Эдийн засгийн хямралаас болж өдөрт 1-2 компани дампуурлаа зарлаж байна

1481540702584e845ece8c7Эдийн засгийн хямрал нүүрлээд багагүй хугацааг үдлээ. Энэ хооронд иргэдийн аж амьдрал туйлын хүндэрч талхаа бүтнээр авч идэж чадахгүй таллаж авдаг болов. Хоногийн хоолтой хонохын тулд хоёр төмс нэг лууван, хэдэн грамм махаар гол зогоож өлөн зэлмүүн нэрвэгдэж амь тавихгүй тулд тэмцэж байна. Ажилгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, айл гэрт ажилгүй иргэд олширчээ.

Тухайлбал, мониторинг хийдэг байгууллагаас үйлчилгээ явуулдаг үйл ажиллагаа эрхэлдэг хувийн компаниуд цалингаа тавьж чадахгүй, санхүүгийн алдагдалд орж өдөрт 1-2 компани дампуурлаа зарлаж хаалгаа барьж байна гэсэн судалгааг гаргажээ. Цаашид үйл ажиллагаагаа явуулах чадваргүй болж, ажилчдынхаа цалинг тавьж чадахааргүй болсон тул аргагүй эрхэнд үйл ажиллагаа нь зогсож, “амь” тавьж байна.

Түүнээс гадна энэ хямралд хамгийн ихээр өртөж байгаа тухайгаа хувиараа худалдаа, наймаа эрхлэгчид өчигдөр мэдээлэл хийв. Тэдний хувьд сүүлийн жилүүдэд орлого нь огцом буурсан бөгөөд өдөртөө нэг ширхэг бараа зарж чадахгүй буух тохиолдол цөөнгүй болсон тухайгаа ярив. Улмаар байр, машины зээлтэй хүмүүс дахин зээл авахаас өөр аргагүйд хүрч, хоногийн зээлдэгчдээс өндөр хүүтэй мөнгө зээлдэг байна. Ингээд нэгэнт наймаа муу тул өнөөх зээлээ төлж чадахгүй, хоногийн хүүнд дарлуулж эхэлдэг байна.

Өнөөдөр зах худалдааны төвүүдэд лангуу ажиллуулдаг иргэдийн 80 хувь нь ямар нэгэн зээлтэй гэдэг судалгаа гарчээ. Өдрөөс өдөрт нөхцөл байдал нь улам дордож, амьдрал ахуй нь уруудах болсон худалдаа эрхлэгчид нэгдэн холбоо байгуулахаар ажиллаж байна. Тэд Монголын өнцөг булан бүрт жижиглэн худалдаа эрхлэгч 200 мянган иргэний эрхийг хамгаалахаар ийнхүү нэгдсэн тухайгаа дуулгалаа. Үйл ажиллагаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд энэ хооронд худалдаа эрхлэгчдийн дунд судалгаа хийж үзэхэд 80 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар зээлтэй гэсэн дүн гарчээ. Түүнчлэн тэдгээр зээлтэй иргэдийн 40 хувь нь хугацаа хэтэрсэн зээлтэй аж. Тэдний зээлийн хүү маш өндөр бөгөөд банкнаас авсан зээлийн хүү нь ч өндөр байдаг байна.

Иймд энэ асуудлыг төр засгийн зүгээс сайн хуулиар зохицуулж өгөхийг тэд хүсэж байна. Учир нь Монгол улсын төр засаг 20 гаруй жил улсаас юу ч хүсээгүй өөрөө өөртөө ажлын байр бэлдэж ирсэн эдгээр хүмүүсийг харж үзэж байгаагүй. Иймээс эдийн засгийн хүнд нөхцөлд гал алдаж байгаа эдгээр иргэдийн эрхийг хамгаалахаар хүү багатай урт хугацааны зээл олгож өгөхийг хүсэж байгаагаа хэвлэлийн хурлаар дамжуулан уламжлав.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих