“ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН 30 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
“Оюу Толгой” ХХК нь Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2015 оны 4 сард байгуулж улмаар уг гэрээг хэрэгжүүлэх гол бүтэц болох “Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан” Төрийн бус байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу мөн оныхоо 9 сард байгуулсан болно.
“Говийн Оюу ХДС” нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд зориулж “Оюу толгой” ХХК-аас олгох сайн дурын санхүүгийн дэмжлэгийг захиран зарцуулах ба уг санхүүжүүлэлтээр Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх замаар Өмнөговь аймгийн иргэдийн амьжиргаа, орон нутгийн чадавхийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Төрийн бус байгууллага юм.
Оюу толгой ХХК-ийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан”-гаас Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад Өмнөговь аймгаас амжилттай суралцаж буй оюутан залуусыг дэмжих зорилгоор оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Говийн Оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг зарласан.
Уг тэтгэлэгийн хүрээнд Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санал болгосон орон нутагт нэн тэргүүнд шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа, тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан Өмнөговь аймгийн оюутнуудын тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг “Хөтөлбөр удирдах байгууллага”-аар дамжуулан Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас тэтгэлгээр олгох юм.
Тэтгэлэгт хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулах хороо нь тэтгэлэг хүсэгч оюутнуудын материалыг хүлээн авч, хэлэлцэн эхний шатанд тэнцсэн 53 оюутнуудыг дараагийн шатны шалгаруулалтанд урьсан.
Сурлагын чанар, ярилцлагын оноо бусад үзүүлэлтээр бусдаас өндөр оноо авсан эхний 30 оюутанд сургалтын тэтгэлэг олгохоор Сонгон шалгаруулах хороо шийдвэрлэсний дагуу сургалтын тэтгэлэгийн батламж гардуулах ёслол 2016 оны 12 сарын 02 ны өдөр Оюутолгой ХХК ны төв офисст боллоо.
URL: