Ангижрахуйн хязгаар Каппадоки

Бүхнээс холдох, хүмүүс, нийгэм, дуу чимээ, бодлоосоо хүртэл ангижрахыг хүссэн даяанчид IV зуунд гадаад өртөнцөөс алслагдсан, үй түмэн агуйтай энэ хязгаарыг зорьдог байжээ. Одоогоос хэдэн сая жилийн тэртээ Бага Азийн хамгийн өндөр галт уул Эржиес-Даг дэлбэрч, элстэй холилдсон үнс, лаав Гереме хөндийг бүрхэн, хэдэн мянган хавтгай км талбайг эзэлсэн. Он жилийн уртад энэ том тавцан бороо салхинд элэгдсэн конус хэлбэрийн уул болон тогтсоныг Каппадоки хэмээн нэрийджээ. Хэдэн арван км үргэлжлэх, өнгө өнгийн чулуун багана, тоо томшгүй агуй, тал бүрээсээ далайгаар хүрээлэгдсэн энэ хязгаар одоогийн Турк улсын байгалийн өвөрмөц, үзэсгэлэнт газруудын нэгд ордог.

Бурханд ойрхон…

Тэндхийн агуйг өөртөө зориулан тохижуулж, засаж болно. Элс лаавын холимог хөрсийг гараараа ухаад л агуй болгочихдог байсан гэдэг. Европ, тэр дундаа Ромоос Христийн шашны мөргөлчид, даяанчид олон мянган км замыг туулан энд ирэхдээ “Бурханд ойрхон” хэмээн дуу алддаг аж. Тэд уулын бэлд, газар доогуур агуй нүхлэн бүхэл бүтэн сүм байгуулж, өнгө өнгөөр алаглуулан будсан ханыг ширтэн ертөнцийн хаа нэгтээ амьдарч буй хүмүүс, шуугиант хот, түмний анирыг сэтгэлдээ хардаг гэлцдэг. Агуйн сүмийн үүдэнд алим ургасан байвал “Алиман”, сүүдэр газарт байгааг нь “Харанхуй” гэхчлэн нэрлэжээ. IV зуунд Каппадокид Архангелийн сүм нээгдсэн бөгөөд 325 онд Иерусалимаар аялж явсан Елена хатан тэнд саатан хоноглосон гэх домог бий. Каппадокийн агуйн сүмүүдийн хана, адар, хаалга дээр өнгө өнгийн будгаар Христ, Гэгээн Марийн хөргүүдийг зурсан нь бий. Өндөгний шартай бас бус бодис хольсон будаг ус чийгэнд арилахгүй, он удаан жил болсныг мөргөлчид “Бурханд ойрхон учраас” хэмээн тайлбарлана. Эртний Византийн соёлын эдгээр тусгалыг уран баримал, зургийн шэдээврүүд гэж мэргэжилтн үүд үнэлдэг байж.

Газар доорх хот

Агуйн сүмээс ч өмнө бий болсон хотууд Каппадокид бий. МЭӨ 2000 жилийн өмнө үүссэн гэж газар доорх хотуудын талаар судлаачид ярьдаг. Бага Азийн Ассир тэргүүтэй улсаас нүүж ирсэн, ямар ч юм шалтгаанаар энд буйгаа мэдэгдэхийг хүсээгүй хүмүүс газар дор хот байгуулсан аж. Эзнээсээ оргосон боолууд, Ромын гладиаторууд, Византийн эзэнт гүрнээс зугтсан хүмүүс тэнд ирж, Гереме хөндийн өмнөд хэсэгт Каймакли, Дерин-Кью хотыг үүсгэсэн гэнэ. Каймаклийн дөрвөн хэсэгт хуваагдсан хорооллын оршин суугчид урт, уужим хонгилоор явж, хотын төвд хүрдэг байсан бөгөөд тэнд бараан зах, дархны газар, талх боов хийдэг газар оршдог аж. Харин Дерин-Кью нь 85 метрийн гүнд байдаг, зургаан давхартай, давхар бүртээ хороололтой, мөн л хотын төв рүү чиглэсэн хонгилтой байж. Хот бүрт 6-8 мянган хүн амьдардаг, хүнс хадгалах зоорь, худаг, агааржуулагч, усан үзэм исгэж дарс хийх чулуун савтай байв. Газар доорх хотод хүмүүс төрж, амьдарч, хуримлаж, үр хүүхэдтэй болж, үхэж, мөн л тэндээ шингэдэг байжээ.

Аюулаас, дайнаас, үхэл хагацал, цус урсгасан тэмцлээс хол ингэж амьдрахдаа тэд хотоо тохижуулж, дайснаас хамгаалах бүхий л зүйлсийг өөрсдийн гараар босгосон аж. Тухайлбал, хотын гадуур гүн нүх ухаж, навч, ургамлаар түүнийгээ халхалсан байдаг аж. Дайснууд хот руу дөхөж ирсэн ч өнгөлөн далдалсан нүхэнд унана. Каймакли, ДеринКью хотыг холбосон урт нарийхан хонгилыг хожим нь археологчид илрүүлсэн. XIV зуунд Византийн эзэнт гүрэн задарч, Туркт лалын шашин дэлгэрчээ. Туркүүд Каппадокид Христийн шашинтнууд амьдарч байгааг мэдсэн ч нутгийн иргэдийг түйвээлгүй, иргэншил, соёлд нь хүндэтгэлтэй ханддаг байв. Аажимдаа Греме хөндийн сүмийн зарим нь нурж, лам нар нь таран оджээ.

Одоо бол аялал жуулчлалын томоохон бүс болсон Каппадокид Христийн шашинт туркүүд, курдүүд амьдардаг. Мөнөөх л олон агуйг тохижуулан, өрөө гаргаж, нутгийг нь үзэхээр ирсэн гаднынханд үйлчилж, байгалийн өвөрмөц тогтцынх нь талаар тэдэнд танилцуулдаг. Хэзээ нэгэн цагт тэнд амьдарч байсан хүмүүсийн түүхийг өгүүлэх газар доорх хот, бурханд ойрхон агуйг иргэншсэн, техникжсэн хотоор тэд сольж чаддаггүй гэлцдэг.

Х.ОД

mongolnews


URL:

Сэтгэгдэл бичих