Б.Энхбаяр: Үзүүлсэн шахалтыг аваагүй учир “өшөө авалт” хийж байна

5702

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.


-Оффшорыг хориглох хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо дэмжсэнгүй, Засгийн газарт нь буцаахаар болчихлоо. Ямар үндэслэлээр уг төслийг буцаав?

-Энэ хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад гурван сар болж байгаа. Нэлээд олон удаа хойшилсон. Яг хууль нь бол нэг бичгийн цаасны тал хэмжээтэй л хууль шүү дээ. Маш тодорхой заалттай. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагч, улстөрчдөд гадаад улсад данс нээх, мөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэсэн байгуулахыг хориглосон заалттай. Ийм хориглосон заалт өмнө нь Монгол Улсад байгаагүй. 2013 онд С.Баярцогт гишүүн оффшорт нэг сая ам.доллар эзэмшдэг нь илэрлээ гэсэн дуулиан гарснаас хойш монголчууд оффшор гэж юу юм бэ гэдгийг анх сонссон. Тэр хүртэл үүнийг сайн мэддэггүй байсан. Хулгайн мөнгө, оффшор гэдэг зүйл улс төрчид, төрийн албан хаагчдад байх ёсгүй, хариуцлага тооцох ёстой гэх шүүмжлэл олон нийтийн зүгээс, улстөрчдийн зүгээс хүчтэй яригдаж байгаа, өнөөг хүртэл. Засгийн газар ч гэсэн хууль бус оффшортой тэмцэх ёстой, тэр тусмаа төрийн албан хаагчдад хориглох ёстой юм байна  гэдэг утгаар энэ хуулийн төслийг өргөн барьсан. УИХ дээр хэлэлцэгдэх явцад гишүүд хэд хэдэн зарчмын асуудлыг хөндөж байгаа юм. Нэгдүгээрт, ганцхан тэр төрийн албан хаагчид биш, гэр бүл, төрөл садны хамаарал бүхий этгээдүүдийг нь энэ хуульдаа оруулж хоригло. Хариуцлага тооц, мөнгийг нь Монгол Улсад оруулж ир гэдэг зарчмын асуудлыг тавьсан. Нөгөө талаар оффшор бүс гэдэг нэр томъёог хэрэглэ. Гадаад улсад гэдэг ерөнхий нэр томъёогоор хориглохоор хэт хавтгайруулаад байна. Хэт өргөн болгочихоод байна. Үүнийг янзлаад оффшор бүсийнхээ улсыг юм уу, тэр бүсээ нэр зааж бич гээд байгаа. Гуравдугаарт, бас нэг хөндөж байгаа асуудал байна. Гэхдээ бүх гишүүд биш л дээ. Жишээ нь, Т.Аюурсайхан гишүүн зүгээс бизнес эрхэлж байгаа хүмүүсийг бас хоригло гэж байгаа.

-Томоохон бизнесмэнүүдийг л үү?

-Ерөөсөө бизнес эрхэлдэг хүмүүсийг. Төрд ажилладаггүй хүмүүсийг ч гэсэн хамааруул гэдэг ийм саналуудыг гаргаж байгаа. Тэгэхээр бид гурван саналуудад багцлаад тайлбар хэлж байсан. Одоо ч бас хэлье. Нэгдүгээрт, гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүсийг нь хамаатуулаад энэ хуулийн үйлчлэлд оруулчихаар ямар асуудал үүсэх гээд байгаа юм бэ гэдгийг хэлмээр байна. Энэ бол хориглосон санкц, хориглосон хэм хэмжээ. Хориглосон хэмжээний цаад талын хууль зүйн үр дагавар нь заавал хуулийн хариуцлагатай байдаг. Хуулиар хориглож байгаа бол тэр хориглолтыг давсан хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Монгол төр бол төрд ажиллаж байгаа хүмүүс оффшор данстай байх юм уу, мөнгө байршуулах хориглосон санкцийг зөрчвөл тэр хүндээ хариуцлага тооцож чадна. Тэр хүнээ ажлаас нь чөлөөлөөд, гэмт хэргийн шинжтэй бол шалгаад явчихаж чадна. Улстөрч байх юм бол түүнийг эргүүлээд татчихаж болно. Харин тэр хүний гэр бүл, төрөл саданд нь ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар гадаадад мөнгө байршуулсан, данс нээсэн, хуулийн этгээд байгуулсан энэ үйлдлүүд нь бохир мөнгөтэй холбоотой, эх үүсвэр нь гэмт хэргийн улмаас олсон орлого байх юм бол  тэр мөнгө хэний нэр дээр байгаагаас үл хамаарч хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох, хариуцлага тооцох, ял шийтгэл ногдуулах боломж нь одоогийн хуулиар угаасаа зохицуулагдчихсан байгаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийг нь гэр бүл, төрөл саднаар нь бүгдийг нь шалгаж хэлмэгдүүлж байна гэж хэлээд л байгаа шдээ. Хууль нь байгаа учраас л шалгаад байгаа хэрэг шүү дээ.

-Гишүүдийн зүгээс “Оффшорчид гэр бүл, ах дүү, танил талынхаа нэр дээр бохир мөнгөө байршуулаад байгаа шүү дээ” гээд байгаа?

-Үнэхээр тийм үйлдэл байвал Эрүүгийн хуулиар яах вэ гэвэл гэмт хэргийг хамтран үйлдэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдэх гэдэг ойлголтуудаараа хэний нэр дээр байгаагаас үл хамаарч шалгаж тогтоох, хариуцлага тооцох тогтолцоо нь одоо байгаа л байхгүй юу. Нэгэнт одоо байгаа харилцааг энэ хууль дээрээ дахиад бич гээд байгаа юм. Энэ Сонирхлын зөрчлийн хуульдаа ингэж оруулж ир гээд байгаа юм. Би ийм зохицуулалт одоо байгаа гэдгийг нь хэлээд байгаа. Хоёрдугаарт, энэ хууль бол Эрүүгийн хууль биш ээ. Ял шийтгэлийг Эрүүгийн хуулиар л ногдуулдаг юм. Ашиг сонирхлын зөрчлийн хуулиар ял ногдуулдаггүй. Ашиг сонирхлын зөрчлийн хуулиар ямар хариуцлага ногдуулдаг вэ гэхээр захиргааны хариуцлага ногдуулдаг. Ажлаас нь чөлөөлөх асуудлыг зохицуулсан байдаг.  Төрийн албан хаагчдаа бид энэ хуулиар ажлаас нь чөлөөлчихнө. Төрд ажилладаг, энгийн иргэдийг бид яаж энэ хуулиар хариуцлага тооцох юм бэ. Гудамжинд алхаж яваа иргэнийг хална гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Гэмт хэрэг хийсэн бол тэр иргэн Эрүүгийн хуулиараа хариуцлагаа хүлээчихнэ. Сахилгын хариуцлага ногдуул гээд байгаа юм уу? Хэзээ төрд ажилладаггүй иргэнд сахилгын хариуцлага ногдуулж байсан юм бэ. Гэмт хэрэг, захиргааны зөрчил, сахилгын шийтгэл гэсэн эдгээр ойлголтуудаа хооронд нь холиод төөрөлдсөнөөс ийм асуудал үүсээд байна гэж ойлгож байна. Үүнийгээ УИХ-ын гишүүддээ ойлгуулж чадаагүй буруу ч надад бас байгаа байх. Бидэнд буруу байгаа байх. Нөгөө талаар ийм тайлбар, үндэслэл байгаа гэдгийг манай хууль тогтоогч сонсч харгалзаж үзэх л ёстой.

-Хууль зүйн байнгын хорооны үеэр та гэр бүлийн гишүүдэд нь оффшорын хэргийг халдаах нь Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг тайлбарласан?

-Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн хоёрдугаар бүлэг бий. Хэн ч халдаж болохгүй хана хэрэм, гишгэж болохгүй үнэт зүйл гэж байдаг тэр нь Үндсэн хууль. Зарим хууль тогтоогч ярьж байна билээ. Дэд сайд Үндсэн хууль тайлбарладаг албан тушаалтан биш гэж. Үндсэн хууль зөрчиж байгаа бол тэр чигээр нь батлаад гаргана биз. Цэц нь тогтооно биз гэсэн.

Гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаагаад хориглох нь Үндсэн хууль зөрчинө гэдэг итгэл үнэмшил маань хатуу байгаа. Би улс төрийн албан тушаалтныхаа хувьд, улстөрчийнхөө хувьд “Гэр бүлийнхнийг нь бүгдийг нь хориодох. Тэр төрөл садангуудыг нь бүгдийг нь шалгаад мөнгийг нь хураагаад аваадах” гэж байгаа нийгмийн сэтгэл зүйг маш сайн мэдэрч байна.

Би тэдний сэтгэлзүйд таалагдахгүй гэдэг юм уу, тэдний хүсэл, эрмэлзлийн эсрэг юм яриад байгаа юм шиг тийм байдалтай байгаа гэдгээ ухамсарлаж байгаа. Өөрөөр хэлбэл би улстөрчийнхөө хувьд хасах оноо авч байгаа гэдгээ мэдэж байна. Гэхдээ би нэмэх оноо авах гээд, нэмэх оноонд дурлаад, хүн болгонд таалагдах гээд Үндсэн хуулийг зөрчсөн хууль тогтоомжийн төслийг УИХ, Засгийн газраар хэлэлцүүлэх эрх байхгүй. Хуульчийн хувьд би ингэж чадахгүй.

Ард түмэнд таалагдаж алиалагч болох гээд Үндсэн хуулиа нулимаад гишгээд явж чадахгүй. Энэ бол миний үнэт зүйл.

Би Үндсэн хуулийн Цэцэд маш олон удаа өргөдөл гомдол гаргаж дийлэнхэд нь ялж байсан. Яах гэж явж байсан юм. Үндсэн хууль хэнд ч алагчлалгүй мөрдөгддөг байгаасай. Эрх мэдэлтнүүд нь Үндсэн хуулиа нулимж болдог, жирийн иргэдэд хатуу чанга хэрэгждэг байж болохгүй. Шударга үйлчилдэг байгаасай л гэж маш олон удаа хандаж байсан. Олон удаа ялж байсан. Түүгээрээ би бахархдаг. Тэр үнэт зүйлээсээ би одоо ухарч чадахгүй.

-Яагаад Үндсэн хуулийг зөрчөөд байна вэ гэдгийг нь тайлбарлахгүй юу?

-Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээрт хэсэгт “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж байгаа. 14 дүгээрт хэсэгт “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж байгаа юм. Гэр бүлийн гишүүд, хамаатан садангуудыг нь бүгдийг нь гадаадад мөнгөн хөрөнгө байршуулах, данс нээлгэхийг хориглочихлоо гэж бодъё. Тэгэхээр ямар асуудал гарах вэ. Би дээр хэлсэн хориглосон санкц заавал шийтгэлтэй байх ёстой. Ингэхээр тухайн иргэнийг шийтгэх хэрэгтэй болох нь дээ. Тэр иргэнд захиргааны ямар хариуцлага хүлээлгэх юм. Захиргааны хариуцлага ногдуулахгүй бол энэд хориглоно гэж бичээд ч яах юм. Нэгэнт захиргааны хариуцлага хүлээлгэхгүй, хариуцлага байхгүй хориглосон хэм хэмжээ гэж угаасаа байдаггүй. Хууль зүйн шинжлэх ухаанд ийм юм байхгүй. Хуулийн техникт ч байхгүй. Хориглосон бол хариуцлагын хэм хэмжээ заавал дагалдах ёстой. Энэ бол нэг зоосны хоёр тал. Тэгэхээр ийм санал гаргаад байгаа гишүүдээс асуумаар байна л даа. Тэгвэл яг ямар хариуцлага ногдуулах вэ, хэлчихээч.

Та төрд ажилладаг байлаа гэж төсөөлье. Таны үеэл төрд ажилладаггүй, оюутан байлаа. Эрхүү ч юм уу, Эрээнд сурдаг байлаа. Тэндээ нэг данс нээлгэчихсэн. Аав ээжээсээ ирсэн мөнгийг хүлээж авдаг данс нь. Данстай л байж таарна. Бүгдийг бэлэн мөнгөөр авч явдаг ойлголт байхгүй. Өнөөдөр Монгол Улсын 140 мянган иргэн гадаад улсад ажиллаж хөдөлмөр эрхэлж байна. Тэр 140 мянган иргэнийг гадаадад данстай байхыг угтаа хязгаарлах нь байна шүү дээ. Тэр хэдэн мянган хүнийг мөнгөө бэлнээр нь авч явж бай гэсэн үг юм уу. Энэ чинь Монгол Улсад зохицуулах харилцаа биш, гадаадад хилийн цаана зохицуулах гээд байгаа хууль. Тэр хүмүүсийн харилцааг зохицуулах гээд байна шүү дээ. Тэр хүмүүсийг бэлнээр мөнгөө авч явж бай гэдэг чинь аюулгүй байдал талаасаа болж байгаа юм уу. Амь нас нь эрсдэлд орвол хэн хариуцлага хүлээх юм. Солонгост ажиллаж байгаа нэг хүн байлаа гэж бодъё. Магадгүй энд нэг ах нь төрд ажилладаг байж таарч. Ах нь энд төрд ажилласны төлөө тэр дүү нь яагаад Солонгост данс эзэмших эрхийг төр хязгаарлаад байгаа юм. Ингэж халдаан хэрэглээд байна шүү дээ. Зэмлэлийг халдаан хэрэглээд байна. Зэмлэх гэдэг чинь хориглох санкцийг хэлж байгаа юм. Зэмлэл гэдэг чинь хязгаарласан санкцийг, ёс суртахууны буруушаалтыг хэлж байна.

Нөгөө талаар өрсөлдөгч намынхаа нэг гишүүнийг татах гээд буюу сугалж авах гэсэн бохир зүйл сэдээд энэ хуулиар сугалаад авчихвал яах вэ. Болох нь байна шүү дээ. Тухайн гишүүний олон зуун хамаатнуудаас нэгийг нь олоод дөнгөж Эрээн гаргаж хил давуулангуутаа данс нээгээд л тэрний тийм хамаатнаас нь гадаадад данс илэрсэн учир хуулиар энэ гишүүн чөлөөлөгд эсвэл энэ сайд огцор гэдэг ийм бохир ажиллагаа хийх боломжийг яагаад хууль хэрэгжүүлэх байгууллагуудад өгөх гээд байгаа юм. Энэ чинь жинхэнээсээ хэлмэгдүүлэлт хийх бололцоо олгоно шүү дээ. Хэн нэгний хамаатан байсных нь төлөө хэлмэгдүүлдэг, хэлмэгдүүлэх бололцоог олгох хуулийг яагаад батлах гээд байгаа юм бэ. Энэ нь хүний эрхийн асар том ухралт биш үү. Энэ Үндсэн хуулийн зарчим мөн үү. 37 онд Японы тагнуул гээд Гэндэн, Дэмид нартай хамт хорин мянган нутаг нэгтнээ хэлмэгдүүлсэн. Сэхээтний төөрөгдөл гээд эхнэр, хүүхдүүдтэй нь хамт нутаг заагаад, хөрөнгийг нь хураагаад цөлчихсөн. Ийм хэлмэгдүүлэлтийг л дахин давтахгүй гэж Үндсэн хуульд дээр хэлсэн заалт орсон гэж ойлгодог.

Төрсөн ах, дүү хоёр хүртэл тусдаа бизнестэй, Завханы сонгуульд бүр нэг тойрогт хоорондоо өрсөлдсөнийг бид мэднэ. Сайхансамбуу гадаадад данстай учраас тэгээд Батсамбууг нь шийтгэх юм уу. Түүнээс биш оффшорчдыг хамгаалаад хаацайлах гээд, уучлах гээд тэдний талд ороод байгаа юм ерөөсөө байхгүй. Хууль тогтоогч ч тэр, Засгийн газар ч тэр нэг л байр суурин дээр байгаа. Тэр нь юу вэ гэхээр оффшорыг хориглоё. Ийм л байр суурьтай байгаа. Энэ хууль буцаагдвал эсрэгээрээ оффшорчид хууль ёсных болж үлдэх гээд байна. Тэр оффшор данстай төрийн албан хаагчид хууль ёсных болж үлдэх гээд байна. Дахиад хэдэн арван жил хуулийн хариуцлагагүй явах гээд байна. Ийм байж болох юм уу.

-Яагаад “оффшор улс”, “оффшор бүс” гэж хуульдаа бичихгүй “гадаад улс” гэж хавтгайруулаад байгаам бэ?

-Төсөл боловсруулж байхдаа бичиж үзсэн юмаа, уг нь. Хүсээгүй учраас биш хүндрэл гараад байсан юм. “Оффшор бүс, улс” гээд бичихээр заавал тайлбар шаардаад байсан юм. Яг ямар улс оронг оруулж бичих вэ гээд. Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Олон улсын мөрдөгч сэтгүүлчдийн консорциум гээд байгууллагаас гаргасан янз бүрийн, харилцан адилгүй өөр өөр улс орныг багтаасан жагсаалт байдаг. Бид мэдэхгүй биш мэдэж байгаа. Гол гарсан бэрхшээл нь нэг ч улс орны парламент, Засгийн газар ийм жагсаалт гаргаагүй, бас гаргадаггүйд байсан. Учир нь аль нэг улс орон өөрөө өөрийгөө оффшор гэж зарлаагүй байхад тэр орныг манай улс, манай Засгийн газар, УИХ оффшор улс, бүс гээд хуульчилж зарлачих гээд байсан. Өөр нэг тусгаар улсыг манай улс “хар жагсаалт” маягтайгаар хуульчилж зарлах болчоод байсан. Хэрэв ингэвэл энэ нь гадаад харилцааны асуудлыг тун эмзэг болгох үр дагавартай байсан юм. Жишээ нь Хонгконгийг оффшор бүс гэх гэхээр урд хөршөө манай улс хуулиараа офшшор гэж зарлана гэсэн үг. Ингэвэл хөрш маань юу гэж ойлгох уу? Өө, эд нар чинь яаж тэнэгтэж байнаа л гэнэ шдээ. Тийм болохоор л Орос, Хятад гээд манай хөршүүд төрийн албан хаагчиддаа “гадаад улс”-д гэсэн нэр томъёогоор данс эзэмшихийг нь хуулиараа хориглосон байсан. Тэр жишгийг л бид дагасан.

-Т.Аюурсайхан гишүүн уг хуулийн төслийн Ажлын хэсгээс таныг хасах саналыг хэлж байсан. Таныг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн шүү дээ?

-Ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ ямар үндэслэлээр хэлсэн бэ гэхээр энэ хүн урьд нь МАН-ын даргын зөвлөх байсан, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх байсан. Тэгээд томилсон хүмүүсийнхээ даалгавраар ийм юм хийж байгаа. Тийм учраас сонирхлын зөрчилтэй гэсэн. Би ойлгоогүй. Хардаад байгаа юм уу. Эсвэл тийм харын өвчтэй болчихсон юм уу. Эсвэл шударга ёсны Фемида бурханы элч болох гээд юу ч хамаагүй ярьж, хэнийг ч хамаагүй гүтгэж болдог гээд ойлгочихсон юм уу. Бусдыг дэвсээд дэвсээд явж байвал миний л нэр хүнд өснө, ард түмэнд таалагдаж байвал хэний ч нэр хүндийг шалбаагт хутгаж гүтгэж болно гэж ойлгоод байгаа юм уу. Уучлаарай. Би нэг зүйлийг хатуу хэлчихье. УИХ-ын гишүүн чуулган, байнгын хорооны танхимд юу ч хэлж болно гэсэн хууль байхгүй. Хэнийг ч гүтгэж доромжилж болно гэсэн хууль байхгүй. УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын чуулганы танхимд гүтгэж, доромжлохоос бусад асуудлаар хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж байдаг юм. Гүтгэх доромжлох нь хууль зүйн хариуцлагатай. Эрүүгийн ч хариуцлагатай, иргэний ч хариуцлагатай.

МАН-ын даргын зөвлөх байсан болохоор ашиг сонирхлын зөрчилтэй гэж яриад байгаа юм. Т.Аюурсайхан гишүүн өөрөө МАН-ын даргын туслах байсан ш дээ (инээв). Юу яриад байгааг нь үнэндээ би ойлгоогүй.

-Та дараа нь уулзаж энэ талаар өөрөөс нь тодруулсан уу?

-Би асуусан. Би МАН-ын даргын зөвлөхөөр 2011-2013 онд ажилласан. Сү.Батболд, Ө.Энхтүвшин гэсэн хоёр даргын зөвлөхөөр ажилласан. Тэгсэн чинь Т.Аюурсайхан “Сү.Батболд чинь “Панама Паперс”-т оффшор данстай ш дээ. Чи тэрийг нь л хаацайлах гэж байна” гэж байна лээ. Би хэлсэн “Таны хэлээд байгаа Сү.Батболд чинь “Панама Паперс”-ийн зарлагдсан 44 хүн дотор байхгүй. “Панама Паперс” Сү.Батболдыг оффшор данстай гэж зарлаагүй ш дээ. Сү.Батболдыг оффшорчин болгож гутаахын тулд улс төрийн өрсөлдөгчид нь “Панама паперс” оффшорчдыг яг зарлахын урд өдөр нь “Панама паперс”-ээс зарлалаа гэж олон нийтэд хэвлэлээр зориуд холбон зарлаж хар ПР хийсэн. Гадаадын данс ч биш Монголд үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж байсан компанийн хувьцааг 20 саяар авсан асуудлыг нь л оффшорт илэрлээ гэж мушгин гуйвуулсан хэрэг байсан. Энэ логикоор нь үзвэл Оюу толгой ч, ММС ч оффшор гэгдэнэ. Та ч, би ч эдгээр компанийн хувьцааг шударга хөдөлмөрөөр олсон орлогоороо худалдаж авах эрхтэй. Энэ бол хууль бус хэрэг ердөө ч биш. Тэгтэл хууль тогтоогч байж хэвлэлээр гарсан улс төрийн зорилготой, нэр хүндэд нь халдах зорилготой худал сураг ажигийн мэдээллээр юм яриад хүн гүтгээд сууж байдаг. Эсвэл та нотлох баримттай яриад байна уу” гэж өөрт нь хэлсэн. Тэр хүн намайг ч ганц гүтгэсэнгүй, мөр зэрэгцэн сууж байгаа УИХ-ын бас нэг гишүүнээ гүтгээд л авна лээ.

Нэр ус зарлаад л сонирхлын зөрчилтэй гээд л нэр хүнд муутгах гэсэн ямар сэдэл байгааг би мэдэхгүй. Гэхдээ хууль хяналтын хүчний байгууллагын удирдах албан тушаалд тодорхой хүнийг тавь гэдэг шахалтыг Т.Аюурсайхан гишүүн олон удаа үзүүлж байгаа. Тусгай алба бол улс төрийн томилгоо биш, улс төрийн даалгавраар хольж сольдог ч алба биш. Тэр хүслийг нь гүйцэлдүүлээгүй. Хуулийнхаа тайлбарыг л хэлсэн. Тэрэнд л их бухимдаад яваад байсан юм. Тэгээд тэр тачаалаа одоо хангаж улс төрийн “өшөө авалт” хийж байна гэж ойлгосон.

Д.ГАНСАРУУЛ


URL:

Нэр: ззочин Огноо: 12 December 2016

Ийм залуугаараа цүнх барьж бөгс долоож сайдын суудалд суучихаад буруу зүйл хийж бууны нохой болж байгаа нь ил харагдаад байхад өөртөө дүгнэлт хийхгүй бусдад буруугаа тохож байгаа нь нэн эмгэнэлтэй байна. Дэд сайд гэдэг хэрэггүй албан тушаалыг цүнх баригч бөгс долоогч нарт зорилж шагнаж байгаа шагнал гэдгийг ард түмэн бүгд л мэдэж байхад Ж.Энхбаяр гэж усан толгой мэдэн будилж бусдад бурууг чихэж булай болоод чахав дээ.

Нэр: ЗОЧИН Огноо: 14 December 2016

НҮДНЭЭС ДАЛД БОЛОХООР ГУЦАЖ ӨГЧЭЭ

Нэр: nergui Огноо: 14 December 2016

ard irged ta nariig harj l bna ene enhbayr bymba tsogt huer huuliin baiguullagiig gutaaj bnadaa

Нэр: Zochin Огноо: 14 December 2016

Ene yamar sonin hvn be?vnen vg gelsn hvnd vher ushuutei gj?

Сэтгэгдэл бичих