Ё.Отгонбаяр сайд аа, “араажав”-ыг тайлбарлаад өгөөч…
Үндэсний хэл, бичиг соёл гэдэг аливаа улс орны халдашгүй дархан байдлын нэгээхэн хэсэг. Өөрийн гэсэн хэл соёлоороо дэлхийн улс орнуудаас ялгарсан босоо бичигтэй хэмээн бахархах өв соёл бидэнд бий. Харамсалтай нь монгол түмний дахин давтагдашгүй босоо монгол бичгийг ерөнхий боловсролын дунд сургууль, мэргэжлийн цөөн хэдэн сургуульд үздэгээс хэтрэхгүй болсон.
10 гаруй жилийн өмнө ерөнхий боловсролын хичээлийг монгол бичгээр заана гэсэн гэнэтийн шийдвэрийн дараахан багш сурагчгүй нэг хэсэгтээ л хэцүүхэн асуудалтай тулгарч байв. Сурах бичгийн асуудлаас гадна хүүхдүүдэд гэнэт монгол бичгээр хичээл орох болсон нь монгол хэлний зөв бичгийн дүрмийг хольж сольж андуурч будилахад хүргэсэн.
Хэдийгээр үндэсний өв соёл болсон монгол бичгээ мэдэхгүй байж болохгүй гэдгийг хүн бүр ойлгож байсан ч орчин цагийн даяаршиж буй энэ нийгмийн хөгжилийн хурдтай нийцэх боломжгүй гэж үзэн уг шийдвэрийг цуцалж байсан удаатай. Харин энэхүү шийдвэрээс үүдэлтэй өнөөдөр монгол хэлний зөв бичих дүрмээ одоо ч сайн мэдэж амжаагүй алдаатай бичдэг хүмүүс цөөнгүй байгаа нь нууц биш.
Монгол хэл, бичгийн соёл, гадаад үгийг нутагшуулах зэрэг асуудал нь нийгмийн хөгжил, амьдралын өдөр тутмын хэрэглээ, шаардлага шиг өөрчлөгддөггүй.
Гэхдээ сүүлийн жилүүдэд монгол үг, үсгийн дүрэм алдагдаж, хүмүүс нэг үгийг хэд хэдэн янзаар бичиж, түүнийгээ ч зөв хэмээн мэтгэлцэх явдал нилээдгүй гарах болсон. Ялангуяа гадаад үгийг нутагшуулах, орчуулж хөрвүүлэх зэрэг асуудлаар эрдэмтэн судлаачид зөв бичгийн зөрүүтэй ойлголтуудыг арилгахгүй бол монгол хэлний, монгол үгийн утга найруулга, зөв бичих дүрэм алдагдаж байгааг сануулдаг.
Уг асуудлыг шийдэхээр Монгол улсын Төрийн хэлний зөвлөлөөс кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоож, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр уг тогтоолыг энэ сарын 5-ны өдөр баталгаажуулжээ.
Уг тогтоолд “Бичлэгийн стандартыг тогтоосон үсгийг албан бичиг болон олон нийтэд зориулсан бүх төрлийн ном, сурах бичиг, мэдээлэл, хаяг, шошгод мөрдөн хэрэглэж байхыг төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн редакциуд, ном хэвлэдэг байгууллага, бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид, хянан тохиолдуулагч нар, зар сурталчилгааны агентлагуудад үүрэг болгожээ. Мөн бичлэг болон орчуулгыг тогтоосон үсгийг товхимол болгон хэвлүүлж, дээр дурьдсан байгууллагууд болон орон нутгийн номын сангуудад зохих үнээр худалдан хүргэхийг БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранцогтод даалгасан байна.
Харин холбогдох байгууллагуудад тараагдсан товхимолд орсон үгнүүдийг зөв бичиж тэмдэглэж байгаа эсэхэд хяналт тавин ажлуулахаар бүх шатны сургуулийн сурах бичиг, хэвлэмэл бүтээгдэхүүнд Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, эрдэм шинжилгээний зохиол бүтээлийн бичлэгт ШУА-ийн тэргүүн Б.Энхтүвшин, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгаа, хаяг шошгоны бичлэгт МХЕГ-ын дарга Р.Содхүү, уран сайхны бичлэгт Соёл урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн нар тус бүртээ хяналт тавьж, мөрдүүлж байхыг үүрэг болгожээ.
Энэхүү стандарт тогтоосон үгсийг харахад бичгийн хэлбэрт буулгах явцад хоёр янзаар бичигдэх гээд байдаг аварга/аварга гэдэг үгийг аварга, азгүйтэх/азгүйдэх гэсэн үгийг азгүйдэх, бич/мич гэдэг үгийг бич, бүжин/бөжин гэдэг үгийг бүжин, гогодох/гогдох гэдэг үгийг гогодох, гайхшрал/ гайхширал гэдэг үгийг гайхширал хэмээн бичиж байна гэж заажээ. Эдгээр үгсээс гадна “Ъ” бүхий үгсийг “Ь” болгон буулгах гэнэ. Тухайлбал, завъяа гэдэг үг завьяа, овъёос гэдэг үг овьёос, харъяа гэдэг үг харьяа, томъёо гэдэг үгийг томьёо хэмээн бичих болжээ.
Мөн сурвалжлага гэдэг үг сурвалжилга, Гарьд гэдэг үг Гарди, Хангарьд гэдэг Хангарди, Төвд/ Түвд гэж бичигддэг үг Төвөд, нөгөөтэйгүүр гэдэг үг нөгөөтээгүүр, ура гэдэг үг урай, цээж гэдэг үг чээж, увидас гэдэг үг увдас, эрхи гэдэг үг эрих, дурдатгал гэдэг үгийг дуртгал гэж бичих аж. Зарим үгийн утгын тайлбарт ч өөрчлөлт орсон байна. Саарь /сайр гэсэн хоёр үгийн саарь гэдэг нь гарынх, сайр гэдэг нь голынх, гацуур/гачуур гэдэг хоёр үгийн гачуур нь модны нэр, гацуур нь мөчрийг нь нэрлэж бичихэд ашиглах гэнэ.
Эдгээр монгол үгсээс гадна гадаад үгс нилээдгүй өөрчлөгдөн бичигдэх бололтой. Тухайлбал, автобус-автобуус, автомат-автмаат, агентлаг-аагентлаг, анкет-анкеэт, виски-вииски, хамбургер-хаамбүүргэр, диско-дииско, доллар-дооллар, жийнс-жеэнс, кафе-кафеэ, лиценз-лицеэнз, мисс-миисс, кофе-коофе, Кока-Кола гэдэг үг Коока-Коола, Пепси-Пеэпси, мафи-маафи, мессеж-меэссэж, секс-сеэкс, лого-лоого, Мобиком-Мобикоом, Гамма-Гаамм, Радио-араажав, бизнес-бийзнес, бизнесмен- бийзнесмеэн, босс-боосс, валют-валюут, супермаркет-суупермаркет зэргээр өөрчлөн ном товхимол, хаяг шошго, самбар зэрэгт бичиж тавих ёстой болжээ.
Мэдээж Монгол улсын төрийн хэлний зөвлөлийн гишүүд мөхөс надаас илүү эрдэмтэй, мэргэн ухаантай эрхэмүүд байгаа гэдэгт итгэж байна. Кирил үсгийн зөв бичих дүрмийн асуудлыг хэлэлцэж, зөв бичих хувилбар тогтоох нь ч зайлшгүй. Гэхдээ нэгэнт монгол үгийн санд хэдийн багтсан Түвд гэдэг үгийг Төвөд гэж өөрчлөх, Бизнесмен гэдэг үгийг Бийзнесмеэн, Мобиком-Мобикоом, Гамма-Гаамм гэж өөрчлөх нь хэр оновчтой вэ. Түүнчлэн монголчууд нийтээрээ Радио гэдэг үгийн утгыг “Богино долгионы хүлээн авагч” гэж ойлгодог. Энэ үгээ ч гадаад гэлгүй зөв бичиж чадна. Гэтэл өнгөрсөн зууны үед өвөө эмээ минь “Араажав” гэж нэрлэж байсан энэ үгийг орчин цагийн бичгийн хэлэнд одоо өөрчилж оруулах нь зохимжгүй санагдана.
Нөгөө талаар мэргэжлийн эрдэмтэн судлаачид зөв бичгийн дүрмийг тогтоох үүрэгтэй байж болох ч олон нийт хэлж заншсан хэвшмэл үг хэлийг өөрчилж орхисноор бичиж тэмдэглэдэг бүхий л зүйлд өөрчлөлт орно. Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нэр, үйл ажиллагааны бичиг данс, хаяг шошгонд хүртэл өөрчлөлт орох нь.
Түүнчлэн бүх шатны боловсролын байгууллагын сурах бичиг ном товхимол ирэх жил бүгд өөрчлөгдөж, дахин хэвлэлтэд орохыг ч үгүйсгэхгүй. Номыг дахин хэвлэж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эдгээр үгсийн зөв бурууг ялгаж салгах гэсээр дахиад л алдаатай бичигчдийн “шинэ үе” төрөн гарах вий дээ. Нэгэнт тогтоосон журмыг тань эсэргүүцээгүй ч , эрхэм Ё.Отгонбаяр сайд та өөрийн баталсан энэхүү тогтоолын хавсралтанд жагсаасан “Ъ” ийг “Ь” болгосон монгол үгнүүдийг, урт эгшиг нэмж оруулсан гадаад үгнүүдийг тайлбарлаж, кирил бичгийн стандартаа нэг сайн үндэслэлтэйгээр тайлбарлаад өгөөч…
/Ё.Отгонбаяр сайдын энэхүү тогтоол нь “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох мэргэжлийн комиссын дүгнэлтийг үндэслэсэн аж.
Бүрэн эхээрээ http://www.mecs.gov.mn/article-706.mw вэб сайт дээр байгаа бол стандарт тогтоосон монгол болон гадаад үгийн дэлгэрэнгүй жагсаалт нь http://www.mecs.gov.mn/data/mecs_laws/Education/Mongol%20ugs.pdf хаягаар орж үзэхэд харагдах болно./
П.Наран NUUTS
URL: