АН-ын Их хурал хуралдаж, Л.Гүндалай улс төрд эргэн ирснээ мэдэгдсэн долоо хоног

1481275976584a7a4869b30МАН-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв

МАН-ын бүлэг хуралдаж эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам болон төрийн томилгооны талаар хэлэлцлээ. Учир нь сонгуулийн дараа төрийн албаны томилгоо, халаа, сэлгээ ширүүн өнгөрсөн гэх шүүмжлэл байсан тул ийнхүү уг асуудлыг хэлэлцсэн юм.

Улмаар Төрийн албаны тухай хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гэж МАН-ын бүлгийн гишүүд үзлээ.

АН-ын VI Их хурал боллоо

АН-ын VI Их хурал хоёр өдрийн турш болж өндөрлөлөө. Энэхүү хурлаараа намаа шинэчлэх ажлыг эхлүүлсэн гэж буй. Тодруулбал, шинэчлэлийн хөтөлбөрт Ардчилсан нам цаашид хэрхэн шинэтгэлээ хийх вэ гэдэг талаар үндсэн долоон зарчмыг тусгасан юм. Энэ талаараа өнөөдөр АН-ын дарга З.Энхболд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Дүрмийн төсөлд нэлээд өөрчлөлт оруулах байсан. Гуравдугаар бүлэгт гишүүнчлэлийн бүртгэл анхан шатны үүрүүд дээр хийгддэг байсан бол одоо Төв намын ажил болж байгаа. Гишүүд анхан шатны үүрүүд дээр очиж цахимаар бүртгүүлээд, төв намаас батлахаа авна. 180 мянган гишүүнээ шинэчлэн цахимаар бүртгэх журам батлагдсан. Гишүүний бүртгэлийг яагаад чухалчилж байгаа гэхээр улс төрийн намуудаас анх удаа АН намынхаа удирдлагуудыг нийт гишүүдээсээ сонгож байгаа. Нэгдүгээр сарын 29-нд намын даргын сонгууль явагдана” гэв. Үргэлжлүүлэн  ”АН-ын даргад өрсөлдөх хүсэлтээ хүмүүсийг нөгөөдрөөс бүртгэж авна. Энэ  сарын 19-нөөс сурталчилгаагаа эхлүүлнэ. Марафонд оролцох хүмүүст ямар нэгэн шалгуур тавихгүй болсон учраас АН-ын бүх гишүүнд нээлттэй. Шинээр сонгогдсон намын даргаа долдугаар Их хурлаараа батламжилна” гэсэн юм.

С.Амармандах албан ёсоор тайлбар өгөв

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах өнгөрсөн сарын 22-нд “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд ая дуугаа өргөх үеэрээ ОХУ-ын дипломат төлөөлөгчид зодуулж, хүнд гэмтэл аван одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Түүнийг тухайн хүнтэй маргалдаж улмаар зодуулсан, дараа нь 300 сая төгрөг нэхэмжилсэн гэх мэдээлэл цацагдаад байсан. Мөн хэрэг гарах үеэр хотын удирлагууд болох С.Батболд, Ц.Сандуй нар С.Амармандахыг нууж харанхуй өрөө рүү чирч оруулсан,  гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар дуучин С.Амармандах өчигдөр албан ёсоор тайлбар хийлээ. Тэрбээр, “Нэг хүнээс болж Орос улсыг бүү буруутга, хоёр улсын ард түмэн эртнээс найрсаг харилцаатай. Намайг зодсон хүн эр хүн шиг надтай ирж уулзаад уучлалт гуйвал би эр хүн шиг гоё уулзаад учраа ололцмоор байна. Мөн намайг хотын удирдлагууд харанхуй руу өрөө рүү оруулж нуугаагүй. Урлаг соёлын хүн уруул нь сэтрээд, хамарнаас нь цус гарчихсан, толгой хагарсан болохоор нэр хүндийг нь хайрлах хэрэгтэй, олны нүдэн дээр байлгаж болохгүй гээд өөр өрөөнд оруулсан. Тэр өрөө гэрэлтэй өрөө байсан. Түүнээс биш хүмүүсийн хэлээд байгаа шиг нууж харанхуй өрөө рүү чирж оруулсан зүйл байхгүй. Тиймээс тэднийг элдэв муухайгаар хэлж, буруутгаж нэр хүндэд нь халдахгүй байхыг хүсч байна. Намайг яаралтай эмнэлэгт л хүргэх гэж хүмүүс сандралдаж байсан. Миний өмнөөс элдэв юм зохиож ярьж яваад байх хэрэггүй. Надад санаа зовж байсан бүх хүнд баярлалаа” гэв.

Л.Гүндалай АН-д элсэхээ мэдэгдлээ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өчигдөр АН-д элсэхээ мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр, “Одоогоор АН-д эргэж орох хүсэлтээ илэрхийлж, гишүүнээр элсэх өргөдөл өгсөн. Гэхдээ намын нөхөд сонин байдалтай хүлээж авсан. Миний хувьд Ардчилсан намд хүч нэмэх, Монголын улс төрд өөрчлөлт шинэчлэлт хийх хүсэл, бодолтой байна. Ямартай ч би улс төрд эргэн орж ирлээ. Цаашид юу хийхийг та бүхэн ажиглаж байгаарай. Миний “анхны хайр” бол Ардчилсан нам. Өмнө нь намын нөхдүүд маань болохгүй байсан учраас би намаасаа гарч байсан. Харин одоо Ардчилсан нам шинэ дүрмээ боловсруулж, Үндэсний Зөвлөлдөх хороо гэдэг худалдагдсан байгууллагаар асуудлаа шийдүүлэхгүйгээр нийт гишүүдээрээ намын даргаа сонгож, гишүүдийнхээ хүрээнд асуудлаа шийдвэрлэх болсон  тиймээс би Ардчилсан намдаа эргэж орох шалтгаан болсон” гэсэн юм.

Солонгосын парламент ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрууллаа

Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулах түүхэн санал хураалт өчигдөр Солонгосын парламентад явагдлаа. Түүнийг огцруулахыг парламентын гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Одоо ҮХЦ огцруулах шийдвэрийг нь дэмжвэл Ерөнхийлөгч Пак Гын Хэ ардчилсан сонгуулиар сонгогдон гарч ирэн, албан тушаалаасаа огцорсон Солонгосын анхны Ерөнхийлөгч болох юм.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц парламент энэхүү санал хураалтыг зохих ёсны дагуу явуулсан эсэх, ерөнхийлөгчийг огцруулах хангалттай үндэс байгаа эсэх зэргийг тогтоох юм байна.

Хонгор суманд цэцэг өвчин гарч, хорио цээр тогтоолоо

Дархан уул аймгийн Хонгор сумын Хар модтын гуу гэх газар нутаглаж буй Иргэн Ж-гийн хонь цэцэг өвчнөөр өвчилсөн нь тогтоогджээ.

Голомтын бүсэд 4 хот айл байгаа бөгөөд энд 900 гаруй толгой мал байгаагаас 800 орчим нь бог мал байна.

Одоогоор цэцэг өвчин нь зөвхөн хонин сүрэгт илэрсэн байна. Эхний ээлжинд цэцэг өвчин гэж тогтоогдвол голомтын бүсэд байгаа ил шинж тэмдэгтэй малыг устгах, үлдсэн малыг вакцинжуулах учраас Мал эмнэлэг үржлийн газраас 2000 вакцины захиалга өгсөн байгаа юм байна. Аймаг орон нутгийн хэмжээнд малын халдварт өвчний тандалт судалгааг хийж тодорхой арга хэмжээ авч байгаа учраас өвчний тархалт нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэллээ.

Авлигын эсрэг парламентын бүлэг байгуулагдлаа

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар авлигын эсрэг Монголын парламентын бүлэг /МОНПАК/ байгууллаа. “МОНПАК” бүлэг нь авлигатай тэмцэх чиглэлээр хууль тогтоомж боловсруулж батлуулах, мэдээ мэдээллийг хуваалцах, ил тод байдлыг хангах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, сургалт явуулах зорилготой аж.

Анх 2008 онд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нар энэхүү бүлэгт багтаж байсан юм.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих