СУРГУУЛИЙН СУРАГЧ 55 КИЛОГРАММААР ТУРЖЭЭ
Австралийн сурагч Кевин Хуан багш нарынхаа өгсөн гэрийн даалгаврыг амжилттай биелүүлжээ. Хүүхдүүдийг хичээлийн жилийн хугацаанд ямар нэг ашигтай үйл хийж, ямар үр дүнд хүрснээ тайлагнахыг санал болгосон аж.
16 настай Кевин бусад хүүхдүүд шиг хуучин автомашин засах, цэцэрлэгт хүрээлэнгийн хог түүх, эсвэл бусдад туслах гэсэнгүй. Тэрбээр бусдад бус өөртөө ашигтай үйл хийхээр шийдсэн байна. Сургуулийн төслийн хүрээнд Кевин илүүдэл жингээсээ салахаар шийджээ. Нгэ удаа теннис тоглосны дараа түүнд ийм санаа төрсөн аж. «Спортын энэ төрөл надад үнэхээр таалагддаг. Гэвч би 130 килограмм жинтэй болохоор бөмбөгний араас гүйж, эсрэг тоглогчийнхоо хариуг өгөх үнэхээр хэцүү байсан» гэж Кевин Хуан дурсан ярьжээ. Түүний хэлснээр, тэр хэзээд «аварга биетэн» байсан бөгөөд 60 размерийн цамц өмсөж, сургуулийн формоо тусгай захиалгаар хийлгэдэг байна.
Зорилгодоо хүрэхийн тлд Кевин түргэн хоолноос татгалзаж, бага хэмжээний салат иддэг байжээ. Дараа нь хүү зааланд долоо хоногт гурван удаа дасгал хийдэг болсон байна. «Илүүдэл жингээ түргэн хасч эхэлсэн учир надад зорьсондоо хүрэх итгэл төрсөн» гэж Кевин ярьжээ. Одоо Кевин 75 килограмм жинтэй болсон бөгөөд их аз жаргалтай, өөртөө итгэлтэй болжээ. Харин 22 настай Шелли Хендерсон 144 килограмм жинтэй байснаа гар утасныхаа тусламжтайгаар турсан байна.
Гар утсандаа суулгасан энгийн программын тусламжтайгаар бүсгүй илчлэгээ тооцсоор нэг жилийн дотор гоолиг бүсгүй болжээ. Арван сарын дараа Шелли Хендерсон 45 килограммаар турж, арваар бага размерын хувцас өмсөх болсон байна.
З.Амгалан
URL: