БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга С.Батболд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга С.Батболд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын хувьд хүрээлэн буй орчны бохирдол, доройтол тулгамдсан асуудал болсон.Иймээс  Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан  байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын  зорилтууд болон нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт  мөн чиглэлээр туссан асуудлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхээр 2017 онд  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. БОАЖ-ын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хооронд байгуулж буй “Хамтран ажиллах гэрээ”-ний хавсралтаар баталгаажих төлөвлөгөөнд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын зорилтыг хангах чиглэлийн хүрээнд 19 зорилтын дагуу 83 арга хэмжээг 2017 онд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 Гэрээнд гарын үсэг зурах үед БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нийслэлд тулгамдаад байгаа агаар, ус, хөрсний бохирдлын талаар мэдээлэл өгөв.

БОАЖ-ын сайдын мэдээллийг хүргэе

Агаарын бохирдлын асуудлаар: Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 120 дугаар захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүнийг баталж  хорооны Анхдугаар хуралдаанаар 2015-2016 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, 2016-2017 онд хийх ажлын төлөвлөгөөг батлав.

Төлөвлөгөөнд агаарын бохирдлыг бууруулах стратеги төлөвлөгөөг боловсронгуй болгох, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж эрчим хүчний шөнийн хэрэглэгээний тарифыг тэгрэлэхд 3.5 тэрбум төгрөг, тодорхой зорилтот бүлгэд, сайжруулсан зуух шахмал түлшээр хангах болон бусад арга хэмжээнд 1.5 тэрбум төгрөгийг тус тус олгох, цаашид стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх, үйлчилгээг боловсронгуй болгох, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлж хэрэглээнээс хасах зэрэг арга хэмжээг тусгаад байна.

Усны бохирдлыг бууруулах талаар: УИХ-ын БОХХАА Байнгын Хорооноос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдалд хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 11-р сарын 8-нд зохион байгуулж хэлэлцүүлгээс зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжинд төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах болон шинээр барих цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, ТЭЗҮд / 368,2 сая доллар/ үнэлэлт дүгнэлт өгч хөрөнгө оруулалт, технологийн асуудлыг судалж,  шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар тусгасан.  Түүнчлэн “Ус бохирдуулсаны төлбөрийн тухай”  хуульд заасан холбогдох журмыг яаралтай боловсруулан батлах болон стандартаас давсан бохирдолтой их хэмжээний хаягдал ус төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлж байгаа, ил задгай хаяж байгаль орчин бохирдуулж байгаа үйлдвэр аж ахуйн нэгжид “ Байгалийн нөөцийг ашиглагч нь хамгаалж, бохирдуулагч нь төлөх” гэсэн зарчмыг баримтлан  арга хэмжээ авч зөрчлийг арилгуулах, түүнд хяналт тавих мэргэжлийн инженер техникийн ажилтанд улсын байцаагчийн эрх олгох асуудлыг судлах зэрэг асуудлуудыг мөн тусгасан юм.

Бид усны бохирдлыг бууруулах асуудлаар олон байгууллагуудтай харьцаж хөөцөлдөж явдаг. Үүний  нэг үр дүн нь Мянганы сорилтын корпорацийн II компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын усан хангамжийг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой асуудлууд  тусгасан.  Тус гэрээнд мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх,өргөтгөх, газрын доорхи усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор уст давхаргад ус нөөцлөх, нөхөн сэргээх шинэ технологийг нэвтрүүлэх, саарал усыг зохих түвшинд цэвэрлэж дахин ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, Туул голын бохирдлын асуудлыг шийдвэрлэхзэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр яригдаж байна.

Цаашилбал, УИХ-ын  Өргөдлийн байнгын хорооноос арьс ширний үйлдвэрүүдийг үе шаттайгаар Улаанбаатар хотоос гаргаж Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркад нүүлгэн шилжүүлэхийг Засгийн газар,  БОАЖЯ, БХБЯ, ХХААХҮЯ, Нийслэлийн Засаг даргад тус тус үүрэг болгосон байгаа.

Хөрсний бохирдлыг бууруулах талаар: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төслийг 2.8 сая ам долларын санхүүжилтээр 2017-2021 онд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Уг төслийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 3 хороонд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд нийт 1500 өрхөд ариун цэврийн байгууламж суурилуулна.

Цэцэрлэгжилт ногоон байгууламжийг дэмжих асуудлаар: Улаанбаатар хотын цэцэрлэгт хүрээлэн “ Ази номхон далайн бүсийн ойн нөхөн сэргээлт олон улсын ТББ-ын санхүүгийн дэмжлэгээр 8.4 га талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих