ДЕФОЛТ ЗАРЛАХ УУ, ГАРЦ ХАЙХ УУ
Мэргэжлийн Засгийн газар мөнгөний эрэлд мордоод даруй дөрвөн сарыг үдэв. Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээл тусламж, “Стэнд бай” хөтөлбөрийн талаар байсхийгээд мздээлэл өгдөг байсан Сангийн сайдын дүр төрх бүдгэрч эхэлснээс харахад уг ажил төдийлөн урагшлахгүй байгаа мэт. Сүүлд урд хөршөөсөө дөрвөн тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах яриа хэлэлцээ хийж байсан ч Далай ламын айлчлалтай холбогдуулж Хятадын талаас хойшлуулсан гэх. Ямар нэгэн шалтгаантай болоод л Монголын талын Хятадад хийх албан томилолт, айлчлалыг тус улсын Засгийн газраас цуцалсан байж таарна. “Стэнд бай” хөтөлбөртэй холбогдуулж Олон улсын валютын сангийнхан өнгөрсөн сарын сүүлчээр Монголд ирэх тов гарсан ч өнөөдрийг хүртэл албан ёсны мэдээлэл гараагүй л байна.
“Дарин дээр давс” гэгчээр Хятад Улс Монголоос импортолдог уул уурхайн бүгээгдэхүүний татварыг нэмэх шийдвэр гаргасны дараахан “Оюутолгой” компанийн зэсийн экспорт тодорхойгүй хугацаагаар зогсов. Тавантолгойн нүүрсний үнийг зах зээлийн ханшид арай дөхүүлсэн байж болох ч хилийн татвараа нэмсэн урд хөршийн шийдвэр багагүй дарамт болж байгаа нь ойлгомжтой. Эндээс 2.5 их наядын алдагдалтай баталсан төсвөө нөхөх, ирэх оныг хэрхэн гэтлэхээс эхлээд Ж.Эрдэнэбатын Засгийн газар шинэ оныг тийм ч таатай уур амьсгалтай угтахгүй нь. Гэхдээ энэ бол МАН-ын, Мэргэжлийн Засгийн газрын нуруун дээрх ачааны зөвхөн нэгээхэн хэсэг гэдгийг энд тодотгох хэрэгтэй.
Учир нь, ирэх оны гуравдугаар сард Монголын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон бондуудын хамгийн эхнийх буюу Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг буцаан төлнө. Ерөнхийлөгчийн сүүтэй мэндчилгээтэй хамт шинэ оноо угтсанаас ердөө 60 хоногийн дараа хөрөнгө оруулагчид биднээс нэг их наяд хол давсан, улсын төсвийн тавны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө нэхэх хэрэг. Эхний ээлжид зардлаа танаж, бүсээ чангалж хямралыг гэтлэхээ Сангийн сайд учирласан.
Монгол Улс өнөөдөр үндсэндээ мөнгөгүй болсон. Эдийн засаг нь эргэлдэх цусгүй, улсын төсөв нь 2.5 их наядаар тасарч, улайсан данстай шахуу байна. Ерөнхий сайд нь олон улсын банк, санхүүгийн байгууллагыг царайчилж, дэлхийн нэр хүндтэй үнэлгээний агентлагууд Монголын зээлжих зэрэглэлийг ээлж дараалан бууруулав. Гурав хүрэхтэй үгүйтэй байгаа эдийн засгийн өсөлтөө л өсөлт гэж онгирдоггүй юм бол манай эдийн засагт гэрэлтэй юм нэгээхэн ч алга. Саяхан 17.5 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт, тэрбум тэрбумаараа угтаж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт, долларын эсрэг чангарч байсан төгрөгийн ханшийн аль аль нь өнөөдөр бараа сураггүй болжээ. Зээл авсан бол буцааж төлөх нь зүйн хэрэг. Ялангуяа хөрөнгө оруулагчид Монголыг анхааралтай ажиглах болсон энэ цаг үед. Тиймээс Ж.Эрдэнэбатын Засгийн газрын ирэх онд нүүр тулах хамгийн эхний бас том даваа нь Хөгжлийн банкны бондыг буцаан төлөх байх нь. Гэхдээ яаж…
2017 оны гуравдугаар сарын дундуур буцаан төлөхөөр үүрэг хүлээсэн 580 сая ам.долларын 520 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс, үлдсэнийг нь Хөгжлийн банк өөрийн санхүүжүүлсэн төслүүдээсээ төлнө гэж төлөвлөсөн. Ам.долларт шилжүүлбэл 210 гаруй сая ам.долларыг улсаас, татвар төлөгчдийн халааснаас гаргана гэсэн үг. Гэхдээ энэ мөнгийг 2017 оны улсын төсөвт суулгаагүй. Үлдсэн 370 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 төслөөс төвлөрүүлэх юм. Олон арван төслөөс зориуд сонгон авч санхүүжүүлсэн тэдгээр төсөлд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, “Эрдэнэс-Тавантолгой” Хөтөлийн цемент шохой компанийн өргөттөл, нийслэл, орон нутгийн автозам зэргийг багтаажээ. Ач холбогдол талаасаа бол бүгдээрээ л Монголын хөгжилд хувь нэмэр оруулахуйц төсөл. Гэвч эдгээр төслийн дийлэнх нь эргэн төлөгдөх байтугай эдийн засгийн үр ашгаа ойрын хэдэн жилдээ өгөхөөргүй байна.
Жишээ нь, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг цаасан дээр босгох гэж 14.2 тэрбум төгрөг төсөвлөснөөс 6.3 тэрбумыг нь хэдийнэ олгожээ. Үлдсэн 7.9 тэрбумыг гүйцээж олгосон эсэх нь тодорхойгүй ч бичиг, цаасны мөнгөө нэхдэггүй л юм бол 6.3 тэрбумыг буцаан төвлөрүүлэх шиг худлаа юм байхгүй. Үүнээс гадна орон нутаг, нийслэлийн автозамд нийт 203.2 сая долларыг төсөвлөж санхүүжилтийг нь бүрэн олгожээ. Үүний 151.4 саяыг нь орон нутагт, 51.8 сая ам.долларыг нь нийслэлд зарцуулсан байна. Гэхдээ зам дагаж хөгжил гэдэг болохоос 203 сая долларын автозамын үр ашиг нэг хоёр жилээр тоологдохгүй нь тодорхой.
2010 оноос ажлыг нь эхлүүлсэн мөртлөө өнөөг хүртэл үе үеийн Засгийн газар, УИХ, улстөрчдийн хэрүүлийн алим өнхрүүлэх шалтгаан болсон, өдгөө шүүхийн хаалга татаад буй “Шинэ төмөр зам” төсөлд Хөгжлийн банкнаас 55 сая долларын санхүүжилт хийхээр төлөвлөснөөс 22 саяыг нь бүрэн олгож, санхүүгийн болон техникийн зөвлөх үйлчилгээний төлбөрийг хийжээ. Чалкогийн өрийг зөвхөн нүүрсээр төлж барагдуулах асар хатуу болзолтойгоор үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс-Тавантолгой” компанид гэхэд эргэлтийн хөрөнгө болгож 200 сая доллар олгосон байна. Олборлосон нүүрсээ бараг бүгдийг нь Чалкогийн өрөнд зах зээлийн үнээс доогуур ханшаар нийлүүлж байгаа “Эрдэнэс-Тавантолгой” компаниас гуравдугаар сард багтаан 200 сая доллар Хөгжлийн банкны дансанд бүрэн орно гэвэл эндүүрэл.
Угтаа бол Хөгжлийн банкаар дамжуулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл нь “ТЭЦ-3”, “ТЭЦ-4”-ийн өргөтгөл, ‘Эрдэнэс-Тавантолгой”-д хийсэн хөрөнгө оруулалт аж. Эдгээр компанид олгосон санхүүжилтийн хэмжээ нь 272.1 сая доллараар хэмжигдэж буй. Бараг тал хувь нь гэсэн үг. Харамсалтай нь, цаг үеийн нөхцөл байдал, дээрх компаниудын үйл ажиллагаа, эдийн засгийн чадамжаас харахад эргэн төлөгдөх магадлал нь тун бага байна. Үнэнийг хэлэхэд 2017 оны төсөвт гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг эерэг хандлагатайгаар тусгаагүй. Тэгэх ч боломжгүй. Тиймдээ ч урт хугацааны хөгжлийн зээл авч бондын өрөө төлөх, эс бөгөөс Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж гал унтраах гарцыг эрх баригчид эрэлхийлэх болсон. Гэвч яг хэзээ, хэдийд энэ бүхэн бодит ажил хэрэг болох нь тодорхойгүй явсаар шинэ оноо угтахаар болж байна. Шинэ оны эхний өдрийг угтахтай зэрэгцэн Хөгжлийн банкны 580 сая долларыг төлөх тоолуур гүйж эхэлнэ.
2012 оны үеийнхтэй харьцуулахад Монголын нэр хүнд, биднээс бонд худалдан авагчдын итгэл хоёр адилхан унасан. Ийм байхад дахин хөрөнгө оруулалт татах боломж бидэнд бий эсэх нь эргэлзээтэй. Төсөвт тодотгол хийлээ гээд ч Хөгжлийн банкны 580 сая долларыг хаах боломж байхгүй. Дийлэх ч үгүй. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр, Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг бага хүүтэй урт хугацааны зээл авч байж хаах аргыг сүвэгчилж байгаа гэнэ. Учир нь, одоо байгаа нөөц боломжоо шавхаад бондын өрийг төллөө гэхэд цалин, тэтгэврээ тавих ямар ч боломжгүй болох аж. Тиймээс ойрын хугацаанд бага хүүтэй урт хугацааны зээл авах нь хамгийн зөв гарц гэдэг дээр санал нэгджээ. Гэхдээ Хятадаас уу, ОУВС-гаас уу гэдгээ эцэслэн шийдээгүй байгаа бололтой. Хамгийн гол нь, Хөгжлийн банкны 580 сая долларын бондыг хойш тавьж, хугацааг нь тулгаж шийдэх асуудал биш ээ. Энэ бол Монгол Улсыг дампуурлаа зарлах хэмжээний эрсдэлд оруулах том асуудал. Тэглээ ч Хятадын зээл, ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хоёуланг нь авлаа гээд энэ асуудал шийдэгдэхгүй. Учир нь, 2018 оноос “Чингис” бондын 500 сая долларыг төлнө. Эдийн засагчдын тооцоогоор 2017-2023 оны хооронд Монгол Улс 4.4 тэрбум ам.долларын гадаад өр төлөх хуваарьтай. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум ам.долларын ДНБ-тэй улсыи хувьд түүнийхээ бараг талыг энэ жилүүдэд зөвхөн өрөнд төлөхөөр байгаа. Үүнийг төлөх эдийн засгийн чадамж одоогийн төрхөөр монголчуудад байхгүй. Тиймээс дотооддоо улс төр хийж, танай манай гэж талцах цаг биш. Харин дефолт зарлахгүйгээр Хөгжлийн банкны бондын мөнгөе хэрхэн яаж төлөх асуудлаар санал нэгдэж, гарц хайх нь чухал байна. Бидэнд ганц гарц үлдсэн нь магадгүй Хятадын зээл, ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах байж болох.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: