Нийслэл 2017 онд хэмнэлтийн горимоор ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд төсвийн шууд захирагч, ахлах нягтлан бодогч нарт зориулсан “Санхүү, төсвийн талаар баримтлах бодлого, чиглэл цаашид анхаарах асуудлууд” сэдэвт сургалтад оролцож, үг хэллээ.
“НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвийг хэлэлцэж баталсан. Ирэх онд төсвийн байгууллагын орон тоог нэмэхгүй байх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээ ашигтай ажиллуулах, эрх бүхий албан тушаалтнуудын гар утасны төлбөрийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхгүй байх, шатахуун бага зарцуулдаг автомашин хэрэглэх зэрэг хэмнэгдсэн горимд шилжин ажиллана. Эдийн засгийн хямралыг даван туулахад хэмнэлтийн горимыг сайтар хангаж, үргүй зардал гаргуулахгүй байх талд та бүхний хүчин чармайлт хамгаас чухал юм шүү” хэмээн хотын дарга онцолсон юм.
Төсвийн шууд захирагч, ахлах нягтлан бодогч нарт зориулсан энэхүү сургалтад “Төсөв, санхүүгийн талаар баримталж буй бодлого чиглэл”, “Өрийн удирдлагын бодлого, чиглэл”, “Дотоод аудит, Шилэн дансны хуулийн хэрэгжилт”, “Төрийн сангийн төлбөр тооцооны журам, 2016 оны төсвийн жил дуусгавар болж байгаатай холбогдуулан анхаарах асуудлууд” зэрэг сэдвээр салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьсан юм гэж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: