Н.Батцэрэг: Үндэсний үзэл, ардчилал хоёр нэг эрх ашгийн хоёр тал юм

МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Намдагийн Батцэрэгтэй уулзаж ярилцлаа.

Яриагаа сүүлийн үед таны бичээд байгаа нийтлэлүүдээс эхлэе. 5-р үндсэн хууль хэрэгтэй болжээ гэж хэд хэдэн удаа бичсэн байх юм, энэ тухайгаа ярих уу?

Уул нь би Үндсэн хууль ярих хэмжээний улс төрч биш гэж өөрийгөө дүгнэдэг  хүн байгаа юм. Энэ том асуудлыг тэр талын мэргэжилтнүүд, үндэсний хэмжээний том улс төрчид нь ярина биз би юу ч билээ  гэж боддог,  янз бүрийн санаа оноо байсан ч тэр тухайгаа хамаагүй гаргаж ярихаас  санаа зовдог гэхүүдээ, тиймэрхүү байлаа.

Одоо бол ярьдаг болоод байгаа биз дээ?

Харин тийм.  Ярих хэмжээнд очсон нь нэг бодлын тун энгийн. Өнгөрсөн жилүүдэд бүх аймгууддаа заримд нь хэд хэдэн удаа улс төрийн ажлаар очсон байдаг, 220 гаруй сумдаар орсон байдаг, зүгээр дайраад өнгөрөх биш дандаа хүмүүстэй уулзаж ажил амьдралтай нь танилцаж явсан, гадаадын ч нилээд орноор явлаа, манай нийгмийн хамгийн мэдээлэлтэй, буйр сууриа олсон бизнэсменүүд их дээд сургуулийн зэрэг цолтой багш нар гэх мэт хэсгийнхэнтэй ч уулзаж санаа бодлыг  нь сонсож өөрсдийн улс төрийн байр суурийг тайлбарлаж байна.

Сүүлийн хэдэн  жил Монголчуудын үндэсний үзлийг улс төрийн хөтөлбөр болгох чиглэлд ажиллалаа. Энэ агуу үзэл, Монголчуудын төрт ёсны их өв гэдгээс гадарлах болоод эхлэхэээр мөн дээр хэлсэн үзсэн дуулсан уншсан мэдсэнээ нэгтгээд  харахаар яах аргагүй өнгөрсөн зууны 4 үндсэн хуулиа задлан шинжлэх цэгнэн дүгнэх бололцоотой болдог юм билээ. Үндэсний үзлээр зэвсэглэнэ гэдэг уулын орой, өндөрлөг газар гараад алсыг  харахтай адил хүнд холч хараа суулгадаг юм байна. Хөдөө мал эрж яваа хүн бушуухан л уулын оройгоод гараад дурангаа бариад суудаг. Өндөр дээрээс жалга судаг, хотгор гүдгэр болгоныг нэгжиж  хараад алдсан малаа олж болдог шиг л үндэсний үзлийн өнцгөөр нийгмийн амьдралаа бүхэлд нь тольдон харах юм бол алдаа оноогий нь зөв олж харж чадна. Үндэстнээрээ бэрхийг даван хөгжилд хүрэх тухай асуудлыг иж бүрнээр авч харах  ёстой юм байна гэдгийг ухаарна, энэ нь үндэсний үзэл дээр суурилсан шинэ  Үндсэн хууль хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоно гэсэн үг л дээ. Тэгээд бид 5-р Үндсэн хуулийн төсөл боловсруулж олон түмэнд толилуулсан юм. Энэ төсөл дээр ажиллах явцад маш их зүйлийг сурч ойлгосон.

Тэгээд таныг үндэсний үзэлтэн, үндсэн хууль ярих хэмжээний улс төрч болжээ гэдгийг олон нийт мэдэж байгаа болов уу? Ихэнхи нь гишүүн асан, нөгөө хөдөөгийн фракцын Батцэрэг л гэх байхдаа..

Намайг юу гэж ойлгодог, мэддэг нь асуудал биш ээ. Ер нь бол 1996-2000 оны УИХ-дахь  хөдөөгийн фракц нь  тухай үеийн үзэл санааны эрэл хайгуулын үр дүн болж  улс төр, аж байдлын уламжлалт соёлоо ямар нэгэн хэмжээнд  тээгчид болон  гадны  шинэ соёл, үзлийг түгээгчдийн хоорондох зөрчилийн л илрэл болж гарч ирсэн байдаг л даа. Коммунизмын дараах хоосон орон зайд болсон үзлийн тулаанд үндэсний үзэл цаг зуурын ялагдал хүлээсэн юм, энэ нь ч аргагүй үндэсний үзэл цэгцтэй улс төрийн хөтөлбөр болж томъёологдож чадаагүй, тэгж томъёолох хүмүүс нь нэгдэж бүрдээгүй байсан, тийм цаг хугацааны ч бололцоо байгаагүй. Тэгээд ч Ардчиллын эхний 10 жилд ардчилал өөрөө бие даасан үзэл мэт ойлгогдож, бас ч гэж нийгмийн хөгжлийг чирэгч, чиглүүлэгч болж чадаж байсан л даа.  Үүний тод илрэл нь бид Дашбалбарыгаа улс төрчийнх нь хувьд ойлгож хүлээж авч чаддаггүй байсан шүү дээ, тэр маань ч үзэл бодлоо хурц омголон илэрхийлнэ. Одоо Балбарын бичиж, хэлж ярьж байсныг хараарай, тэр  жинхэнэ гал халуун үндэсний үзэлтэн шүү.

Үндэсний үзэл ардчилалтайгаа яаж зохицох вэ? Та нарыг ардчиллын эсрэг юм шиг ойлгуулдаг шүү дээ.

Харин тийм.Хэн нэгнийг нөгөөгийн эсрэг юм шиг харуулж, сөргөлдүүлж, тэрсэлдүүлж  үүнийгээ ардчилал ийм байдаг гэж ойлгуулж тэндээсээ хожоо хийдэг нэг хэсэг хүн төрд гарснаас үүдэлтэй юм. Ардчилал үндэсний үзлээр заавал баяжигдах ёстой, тэгж байж монголчуудад ээлтэй нийгэм, улс төртэй болно. Би монгол ардчиллын төлөө байдаг, анхнаасаа л тийм байсан, МоАХ, АН-ын анхны жирийн гишүүд дэмжигчид бүгд анхнаасаа ардчиллыг Монгол хүн  эх нутагтаа бусдын хараат бус, үндэсний соёл, шашин дэлгэрсэн, өөрсдийн тааваараа амьдардаг нийгэмтэй болохын төлөө гэж ойлгож  хүлээж авсан. Амьдралын чанар сайжирна, баг сумаараа,  аймаг, нийслэлээрээ бүгд хөгжинө гэж итгэж байсан. Тааваараа амьдрана  гэдэг их чухал ойлголт шүү.

Тааваараа амьдрах чинь илүү хөдөөний амьдралын ойлголт юм шиг сонсогдоод байх юм.

Бас зөв байна, чи үгийг монголоороо сэтгэж хүлээж авч байна. Айраг уухад хүртэл та  “тааваараа тавьж суугаад уугаарай” гэдэг биз дээ. Гэхдээ зөвхөн хөдөө биш хотод ч тааваараа амьдарч болно. Одоогийн манай Улаанбаатар бол монгол хөгжлийн онцлогийг тусгасан монгол хот болж чадаагүй. Тааваараа амьдрах биш амь дүйж арай ядан амьдрах нөхцөлтэй байгаа. Яагаад гэвэл ямар ч төлөвлөгөөгүй, бодлогогүй 20 жил явлаа. Манай нийгэм бүхэлдээ ямар ч цэгцтэй бодлогогүй, төлөвлөгөөгүй явсны тод илрэл нь өнөөдрийн Улаанбаатар. Хүйтний улирлын утаа, дулааны улирлын тоос шороо гээд хоёрхон проблемийг нь дурьдахад л гамшигийн хэмжээнд очсон, үүнийг би биш төрийн тэргүүн хэлээ биз дээ. Иймээс монгол хүн хотод тааваараа амьдрахын тулд монгол хот төлөвлөлтийн бодлого хэрэгтэй. Бид цөөн тоотой үндэстэн. Хэдэн зуун сая хүнтэй улсууд шиг эсвэл газар нутаггүй арлын улс шиг нийслэлдээ бүгд шавах шаардлага бидэнд огтхон ч байхгүй. Улаанбаатрын хүн амын ачаалалыг хоёр дахин  багасгах төлөвлөгөө гаргаад л хоёроос гурван монгол төлөвлөлттэй дагуул хот байгуулахад л Монгол хүн хот газар тааваараа амьдрах бололцоо бүрдэнэ.

Тааваараа амьдрана гэдэг ч нээрэн сэтгэлгээний ойлголт юм байхаа даа.

Тийм, энэ чинь Монгол хүний эрх чөлөө, ардчиллын тухай сэтгэлгээний  ойлголт, тааваараа гэдэг  өөртөө болон өөрийнхөө амьдралд хүндэтгэлтэй хандахыг  төрөөсөө хүсч байгаа хэрэг. Гэтэл одоо Монгол хүн залхуу наазгай учраас зах зээлийн өрсөлдөөнд  амьдарч чадахгүй тал нь ядуурчихлаа, монгол буддын шашин бүдүүлэг, зан үйл нь заваан, ариун цэвэргүй учраас христүүдэд орон зайгаа алдаад байна, монгол хонины мах хлостерин ихтэй учраас өвчлүүлдэг, будаа ногоо их идсэн нь дээр гэх мэтээр маш олон зүйл дээр үндэсний тал бүрийн соёл, ахуй, аж байдал болгоноо бүдүүлэг, хоцрогдсон, хөдөөний хэмээн адалдаг боллоо шүү дээ. Иймээс одоогийн Ардчилсан гэсэн нэрэн халхавчтай нийгмийнхээ Монгол үндэстэнд халтай алдаа оноог бүрэн олж таних ёстой.

Тэгж байж үндэстний үзэлтнүүдийн яриад байгаа жинхэнэ Монгол ардчилал бэхжих үү?

Яг зөв, Монгол ардчилал гэдэг чинь Монгол газар нутаг дээр монгол хүн  үндэстнээрээ сайхан амьдрах боломж бүх талаар бий болгосон нийгэм цогцлоохыг л хэлж буй хэрэг шүү дээ. Ингэж байж бид хэдэн мянган жилийн түүхтэй агуу Монгол иргэншилээ авч үлдэнэ. Монгол газар нутаг бол Монгол иргэншилийн өлгий байсан, цаашид ч үеийн үед  байх ёстой гэвэл “үгүй” гэх монгол хүн гарах уу даа.

Нэг хэсэг улс төрчид, МАН ч бай АН ч бай ялгаагүй ардчилал хөгжиж байна л гэж яриад байгаа биз дээ.

Үгүй юмаа, тэд маань статистик тоон дүнгээр баримжаалаад л будилж байгаа байх, хэрвээ монголд ардчилал жинхэнээрээ хөгжсөн бол яахаараа сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт гараад  байхад ажилгүйдэл, ядуурал буурдаггүй юм, яахаараа хүн амын дунд янз бүрийн өвчлөл буурах биш өсөн нэмэгдэх байдалтай, яахаараа хүн амын дундах гэмт хэргийн байдал үүний дотор хүн амины болон байгал экологийн эсрэг ноцтой гэмт хэрэг буурах биш өсөн нэмэгдсэн байдалтай байдаг билээ, яахаараа амиа хорлогчдын тоо буурдаггүй билээ, яахаараа гэр бүлийн задрал ихэсч ёс суртахууны доройтол урд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээнд хүрэв, гэх мэт яагаад? яагаад? гэсэн хариулт нэхсэн нийгэм, улс төр, эдийн засгийн өч төчнөөн асуудлыг  аваад үзэхэд монгол хүн,  монгол гэр бүлд ээлтэй ардчилалыг бий болгож, хөгжүүлж чадаагүй байна гэж харагдана.

Монгол ардчилал гээд байгаагаа тодруулахгүй юу?

Монгол үндэстэн, монгол эх орныхоо бүх талын онцлогыг тусгасан нийгэм эдийн засаг, улс төрийн бодлого явуулъя л гэж байгаа хэрэг шүү дээ. Монгол хүн эх нутагтаа гадныханд шахагдан ядуурдаг, дорой дуутай доогуур харцтай болсон байдал яав ч байж болохгүй, үүнийг таслан зогсоохыг л монгол ардчиллыг бий болгох гээд байгаа юм. Ер нь бол ардчилал хүн төрлөхтний нийтлэг үнэт зүйл, гэхдээ үндэсний хүчин зүйлийн хил хязгаар дотор л хөгжих ёстой, үүнээс халихаараа завхрал болж байгааг манай амьдрал нотлож байна. Бас ардчилал байж гэмээ нь үндэсний ухамсар сэргэж үндэсний үзэл улс төрийн хөтөлбөр болгон томъёологдох бололцоотой болж байна. Тиймээс ардчилал, үндэсний үзэл хоёр нэг эрх ашгийн салшгүй хоёр тал юм. Энэ салшгүй хоёр талаас л чухамдаа үндэсний ардчилсан үзэл санааны онол, Монголоо хөгжүүлэх, үндэстнээ бүх талаар нь босгож ирэх хөтөлбөр гарч байгаа юм л даа.

Өнөөгийн улс төрчид ийм бодлого явуулж чадахгүй байгаа нь хэвлэлээр бичээд байгаа шиг  улс төрчид маань үнэхээр гадныхны гар хөл болоод байна уу?

Уул уурхайн салбарт болж буй үйл явцыг харахад манай зарим  улс төрчид үнэхээр гадны санаатай бодлогын гар хөл болж байна. Ер нь бол идэвхитэй улс төр хийж буй улс төрчидийг хоёр ангилж болно. Мэдсээр байж Үндсэн хуулиас үүдэлтэй тогтолцооны алдаан дээр зориудаар, санаатай тоглох замаар их мөнгө хийж буй хэсэг, тогтолцооны алдааг ойлгон засахын төлөө яваа хэсэг гэж.

Үндсэн хуулиас үүдэлтэй тогтолцооны алдаа гэдгийг арай илүү тайлбарлаж болох уу?

Товчдоо, Үндсэн хуулийн оршил хэсэгт Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэж зорилт дэвшүүлсэн ч яг амьдрал дээр амьтанлаг, бужигнан тэрсэлдсэн зэрлэг капитализм бий болсон. Энэ нь аргагүй юм. Яагаад гэвэл, Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэдгийгээ хүн төрлөхтний жам ёсны хөгжлийн зам гэж буруу ойлгон, буруу сурталдаж байгаа. Үүнээс үүдэн жишээ нь ядуурал, гуйланчлалыг байх л зүйл, дэлхийн хаана ч байна гэх мэт хэдэн зуун сая хүнтэй улс орнуудтай цөөхөн монголчуудыг адилтган буруудаж байна. Хүн төрлөхтний жам ёсны хөгжил гэж байхгүй, урьд өмнө ч байгаагүй, одоо ч байхгүй. Бүгдэд нь таардаг, хаана ч хэрэглэж болдог тийм хөгжлийн жор, зам мөр гэж байхгүй юм байна. Улс орнууд өөрийн үндэсний онцлогтоо таарсан хөгжлийн замыг сонгож чадсан нь өсөн дэвжиж чадаагүй нь уруудан доройтсон ийм л түүх байгаа. Өнөөгийн зөрчилдөн, тэмцэлдэн, даяарчлагдан буй дэлхий ертөнцөд буурай орнууд том гүрнүүдийн зөөлөн колончлолд автан баялагаа цөлмүүлэх, улмаар үндэстэн уусан арилах, арчигдан үгүй болох аюул маш их байгаа юм. Манай орон, монгол үндэстэн бодлогын ноцтой алдааны харгайгаар энэ гунигт зам руу нилээд гүнзгий хальтран орсон байгаа.

Хальтарсан уу, түрүүний хэлсэн шиг санаатай хальтруулаад байна уу?

Дотоодын зөрчилийг дэвэргэх нь үндэсний үзэлд харш юм л даа. Тэрнээс биш санаатай хальтруулж, унагаж буй хэсгийг нэрлэж болно. Хамгийн гол нь хальтран орсон буруу замаас татан гаргах нь л үнэнхүү чухал ажил болоод байна. Үндэстнээрээ даргитал хөгжсөн зам дээр гарахад үндэсний ардчилсан үзэл санаа манай зам мөрийн чиглүүлэгч нь байх болно. Иймээс л үндэсний ухамсар, үндэсний үзэл өнөөдөр ус агаар шиг хэрэгтэй байна.

Үндэсний үзлийг номлож буй танд болон танай намынханд амжилт хүсье.

Баярлалаа. Ер нь бол үндэсний үзэл ганц манай намын сэдэв биш нь ойлгомжтой. Бид дангаараа өмчлөх гээд ч чадахгүй. Энэ үзэл онол чинь нийт монголчуудад өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн цааш нь өртөөлөн өвлүүлэх учиртай ийм л эрхэм нандин үнэт зүйл юм. Харин монгол хүн бүр үүнийгээ ойлгох нь л нэн чухал байна.

Ярилцсан Ч.Явуухүү


URL:

Сэтгэгдэл бичих