Зориг агсанд холбогдох хэрэг заавал нууц байх ёстой юу
Санжаасүрэнгийн Зоригийн амь насныг бүрэлгэсэн хэрэг 1998 онд гарсан нь 18 жилийн дараа шүүхийн шатанд очив. Эндээс хэрэг шувтрах шатандаа орж байгаа юм байна гэдгийг олон нийт мэдэрлээ. Гэвч, прокурорын байгууллагын яллаж буй гурван хүний гэм бурууг зөвхөн шүүх бүрэлдэхүүн тогтооно гэдгийг дурдах нь зүй. Харин энэ хэрэг шүүхийн шатанд шилжсэнээр нийгмийн анхаарлыг илүүтэй татах болов. “Google” хайлтын системын статистик мэдээллээс харвал, “С.Зориг”, “С.Зоригийн хэрэг”, “С.Зориг шүүх хурал”… зэрэг талийгаачтай холбоотой мэдээллийн хандалт, хайлтууд өссөн бол мэдээллийн “News” агентлагийн “С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшиллоо” гэсэн мэдээллийг нэг өдрийн дотор 50 мянга орчим хүн уншиж, сүүлийн нэг сарын хамгийн өндөр хандалт авчээ. Мөн С.Зоригтой холбоотой мэдээллийг доод тал нь 10 мянган хүн уншиж, сонирхож, сэтгэгдэл үлдээж байгааг хандалтын статистик нь нээлттэй байдаг аль ч сайтаас харж болно.
Гэвч, хүн бүрийн хамгийн их сонирхож байгаа энэ хэргийн зангилаа тайлагдах дөхөх тусам мэдээлэл илүү хаалттай болж эхэлснээр иргэдийн реакци, дотоод итгэл үнэмшил хуулийн байгууллагад нэг төрлийн “сигнал” өгч эхлэв. Хэрвээ, нийгмийн уур амьсгалыг анзаарч байгаа бол “ямар” гэж асуулгүйгээр, яллагдаж байгаа гурван этгээдийн гэм буруутай эсэхэд нийгэм эргэлзэж байгааг тааварлаж ядах зүйлгүй. Тиймээс энэ хэргийг нэг эсвэл хоёр биш, бүхэл бүтэн 18 жил шалгаж эцэст нь гурван хүнийг яллаж байхад иргэд яагаад хуулийн байгууллагын мөрдлөгийн үр дүнд сэтгэл ханамжгүй байгаа вэ, гэдгийг анзаарах л ёстой.
Эргэн санавал, улстөрчдийн сүржин мэдэгдэл бидэнд өндөр хүлээлт бий болгоход багагүй нөлөөлсөн байх талтай. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд энэ хэргийн талаар ам нээгээгүй улс төрийн хүчин, бүлэглэл, фракц байгаагүй бөгөөд ялсан, ялагдсан нам болон Төрийн тэргүүнүүд хүртэл “энэ хэргийг илэрнэ гэдэгт итгэж байна…” гээд анхаарал хандуулж байгаа тухайгаа ярьдаг байв. Үүний сацуу хамгийн шилдэг гэсэн мөрдөгчдийг энэ хэрэгт оролцуулж, тагнуул, тусгайн ажилчдыг ч дайчилж байгаа гэлцдэг байв. Манай улсын нэр бүхий тагнуулын ажилтан хүртэл хэрэгт сэжиглэсэн хүнийг өөр улсаас хулгайгаар авчирч, сүр дуулиан болж байсныг ч бид мэднэ. Ерөнхийдөө, монголчууд маш том аллагын хэргийг эрх мэдэлтэй хүн үйлдэж, түүнийг нь бид мөшгөсөөр 18 жил зарцуулжээ гэх ойлголттой болсон гэдэгтэй маргах хүнгүй байх.
Гэтэл одоогоос жил гаруйн өмнө Орхон аймагт амьдардаг Б.Содномдаржааг бие засахаар гэрээсээ гарах зуур хашаанаас нь, мөн аймагт амьдардаг, “Эрдэнэт” үйлдвэрийн тогоочийн ажилдаа явж байсан Т.Чимгээг автобусны буудлаас тагнуулынхан баривчилсан нь С.Зоригийн аллагатай холбоотой гэгдэж байна. Тэднийг хүн амины хэргээр шоронд суугаа, хамаатан Ц.Амгаланбаатар нь “С.Зоригийн хэрэгтэй холбоотой…” гэж “гөрдсөнөөр” өнөөдрийн үйл явдал өрнөж байна. Гэтэл үнэхээр 18 жилийн турш явуулсан мөрдөн байцаалтын үр дүн нь энэ үү, өнөөх яриад байсан “том, том” зүйл чинь хаачив, энэ хэрэгт нэр холбогдож байсан улстөрчид, эрх мэдэлтнүүд, тэр байтугай С.Зоригийн хэргийг харсан амьд гэрч нь яагаад шүүх хуралд суух шаардлагагүй болчихов… гээд олон асуулт ээрч, иргэд сонирхож байна. Харамсалтай, хэрэг нууцын зэрэглэлтэй байгаа нь олон асуултыг мухардалд оруулж, хуулийн байгууллагынхан амаа үджээ.
Гэтэл наад зах нь, хэрэгтнүүд С.Зоригийг хөнөөгдөх үед үнэхээр 16-тай байсан уу, ар гэрийнхнийх нь хэлж байгаачлан нэг ч удаа хот орж үзээгүй хүүхэд яахаараа С.Зоригийг алдаг юм гэсэн олон асуултад хуулийнхан хариулах шаардлага бодитоор бий болж байна. Өмгөөлөгч нь хүртэл үйлчлүүлэгчээ хамгаалж мэдээлэл өгч чадахгүй, мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байгаа нь энэ хэрэг төрийн нууцад хамаарч байгаагаас үүдэж байна. Мөн үүнийг улс төрийн аллага гэж үзээгүй хэрэг үү, ахуйн хүрээнийх юм уу, зэрэг нууцлаад баймааргүй зарим асуултад зайлшгүй хариулт хэрэгтэй гэдгийг дурдах нь зүй.
Нууц гэж юу вэ
Төрийн нууцын тухай хуульд зааснаар “Төрийн нууц” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хэлдэг юм байна.
С.Зоригийн хэргээр жишээлэн ярих юм бол энэ хэргийг шалгах явцад нууцын зэрэгт хамаарах баримт материал хавтаст хэрэгт багтсан тул нууц гэгдэж байгаа. Яг юу гэдэг нь мэдээж нууц ч шинжээч үүнийг нь “маш нууц” зэрэглэлийнх гэж тодорхойлсон байна. Хуульд зааснаар нууцыг нэгт, онц чухал-маш нууц, хоёрт, маш нууц, гуравт, нууц гэж ангилдаг аж.
Харин С.Зоригийн хавтаст хэрэгт авагдсан материал нь II зэрэглэлийнх бөгөөд Нууцын жагсаалт батлах тухай хуульд зааснаар “…хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримт бичиг…” байвал 25 жил хүртэл нууцалдаг юм байна. Мөн С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор тагнуулын ажиллагаа явуулж, гадаадаас монгол иргэнийг нууцаар авчирсан асуудал бий. Хэрвээ энэ нь хавтаст хэрэгт байгаа бол тагнуултай холбоотой хэрэг нь 60 жил нууцын жагсаалтад багтдаг юм байна.
Нууцаас гаргаж болно
Энэ хэрэг өөрөө ахуйн хүрээний аллага мэт зүйлчлэгдэж орж ирсэн нь ингэж “сүржигнэх” хэрэг байна уу, гэх асуултыг дагуулж байгаа бололтой. Яллагдагч нарт зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл нь Хүнийг санаатай алах гэмт хэрэгт тооцогдоно. Энэ дотроо найман ч ангиар зүйлчлэгдэж орж ирсэн нь хүндрүүлэх нөхцөл болж буйгаас өөрөөр анхаарал татахгүй байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн аллага гэх зүйл анги дотор алга.
Гэтэл энэ хэргийг анх үйлдэгдэхэд цагдаа болон тагнуулаас шалгаж эхэлсэн нь улс төрийн аллага байж магадгүй гэх хардлага байсан. Тухайн үед 1986 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйл буюу Улс төрийн аллага хийх, 86 дугаар зүйл буюу Хүнийг санаатай алах гэх зүйл ангиудаар хавтаст хэрэг үүсгэсэн юм. Мэдээж 62 дугаар зүйлийг тухайн үеийн тагнуулынхан, 86 дугаар зүйлийг цагдаагийнхан хэрэглэж хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн тул цаашдаа ч хамтарсан ажлын хэсэг хэргийг мөрдөх болсон хэрэг.
