”Тавантолгой”-г Шиньхуа группт зарах сонирхол байна
Өнгөрсөн Баасан гаригт Монгол Улсыг бүрэн төлөөлсөн 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Шиньхуа” групптэй анхны уулзалтаа хийсэн юм. Уулзалтаар Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаар хэлэлцэж “Шиньхуа” хөрөнгө оруулах сонрхолтой байгаагаа илэрхийлсэн. Тавантолгой бол монголчуудын болоод олон улсын хараан дор шийдэгдэхээр болоод буй баялгийн томоохон үүц юм.
Гэвч хэрхэн, яаж ашиглахаа шийдэж чадалгүй олон жил болж буй юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны гуравдугаар сард Чалкотой төлөх байгуулсан гэрээ болон тус компанид төлөх ёстой өрийн асуудлаас үүдэнд хэлэлцээ гацаанд орлоо хэмээн мэдэгдсэн.
Ямартай ч салбарын сайд Тавантолгой төслийг ойрын халуун сэдэв байна гэж онцлоод байна. Уулзалтын үеэр өрнөсөн онцлох үйл явдлыг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. “Тавантолгой” төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй өмнийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогцоор шийдэх байдлаар хэлэлцээг үргэлжлүүлэх бодлого барихаа мэдэгдлээ
Баримт 2. Энэ удаагийн уулзалт албаныхны тодотгосноор М.Энхсайханы ахалж байсан хэлэлцээрийн үргэлжлэл. М.Энхсайханы баг “Таван толгой”-г Японы “Сумитомо”, Хятадын “Шинхуа” Монголын “Энержи ресурс” гэсэн хослолоор кзах зээлийнх нь жамаар урагшлуулах хувилбар гаргаж байсан ч түр зогссон. Тэгвэл дахин үргэлжлүүлэх эхний алхамыг хийж “Шиньхуа”-тай уулзлаа.
Баримт 3. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Шиньхуа группын төлөөлөлтэй тусгайлан хаалттай уулзав. Мөн тэрбээр “Тавантолгой” ойрын халуун сэдэв байх болно хэмээн онцолсон юм.
Баримт 4. Албан мэдээнд Ерөнхий сайд захирамж гаргаж “Шиньхуа” “Энержи ресурс”, “Сумитомо”-той эхлүүлсэн хэлэлцээрийг албан ёсоор үргэлжлүүл, өмнөх нөхцөлийг сайжруул гэсэн үүрэг өгчээ.
Баримт 5. “Таван толгой”-н ордыг сорчилж түүхийгээр нь ченжлэн зараад дуусч буй “Чалко” хувилбарыг эцэс болгохоор ажиллаж эхэлсэн Засгийн газар олзуурхаж байна.
Баримт 6. Сангийн яам ирэх онд бондуудын төлбөр 580 сая ам.доллар төлнө. Тавантолгойдоо хөрөнгө оруулалт татаж, цогцоор нь шийдэхийн оронд “Шиньхуа”-д зараад урьдчилгаа төлбөр гэж авъя гэсэн саналыг шийдвэр гаргах түвшний хэд хэдэн хүн хүчтэй тавиад эхэлсэн гэх “чимээ” байна.
Баримт 7. “Тавантолгой”-н ажлын хэсгийн үдээс хойших хаалттай ажлын хэсгийн зочид нь “Хишиг арвин Индустриал”, “Грандповер”, “Олборлолт”, “Үндэсний олборлогч” “Моннис” зэрэг үндэсний уул уурхайн компаниудын төлөөлөл байв. Эдгээр компанитай уулзсан нь төсөлд туслан гүйцэтгэгчээр орох техникийн боломж, үнийн санал зэргийг сонирхжээ.
Баримт 8. Энэхүү уулзалт нь Далай ламын айлчлалын дараахан эвгүйдсэн Хятадын талын таагүй уур амьсгалыг “Шиньхуа” Тавантолгойд оролцоно гэж мэдэгдсэнээр зөөлөрлөө гэсэн эерэг таамаг гарах болов.
Баримт 9. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японд хийсэн айлчлалын үеэрээ “Энержи ресурс” компани Японы Сумитомо”-той нүүрсний борлуулалтын маркетинг дээр хамтран ажиллах “санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь өмнө нь яригдаж байсан Тавантолгой дээр хамтарч ажиллахаа засгийн түвшинд илэрхийлчихсэн.
Баримт 10. Уулзалтын үеэр “Чайна Шиньхуа Энержи” компанийн Гадаад хөрөнгө оруулалтын захирал Лу Бин “ Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээг үргэлжлүүлэх, “Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа бид илэрхийлж байна” гэжээ.
Баримт 11. Засгийн газрын зайлшгүй хийх ёстой ажил нь “Тавантолгой”-н төслийг урагшлуулахад байгааг ажиглагчид хэлж байна.
Баримт 12. “Тавантолгой”-н уулзалттай холбогдуулан судлаачид эхнээсээ болгоомжилж эхлээд байна. Шинжээч Л.Наранбаатар “Сангийн яам хавиас Тавантолгойг “Шиньхуа”-д зараад “Чингис” “Самурай” бондын өрүүдээ даръя гэх санаачилга гаргаж байгаа дуулдсан. Ингэвэл Тавантолгойн нүүрсийг Япон Солонгосын зах зээлд гаргаж 300 ам.доллараар зарах үлгэр болно” гэжээ.
Баримт 13. Үндэсний уул уурхайн компаниуд “Тавантолгой”-н хэлэлцээрийг үргэлжлүүлэх уулзалтын дараа “Хятадын талтай хамтарч ажиллахаас өөр боломж байхгүй. Хятад ямар ч талаараа ач холбогдолтой” гэсэн байр сууриа илэрхийлээд байна.
Баримт 14. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа Монгол Улсын гадаад бодлогод баримтлаж буй гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ.
Баримт 15. Засгийн газар Тавантолгойг хөдөлгөх гэж өнгөрсөн наймдугаар сараас хойш толгой өндийх завгүй ажиллажээ.
Баримт 16. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудал цогцоор шийдэгдэнэ.
Баримт 17. Ажлын хэсгийнхэн “Шиньхуа”-тай консорциум болж хэлэлцээрт орсон ”Сумитомо”, “Энержи ресурс” хоёртой тусгайлан уулзах эсэхээ өнгөрсөн баасан гаригт хэлсэнгүй.
Баримт 18. Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн байдаг.
Баримт 19. Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ.
Баримт 20. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бөгөөд Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор тус ордыг стратегийн ордод хамааруулжээ.
Баримт 21. “Тавантолгой”-н хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсгийн уулзалтад “Шиньхуа” группийн талаас группийн дарга Lu Bing, ерөнхий менежер Liu Xiang нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцох үеэрээ “Таван толгойн төслийн тендерт бид хоёр ч удаа орж, мөн хоёр удаа ялсан” гэжээ.
Баримт 22. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаар 2008-2012 оны парламент УИХ-ын 39, 40 дүгээр тогтоолыг баталсан. Тиймээс С.Батболдын Засгийн газар 2010 онд “Таван толгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах анхны тендерийг зарлаж, 15 оролцогч Монголын коксжих нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулах хүсэлтээ ирүүлж байв.
Баримт 23. ”Тавантолгой” хөдлөхүү гэсэн хүлээлт үүсээд жил болж байна.
Баримт 24. ”Тавантолгой” төслөө ямар замаар яаж хөдөлгөх бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад бий болоод байна.
24tsag.mn
URL: