21 АЖ АХУЙН НЭГЖИД 6.9 САЯ ТӨГРӨГИЙН ШИЙТГЭВЭР НОГДУУЛЖЭЭ

Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд арьс шир, ноос ноолуур, үслэг эдлэл боловсруулах үйлдвэрүүд болон бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд МХЕГ-аас өнгөрсөн 3-р сарын 15-аас 7-р сарын 1-ний хооронд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад Улаанбаатар хотын арьс шир, үслэг боловсруулах чиглэлийн 32 үйлдвэр, аж ахуйн газрууд хамрагдсанаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 14, арьс ширэнд хагас боловсруулалт хийдэг 18, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллгааг явуулж буй 29 аж ахуйн нэгж, Ус сувгийн удирдах газрын / УСУГ/ харьяа “Төв” цэвэрлэх, “Баянгол” ус ашиглалтын товчоо, “Нисэхийн салбар”, “Нисэхийн салбарын Биогийн хэсэг”, Налайх дүүрэг дэх “Чандмань-Налайх” , Багахангай дүүргийн “Багахангай” ус ашиглалтын товчооны цэвэрлэх байгууламжууд, “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГ, “Багануур Ус” НӨҮГ зэрэг 8 цэвэрлэх байгууламж хамрагдсан байна. Шалгалтаар
1. Арьс ширний үйлдвэрүүдийн хог хаягдлын цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлт харилцан адилгүй, үйлдвэрүүд нь нэг хашаанд үйл ажиллагаа эрхэлдэг тул нэг нь нөгөөгийнхээ талбайд хог хаягдлаа хаях, дундын эзэмшлийн худгаас гаргасан лаг, хог хаягдлыг ил задгай хаядаг
2. Ус сувгийн удирдах газрын харьяа “Төв” цэвэрлэх, “Баянгол” ус ашиглалтын товчоо, “Нисэхийн салбар”, “Нисэхийн салбарын Биогийн хэсэг”, Налайх дүүрэг дэх “Чандмань-Налайх”, Багахангай дүүргийн “Багахангай” ус ашиглалтын товчоо цэвэрлэх байгууламжууд, “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГ, “Бага-нуур Ус” НӨҮГ нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн ч үнэлгээгээр тавигдсан шаардлагыг бүрэн биелүүлж байгаль хамгаалах төлөвлөгөө, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагаар батлуулан хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй
3. Арьс шир боловсруулах “Мон-Ирээдүй”, “Их эргэлт”, “Сүүдэртийн хөндий” ХХК-иудаас бусад үйлдвэрүүд нь химийн бодис ашиглах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж, “Белон” ХХК, “Арилдий” ХХК, “Шандаст Аргамаг” ХХК-иуд нь хятадуудын авчирсан арьсыг өөрсдийнх нь бодисоор боловсруулж химийн бодисын зарцуулалтын болон агуулахын бүртгэлгүй, химийн бодисын агуулах нь шаардлага хангахгүй, агааржуулах системгүй, химийн бодисын хор аюулын лавлахгүй, хадгалж байгаа бодисын сав баглаа боодол нь тухайн бодисын анхааруулах тэмдэггүй, хор аюулын шинжийг тод томоор бичээгүй аюул осол гарсан үед авах арга хэмжээ ний зааваргүй, үйлдвэрлэлд ашиглаж байгаа химийн бодисын ашиглалт зарцуулалтыг хөтөлж, тайлан мэдээг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллаагүй байгаа нь “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 13-р зүйлийн 13.1, 13.7 заалтыг,
4. “Эм Ди Си Пи” ХХК, “Мон Форте” ХХК, “Нэхээсгүй эдлэл” ХХК, “Түмэн Гонгор” ХХК, “Капродаро” ХХК, “Жи Эс Фи” ХХК, “Санширо” ХХК зэрэг компаниуд олон жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа боловч технологийн заавар байхгүй, технологийн хяналт тавигдахгүй байсан
5. “Дулаан Шарын гол” ТӨХК болон “Эмт наран” ОНӨҮГ нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ дүгнэлтгүй, “Дархан нэхий” ХК , “Дархан-Ус суваг” ХК, “Дархан Минж” ХХК-иуд нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг эрх бүхий байгууллагаар батлуулж бүрэн хэрэгжүүлээгүй
6. Нийслэл, аймгуудын хэмжээнд арьс шир боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжуудын эзэмшил газрын төлөв байдал, чанарын улсын баталгаа хийгдээгүй байгаа нь Газрын тухай хуулийн 58 дүгээр зүйлийн 58.1,35 дүгээр зүйлийн 35.2 дэх заалтыг,
7. Үйлдвэрлэл, үйлчилгээний явцад гарч байгаа хорт бодис хог хаягдлын хэмжээг бүртгэж, тэдгээрийг багасгах талаар авсан арга хэмжээний тухай холбогдох байгууллагуудад тайлан мэдээ өгдөггүй нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг, 8. Дархан, Шарын гол, Хонгор сумдын цэвэрлэх байгууламж нь стандартын шаардлага хангаагүй бохир усыг Хараа голд шууд нийлүүлж байгаа нь Усны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг,
9. Цэвэрлэх байгууламжууд нь стандартад заагдсан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их бохирдолттой усыг хөрс, усанд шууд нийлүүлж байгаа зэрэг 20-иод зөрчлийг илрүүлэн тогтоосон байна.
Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрүүдээс шалгалтад хамрагдвал зохих 32 үйлдвэрийг бүрэн хамруулснаас 21 аж ахуйн нэгжид нийт 6.990.000 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулсан байна.
Дархан-Уул аймгийн МХГ-аас шаардлага хангахгүй хаягдал усыг хотын бохир ус зайлуулах төв шугамд нийлүүлж, улсын комиссоор ашиглалтанд хүлээж аваагүй барилга байгууламж, цэвэрлэх байгууламжийг үйл ажиллагаандаа ашиглаж байсан “Дархан Нэхий” ХК-ийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжууд нь арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдээс гарч байгаа хог хаягдлыг /лаг, бусад хог хаягдал/ өөрийн болон тээвэрлэгч эрх бүхий байгууллагаар тээвэрлүүлэн хог хаягдлын нэгдсэн цэгт хүргэн зөөвөрлөдөггүй, цэвэрлэгээний явцад гарч байгаа хог хаягдлыг бүртгэж тайлан мэдээг холбогдох газруудад хүргүүлж ажилладаггүйгээс хэдий хэмжээний аюултай хог хаягдал гарч байгаа нь тодорхойгүй ба аюултай хог хаягдлын нэгдсэн цэг байхгүй байгаа нь хог хаягдлын эрсдэлтэй нөхцлийг бүрдүүлж байна.
Арьс шир, үслэг боловсруулах үйлдвэрийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудсаар дүгнэхэд 3 үйлдвэр нь бага эрсдэлтэй, 7 үйлдвэр нь дунд эрсдэлтэй, 9 үйлдвэр нь их эрсдэлтэй ангилалд хамрагдаж байгаас үзэхэд эрсдэлтэй салбарт тооцогдож байна. “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГ-ын техник-технологийн туршилтын ажил эцэслэн дуусаагүй, бохир ус хүлээн авч цэвэршүүлэх тоног төхөөрөмж нь бүрэн хүчин чадлаар ажиллаагүйгээс боловсруулах үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлаараа ажиллах боломжгүй, урьдчилан цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна.
С.Амар


URL:

Сэтгэгдэл бичих