Харин Олон улсын парламент хоорондын холбооны Хүний эрхийн хорооны тайлангаас үзвэл, 2013 оноос хойш хамтарсан ажлын хэсэгт есөн хүн ажиллаж байсан байна. Монголд ирж ажилласан тус хороо аллагын мөрдлөгийн талаарх сүүлийн жилүүдэд болсон процесс, ирээдүйд хийгдэх мөрдлөгө зэргийн талаар мэдээлэл авч чадаагүй бөгөөд энэ хэрэг нууцын зэрэгт хамаарч байгаагаас манай тал мэдээлэл гаргаж өгөөгүй юм.
Харин парламент хоорондын Хүний эрхийн хороо хэргийг нууцын зэрэгт байлгах хэрэгтэй юу? гэдэг асуудал сөхөж, Монголын тагнуулын алба бүхэл бүтэн 17 жилийн турш энэ хэрэгт ингэж их оролцсоныг ойлгохгүй байгаагаа дурдсан юм. Тэд хэргийн талаарх мэдээллийг нууц байлгах шаардлагагүй, УИХ-ыг Нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн ч бид С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээллийг ил болгохгүй байгаа билээ. Үүнийг дагаад өнөөдөр 18 жилийн дараа олж ирсэн гурван хүн нь чинь энэ юм уу? гэх даажигнал хэргийг илрүүлэх гэж зүтгэсэн он жилүүдийг үгүй хийж байгааг үгүйсгэх аргагүй. “Нууц” гэх энэ хаалтаас болж, яллагдах гэж буй гурван хүний талаар ямар ч мэдээлэл байхгүй бөгөөд ар гэрийнхэн нь тэднийг хилс хэрэгт буруутгаж байна гэж үзсэн хэвээр байна.
Үнэхээр бидэнд хүрч, хэлж байгаа мэдээлэл л энэ байна. “Хилс хэрэг юм биш биз…”, “хот орж үзээгүй хүүхдүүд гэнэ…”, “захиалагч байхгүй юм уу…”, “улс төрийн аллага биш байсан юм уу…” гээд олон энгийн асуулт хариултаа нэхэж, энэ хэвээр хуулийнханд итгэх итгэл буурсаар байна уу, даа.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт амь үрэгдсэн хэргийн яллагдагч нарт холбогдох хэргийн шүүх хурал 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр болсон билээ. Энэ хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шүүж байгаа ч хэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461-р ангийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн юм. Шүүх хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний 10.00 цаг хүртэл хойшлуулсан бөгөөд хэргийн оролцогчид хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргаад байгаа юм.
Харин шүүх хуралдаан хойшилсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зоригтод яллагдагч нарын эрхийг хангах талаар хүсэлт гаргалаа. Тэрээр мөн Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Тагнуулын Ерөнхий Газрын дарга, Хошууч Генерал Б.Хурц нарт хүсэлтийн хувийг илгээсэн юм.
Тэрээр албан бичигтээ:
“Улсын Их Хурлын гишүүн миний сонгогдсон тойрог болох Орхон аймаг болон тус аймгийн Их залуу багийн иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн хууль тогтоох дээд байгууллагад төлөөлж байгаагийн хувьд миний бие нь Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Сайд асан С.Зориг агсны амь насыг бүрэлгэж, хохирол учруулсан хэргийн шүүх хурлыг анхааралтайгаар ажиглаж байна.
2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хийж буй явдал нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлд заагдсан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” хэмээх заалтыг зөрчиж байна. Монгол Улсын иргэн өнөөдөр шударга шүүхээр шүүлгэх эрхтэй бөгөөд шүүх хуралдааныг гагцхүү талуудын тэгш эрхийг хангаж, мэтгэлцээны зарчимд үндэслэн шүүгч эцсийн шийдвэр гаргах зарчимтай байдаг.
Миний бие өмнөх парламентын үед Улсын Их Хурлын гишүүнийхээ бүрэн эрхийн хугацаанд Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд Монголын хуульчдын холбоо болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн албаны хүмүүстэй хамтран урьдчилан хорих ангиудад шүүх хуралдаан явуулдаг нөхцөл байдлыг очиж танилцан, гагцхүү нүүдэллэн хийгдэж буй шүүхээс бусад аливаа шүүх хуралдааныг зориулалтын шүүх танхимд харьяаллын дагуу шийдвэрлэж байхаар шийдсэн хэмээн ойлгож байгаа болно.
Иймд шүүгдэгч Ц.Амгаланбаатар болон бусад холбогдогчдын шүүх хурал нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хойшлогдсонтой холбогдуулан энэхүү асуудалд анхаарч, дараагийн шүүх хурлыг зориулалтын шүүхийн байранд явуулж, шүүгдэгчдийн эрхийг ханган ажиллахыг хүсье” гэжээ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: