50 орчим настай гэнэ.
Өвгөнийг насанд хүрээгүй хүүхдэд гар хүрсэн, танхайн хэрэг, мөн нэг бус удаа охидыг хүчирхийлсэн хэрэгт буруутгаж буй юм. Харин төрсөн өдрөө тэмдэглээд буруудаж, гэмт хэрэгтэн болсон 101 настай өвөө өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.
Эх сурвалж: http://unuudur.mn/article/93055
URL: