АН-ыг “хов, хор, хог” гурваасаа салсан эсэхийг цаг хугацаа л харуулна

Ардчилсан намын VI их хурал бараг арван жил завсарласны дараа өнгөрсөн мягмар гарагийн морин цагт эхэлсэн. Их хурлын нээлт ялагдлын шалтгаанаа ярих, дүгнэх хариуцлагатай түүхэн үйл явдал гэхээсээ илүү ялсан намын баярын хурал шиг л эхэлсэн. Сонгуульд ялалт байгуулсан аймаг, сум дүүргүүдийн төлөөлөгчдөд намын дарга З.Энхболд, Л.Эрхэмбаяр, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар баяр хүргэж, намын туг гардуулах ёслол болсон. Алга ташилт инээд хөөрөөр эхэлсэн хурал үүний дараа намын дарга З.Энхболдын улс төрийн илтгэлээр үргэлжилсэн юм. 

 5691

МАН-Ы ХУРАЛ УУ, АН-Ы ХУРАЛ УУ…

УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН-д 65 суудал “бэлэглэж”, бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдсэн дарга тухайн үедээ буюу сонгуулийн шөнө Ардчилсан намын ялагдлын хариуцлагыг хүлээж, даргаасаа огцорно хэмээн мэдэгдэж байсан. Үүнээс хойш тэрбээр “ам нээлгүй” чимээгүйхэн байсан.

Тиймээс ч түүний тавих илтгэл болоод хэлэх үг нь сонгуулийн ялагдал, хариуцлагын тухайд байна байх гэсэн хүлээлт хаа хаанаа байсан. Гэтэл түүний илтгэл сонгуулийн ялагдал, хариуцлагын тухай гэхээсээ илүү өөрийгөө “ялаас” мултлах гэсэн мэт, өөрийгөө өмөөрсөн аястай байсныг нуух юун.

Түүний хэлж буйгаар АН-ын ялагдлын гол шалтгаан нь АН-ынхан өөрсдөө бус МАН-ынхан гэнэ. “Өрсөлдөгч нам хууль, хүчний байгууллагуудтай хамсан АН-ын гишүүдийг харлуулах ажлыг их хийсэн. Нөгөө асуудал нь сонгуулийн үед “царцааны нүүдэл”-ээс болж, Хөвсгөл, Увс, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймагт АН арав гаруйхан хүний саналаар ялагдсан.

УИХ-ын сонгуулиар нэг хүний саналыг дахин дахин өгсөн ноцтой асуудал гарсан. Сонгогчдын бүртгэлийн асуудалд алдаа гарсан. Төрийн байгууллагууд нягтлах хэрэгтэй. МАН сонгуулиар мөнгө тараасан.

Гэвч, хууль, шүүхийнхэн нүдээ аниад өнгөрсөн. МАН-ыг засагтаа оруулсан нь Үндсэн хуулийг өөрчлөх явдал байсан. Чингис бондыг МАН-ынхан их шүүмжилдэг. Үнэндээ Ардын намын дарга нарын баяр баясгалантайгаар тууз хайчлан нээж байгаа бүтээн байгуулалтууд Чингис бондын мөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын үр дүн юм.

Тэгвэл МАН-ын ургийн мод өдрөөс өдөрт нахиалан цэцэглэж байна. Дэлхийн энхтайвны бэлгэ тэмдэг Далай багш Монголд өмнө нь ирж л байсан, явж л байсан. Энэ бүхнийг бид дипломат аргаар шийддэг байсан. Тэгсэн өнөөдөр хилийн хураамжаа нэмэгдүүлж, бүх албан ёсны хэлэлцээрээ зогсоочихоод буруутан хайж байна. МАН ажлаа хий.

МАН-ын төрийн ажлын туршлагагүй, мэргэжлийн бус сайд дарга, Монголбанкны ерөнхийлөгч нар зөвхөн АН-ыг гутаан доромжилсноос болоод эдийн засаг уналтад орсон. Ийм хүмүүстэйгээ хариуцлага тооц” гэх зэргээр эрх баригчдыг ярьсаар илтгэл нь өндөрлөсөн юм. Их хурлын нээлт улс орон даяар телевизээр шууд цацагдаж байсан учир МАН-ынхан ач холбогдол өгч үзсэн нь ойлгомжтой.

Харин түүний энэхүү илтгэлийг сонсоод энэ Их хурал АН-ын хурал юм уу, МАН-ын тухай ярих хурал юм уу хэмээн хошигнох хүмүүс ч олон байлаа. Түүний дараа АН- ын шинэтгэлийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин танилцуулснаар үдээс хойших хурлаа хаалттай горимд шилжүүлсэн юм.

Сураг, ажиг сонсох нь ээ, Их хурлын гишүүд хаалттай хаалганы цаана нэлээд ширүүхэн үг хаялцсан гэнэ. Тухайлбал, гавьяат жүжигчин Д.Сосорбарам Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дайсан үгийг хэлчихээд, намаасаа гарч, шинэ нам байгуулна гэж мэдэгдээд их л ууртай хурлыг орхин гарсан байгаа юм.

Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын ялагдал буюу АН-ыг яаж ялагдуулсан тухай мөн ерөнхийлөгчийн талаар хатуухан үг хэлсэн байна. Тэрбээр “Манай Ц.Элбэгдорж захиалга өгдөг, зохиомол хэрэг үүсгэдэг, шалгадаг, дарамталдаг, өөрийн гэсэн мөрдөн байцаагчтай, өөрийн гэсэн прокурортой, шүүгчтэй.

Гэхдээ үүнийг ганцхан Ц.Элбэгдорж хийгээгүй. МАН-тай хамтарч хийдэг. МАН-ын дарга М.Энхболд чимээгүй суучихаад, АН-ынхан л болохгүй байна, бүтэхгүй байна гээд ард нь хараад сууж байдаг” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь төлөөлөгчдийн анхаарлыг ихээхэн татжээ.

Ийнхүү эхний өдрийн хурал оройн 18:00 цагт өндөрлөх ёстой байсан ч шөнийн 22:00 цагийн үед өндөрлөсөн юм. Арга ч үгүй биз, бүтэн найман жилийн дараа сая нэг юм Их хурлаа хийж байгаа учир элдэв бодсон санаснаа хэлж, ярих гэсэн гишүүд хурлаа тийм ч хурдан дуусгахыг хүсээгүй нь ойлгомжтой.

ӨНӨӨДРӨӨС ОРОН ДАЯАР НАМЫН ДАРГЫГ ТОДРУУЛАХ СУНГАА ЭХЭЛНЭ

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 1,210 төлөөлөгч оролцсон АН-ын Их хурал өчигдөр 10:00 цагаас СТӨ-нд үргэлжлүүлэн хуралдлаа. Хурлын эхэнд Үндсэн дүрмийн өөрчлөлтөө танилцуулсан юм. Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндоржийн танилцуулснаар АН нь Үндсэн дүрмийн хороотой байна.

Түүн дотроо Ёс зүйн хяналтын хороо, Санхүүгийн хороо багтаж ажиллах аж. Тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдана. Тухайлбал, Ёс зүйн хяналтын хороогоор намын нэр хүндэд халгаатай үйлдэл хийсэн гишүүдийг хэлэлцэн, шийдвэр гаргах юм байна. Харин Санхүүгийн хороог байгуулж байгаа нь өнгөрсөн хугацаанд намын санхүүжилтийн асуудлыг намын дарга нь нуруун дээрээ үүрч, дангаараа шахам шийдэж ирсэн тул тусдаа Санхүүгийн хороотой байх нь зөв гэж үзжээ.

Мөн намын даргыг сонгох сонгууль нь бүх шатанд бүх гишүүдээс санал авч байж, тодрох болж байна. Намын даргад нэр дэвшигч нь гишүүдийнхээ саналыг авах зорилгоор мөнгөн болон эд хөрөнгийн шинжтэй амлалт өгөх, гишүүдийн саналыг худалдан авахыг хориглоно.

Нэр дэвшигчийн рейтинг тогтоох санал асуулга явуулах, санал асуулгын дүнг олон нийтэд зарлахыг хориглоно гэх мэтчилэн заалт тусгасан байна. Ийнхүү Их хурлаар намынхаа дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, дэмжин баталсан нөхцөлд маргаашаас /өнөөдөр/ эхлээд орон даяар намын даргыг тодруулах сунгаа эхлэх гэнэ.

Улмаар ирэх гуравдугаар сард Их хурлыг дахин зарлан хуралдуулж, намын даргаа батлах юм байна. Үндсэн дүрмийн өөрчлөлтөө танилцуулсны дараа гишүүдийн ярианы сэдэв нь “Танилцах боломжийг олгосонгүй” гэх шүүмжлэл байлаа.

Учир нь Их хурал эхлэхийн өмнө буюу өчигдөр л гишүүдэд намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бүрэн эхээр нь тараасан юм байна. Ийнхүү VI Их хурал түр завсарлаад буцаж орохдоо хаалттай горимоор үргэлжилсэн юм.

НАМЫН ДАРГЫН ХАРИУЦЛАГАТАЙ ХОЛБООТОЙ ЗААЛТЫН ЭРЭЛД…

Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ том слайдан дээр дүрмийн төслөө гаргаад заалт заалтаар нь нухацтай хэлэлцсэн байна. Дугаар шилжих мөчид дүрэмд орох нийт есөн бүлгээс дөнгөж гурван бүлгийг хэлэлцэж, дэмжсэн гэх мэдээлэл ирсэн юм.

Тухайлбал, АН-ын гишүүний татвар нэмэгдүүлэх санал олонхийн дэмжлэг хүлээсэн гэнэ. Тиймээс АН-ын гишүүдийн сарын татвар нь 1,000, жилийн татвар нь 12 мянган төгрөг болжээ. Мөн намын гишүүн бүр цахим үнэмлэхтэй болох, намд шинээр элсэж байгаа гишүүн нь намын гишүүний батлахын үнийг төлөх зэрэг өөрчлөлтүүд орж байгаа юм байна.

Ийнхүү өчигдрийн Их хурлын уур амьсгал намын даргын асуудал гэхээсээ Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийн асуудал байсан юм. Намын дүрмийг хэлэлцэх шатанд гишүүд Ш.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг дүрэм боловсруулахдаа хайнга хандаж, хариуцлагын асуудлыг орхигдуулсанд шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Харин Ш.Түвдэндорж “Үндэсний зөвлөлдөх хорооноос 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дүрмийн ажлын хэсэг байгуулсан. Гэтэл зөвхөн намайг буруутгаад байх юм” хэмээн өөрийгөө хамгаалаад авсан.

Их хурлын төлөөлөгчид бухимдах болсон шалтгаан нь ажлын хэсэг дүрмийн төсөл боловсруулах шатанд багцалсан төслүүдэд оруулсан зарим заалт алга болчихсон гэнэ. Өөрөөр хэлбэл, намын дарга Их хурлаа зарлан хуралдуулаагүй тохиолдолд ямар ч маргаангүй дүрмийн дагуу намын даргыг огцорсонд тооцно гэж заасан байсан юм байх.

Гэтэл өнөөх заалт нь Үндсэн дүрмээс нь алга болчихсон аж. Тиймээс ч Их хурлын төлөөлөгчид намын даргын хариуцлагатай холбоотой заалтын эрэлд мордож, “Энэ хэний хийсэн ажил вэ. Хэн энэ заалтыг санаатайгаар авав” хэмээн хэсэгтээ л буруутныг хайцгаасан. Өөр нэг маргаан дагуулсан өөрчлөлт нь бүрэн эрх нь дууссан УИХ-ын гишүүдийг ҮЗХ шууд сонгох асуудал байв.

Тодруулбал, Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Үндэсний зөвлөлдөх хороог татан буулгаж, шинээр дахин байгуулах нөхцөлд шууд сонгогдох гишүүдэд өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д байсан гишүүд, мөн намын дарга, удирдлагууд багтаахаар заажээ. Тиймээс энэ заалтыг “хариуцлагагүй үйлдэл” гэж Их хурлын гишүүд шүүмжилж байв.

Бүрэн эрх нь дуусгавар болсон тэдгээр гишүүд дунд намынхаа нэр хүндийг навс унагасан, намаа сонгуульд ялагдалд хүргэсэн гээд хариуцлага тооцох ёстой гишүүд олон байтал, тэднийг ҮЗХ шууд сонгох нь шударга бус хэмээн үзсэн хэрэг. Ийнхүү дүрмийн шинэчлэлтэй холбоотой олон асуудал өрнөсөн юм.

Мэдээж Их хурлын эргэн тойронд сайнаасаа илүү саар асуудал олон хөндөгдөж байлаа. Тухайлбал, Их хуралд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг ирсэн цагаас нь даргын сунгаанд оролцохоо мэдэгдээд байгаа С.Эрдэнэ, Г.Батхүү зэрэг эрхмүүд хайрцаглаж хоносон, хурлын дараа Г.Батхүү Их хурлын гишүүдэд мөнгө, киноны билет тараасан гэх “бор шувуу” нисээд эхэллээ.

Тэгвэл Их хурлын эхний шөнө АН-ын лидерүүд хуралдаж, намыг ялагдалд хүргэсэн нөхдүүд намын даргаар сонгогдох боломжийг бүрдүүлсэн дүрмийн заалт оруулж ирэхээр тохиролцсон, Н.Алтанхуяг “Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнийг би намын дарга болгоно” гэж “томорсон” гэх зэргээр олон л өнгийн яриа гараад амжив.

Уг нь энэ удаад АН-ыг их шинэчлэл хийж хов, хор, хог гурваасаа салаад шинэчлэгдэж чадах байх гэсэн хүлээлт их олон хүнд байсан байх. Гэвч их хүлээлт дагуулсан Их хурлыг өнөөх л “хов, хор, хог” гуравтайгаа л болж өндөрлөх шинжтэй. Гэхдээ яах вэ, огт хийхгүй байснаас хийж байгаа нь сайн хэрэг биз.

Энэ удаагийн хурлаараа намын удирдах алба хашиж байсан дарга нар, жирийн гишүүд нь хүртэл ёстой нөгөө хийгээ гартал ярьж байх шиг. Эхний өдрийн хурал шөнийн 22:00 цаг хүргэсэн юм чинь сүүлийн өдрийн хурал хэдэн цаг хүргэхийг мэдэхгүй юм. Юутай ч АН-ын Их хурлаас хүлээж байсан шинэчлэл хийгдэж чадах эсэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин


URL:

Сэтгэгдэл бичих