Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг бэлгэнд боож борлуулж байжээ
“Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аян болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Шинэ жилийн баярыг угтаж хоол хүнсээр дамжих өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, ажил үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгөх,сургалт сурталчилгаа явуулахаас гадна НОБГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газруудтай хамтран пиротехникийн ашиглалт, хадгалалт, худалдаалалтын байдалд давхар хяналт тавин ажиллаж байна.
Шалгалтанд худалдааны 334, хоол үйлдвэрлэлийн 84 нийт 418 байгууллага хамрагдсанаас нийт 296 зөрчил илрүүлээд байна.
Хүүхдийн бэлэгэнд хугацаа дууссан болон сав баглаа боодол нь урагдсан печень чихэрийг багцалж боосон, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох өндөг, бялууг ил задгай лангуу тавиур дээр овоолон худалдаалсан, хиамны үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглээгүй худалдаанд гаргасан зөрчлүүд Нарантуул трейд ХХК-ийн Нарантуул, Барс, Хархорин худалдааны төв, Алтжин санаа ХХК-ийн Алтжин худалдааны төв, Эрдэнэбулган ХХК-ийн Содон, Эрдэнэбулган худалдааны төвүүдэд илэрсэн.
Худалдаалж буй болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор хүнсний бүтээгдэхүүний 49 дээжийг мал эмнэлэг, ариун цэврийн болон хими, нян судлалын лабораторид шинжлүүлэхэд 5 дээж нь стандартын шаардлагад нийцэж, бусад дээжийн хариу одоогоор гараагүй байна.
Шалгалтаар “Мон-Үр кек” ХХК, “Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 10 нэр төрлийн 47 ширхэг 104350 төгрөгийн үнэ бүхий бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүн, “Хос ивээл” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 18800 төгрөгний үнэ бүхий 2.35 кг “Зочин” “Чанамал хиам”, нийт 11 нэр төрлийн 2.35 кг, 47 ширхэг, 123150 төгрөгний үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй, шошгололтын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдаалж байсныг татан авхуулж, зөрчлийг арилгуулсан.
Мөн “Эрүүлхүнс- эрүүлхүүхэд” аяны хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Номин хайпермаркетэд, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Наранпойнт дэлгүүрт тус тус зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж,Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс сургалт, зөвлөгөөн зохион байгуулаад байна.
ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭХЭД:
Хэн, хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй, гар дээрээс худалдаалаж байгаа түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох бялууг худалдан авахгүй байх;
Худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа,сав баглаа боодлын битүүмжлэл зэргийг сайтар шалгаж авах;
Худалдааны төвүүдэд хувь хүмүүсийн боосон хүүхдийн бэлгийг худалдан авахдаа хугацааг шалгаж авах шаардлагатай.
URL: