Улсын начин Д.Сугаржаргалыг санаатайгаар хөнөөхийг завджээ
2016 оны 11- сарын 28-ний шөнийн хоёр цагийн орчим УИД-ын хажууд байрлах “Аригу” гэх бааранд улсын начин Д.Сугаржаргалыг хэсэг нөхдийн хамт сууж байхад нь гаднаас үл таних 4 залуу орж ирэн архины шилээр Д.Сугаржаргал начны толгой тус газар луу нь цохин ухаан алдуулжээ.
Дараа нь дээрх залуус хагарсан архины шилээр Д.Сугаржаргалын нүүрийг сийчин зэрэмдэглэсэн нь баарны хяналтын камерт тодхон бууж үлдсэн байна.
Хамгийн гол нь тус бичлэг дээр “Аригу” баарны хамгаалтын хоёр ажилтан ямар хариу арга хэмжээ авахгүй байсан бөгөөд үл таних залуусыг орж ирэхэд нь хаалгаар буцан гарсанааас ажиглахад тус хэрэг зохион байгуулалтай хэрэг байж болзошгүй гэж улсын начин Д.Сугаржаргалын ар гэрийнхэн үзэж байгаа юм. Дээрх этгээдүүд улсын начин зодсоныхоо дараа баарны хаалгаар зугтан гарсан бөгөөд 10 орчим минутын дараа Цагдаа болон Түргэний тусламж иржээ. Гэсэн ч Д.Сугаржаргалыг өргөж дийлээгүй тул түүнийг ухаан ортол хүлээж, ухаан орсны дараа ГССҮТ-д хүргэжээ. Тухайн үед хэргийн газарт очсон цагдаагийн албан хаагчид гэрчүүдээс байцаалт авсан ч, одоог хүртэл эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа бөгөөд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн гэх ямар нэгэн тэмдэглэл хөтлөөгүй юм байна. Д.Сугаржаргалыг эмнэлэгт ухаан орсны дараа цагдаагийн албан хаагчид дахиж ирээгүй бөгөөд түүний ар гэрийнхэн ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст удаа дараа хүсэлт гаргаж, шаардлага тавиад ч мөрдөн байцаалт эхлүүлэхгүй, шалгалтын ажлыг явуулаагүй байгаа юм байна. Д.Сугаржаргал одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тун хүнд байна. Түүний өмгөөлөгчийн хэлснээр энэ хэрэг санаатай хүний биед гэм хохирол учруулах цаашлаад аминд халдах сэдэлтэй урьдчилан үгсэн тохиролцсон зохион байгуулалтай гэмт хэрэг гэж үзэж байна. Харин цагдаагийн албан хаагчид хэний даалгавраар эрүүгийн хэрэг үүсгэхгүй байна вэ гэдэг нь хамгийн эргэлзээтэй, өмгөөлөгчийн хэлснээр цагдаагийн байгууллага хүссэн үедээ хэргийг хааж, хэрэгсгүй болгож дураараа аашилж байна. Хэрвээ Монгол улсад прокурорын мөрдөн гэх байгууллага байсан бол, дээрх шиг олон хэрэг ингэж ул мөргүй алга болохгүй байх байсан гэж мэдэгдсэн юм. Үнэндээ Н.Алтанхуяг ерөнхий сайд байхдаа прокурорын мөрдөн гэх байгууллагыг татан буулгаснаар цагдаа, прокурорууд дураараа аашилж эхэлсэн үнэн. Өөрөө ч өнөөдөр үүнийхээ горыг амсаж яваа. Тэгвэл түүний хийсэн балаг өнөөдөр Улсын начин Д.Сугаржаргалыг хохирогч болж үлдэхэд хүргэж байна. Ганц Д.Сугаржаргал ч биш үүнтэй адилхан олон залуус мөнгөтэй эрх мэдэлтэй нэгний дур зоргоороо аашлах үйл хэргийн золиос болон үлдсээр байгаан үнэн билээ.
Б.Шоовдор
www.tug.mn
URL: