Нигерид барьцааны 600 хүнийг чөлөөлжээ

d08d8d0f6146f8d6bigНигерийн арми нь алан хядагч, шашны хэт явцуу үзэлт “Боко харам” бүлэглэлийнхэн барьцаалаад байсан 605 хүнийг сулласан тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Барьцааны хүмүүсийн суллах ажиллагааг энэ сарын 7-оос 14-нийг хүртэл долоо хоногийн турш тасралтгүй явуулсаар амжилтанд хүрчээ. Барьцааны хүмүүсийн 406 нь хүүхдүүд байсан гэнэ.

Сүүлийн үед Нигерийн Засгийн газар “Боко харам” бүлэглэлийн эсрэг өргөн хүрээтэй тусгай ажиллагаа явуулж байгаа юм. Энэ ажиллагааны хүрээнд арваннэгдүгээр сард Чад нуурын орчмыг алан хядагчдаас цэвэрлэж, барьцааны 85 хүнийг сулласан. “Боко харам” нь Нигери улсын нутагт лалын шашинт хаант улс байгуулах зорилгоор улсын хойд, зүүн хойд нутагт үйл ажиллагаа явуулдаг алан хядах бүлэглэл юм. Тус бүлэглэл өрнөдийн соёл, боловсрол, ардчилал, эрх мэдлийг хуваах зарчим зэргийг эсэргүүцдэг. Сүүлийн зургаан жилийн хугацаанд “Боко харам” бүлэглэл ба Засгийн газрын арми хоорондын зэвсэгт мөргөлдөөний явцад 20 мянга орчим хүн амиа алдсан байдаг.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих