Жаргалгүй хотын жаргалтай дарга та хэзээ ажлаа хийх вэ?

5677

Би Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэн. Сая гаруй хүн амтай метрополис хотод нийслэлчүүдтэйгээ мөр зэрэгцэн амьдарч байна. Том хотод асуудал их бий. Түгжрэл, агаарын бохирдол, нийтийн тээвэр, цахимжаагүй системүүд гээд стресс, бухимдал үүсгэх асуудал маш их.

Гэхдээ л бид хотдоо мөр зэрэгцэн, ажиллаж, амьдарсаар л байна.

Хотод ямар асуудал байгааг хотынхон л сайн мэднэ. Түүнээс 1000 гаруй километрийн цаана мал хариулж яваа Болд гуай түгжрэл, агаарын бохирдолын талаар төсөөлөх ч үгүй. Тийм болохоор түүнд энэ асуудлыг шийдвэрлэх тухай ямар ч гарц гаргалгаа байхгүй гэж ойлгож болно.

Эргээд бодоход Э.Бат-Үүлийн баг сайн ажиллаж байжээ. Төсөв хөрөнгө их зарлагадсан ч зуны цагт хот минь цэцэгсээр гоё өнгө нэмж, дугаарын хязгаарлалт, нийтийн тээврийн парк шинэчлэлт зэргээр таг зогсчихдог байсан түгжрэлийг шийдвэрлэж, стресс бухимдлаас бага ч болтугай салгаж байж. /Уг нь одоо ч дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа. Гэсэн ч ажил эхлэх, тарах цагт замын хөдөлгөөнд оролцоход үнэхээр бэрх болчихлоо./

Дээр хэлсэнчлэн хотын хүн л хотын зовлонг мэднэ гэж энэ. Гэтэл одоогийн хотын даргын хийж хэрэгжүүлж буй ажил үнэхээр хангалтгүй санагдаж байна. “Арга ч үгүй дээ. Тэр бол нэг аймгийн хэдэн сумыг буюу сонгуулийн тойрогоо хариуцан ажиллаж байсан улс төрч шүү дээ” гэж хэлж байсан ахын үг толгойд орох шиг. Гэтэл хот бол тойргоос өөр юм. Шийдэх асуудал, хийх ажил ихтэй.

Эндээс л хотын даргыг өмнөх ажлаа амжихгүй байна л гэж ойлгоод байгаа юм. Техник технологи хөгжсөн энэ үед хуванцар хүрз барьчихаад л цас цэвэрлэж байгаа хотын даргыг яаж ч “мундаг байна” гэж үнэлэх билээ. Сумын сургуулийн захирал ч хүрзээр цас цэвэрлэхээ больчихсон цаг үед сая гаруй хүнтэй метрополис хотын даргын авч буй арга хэмжээ нь хүрз төдийхөн л байлаа шүү дээ. Гэтэл түүний хажууд Гацууртын Л.Чинбат шал өөрөөр ажиллаж, олон түмний талархлыг хүлээгээд байна.

 

Энэ бол хотод унасан цасыг хүрзээр цэвэрлэж, цаг алдаж болдоггүй юм аа гэдгийг ойлгуулсан нэг том жишээ байлаа. Өөрөөр хэлбэл техник ашиглаж, хугацаа хожихын оронд хүрз барьж шоудснаараа хотын дарга л буруудаж байна. Ер нь “Улаанбаатар нэгтгэл”-ийг тарааснаас болоод өөрөө цас цэвэрлэх дээрээ тулсан ч байж мэдэх юм. Гэхдээ хот бол сумын төв биш. Унасан цасыг хүрздэж яагаад ч барахгүй.

Мөн стресс бухимдалтай нийслэлчүүдийг шоглож байгаа юм шиг “Аз жаргалтай Улаанбаатар” нэрээр хэдэн ч удаа “шоудчихав”, бүү мэд. Уг нь Улаанбаатарчууд л аз жаргалыг мэдрэх ёстой баймаар. Гэтэл хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй тэргүүтэй хүмүүс л аз жаргалтай харагдаад байна. Сүүлдээ жаргал нь дэндэж хүний амь насанд ч хүрч мэдэхээр байдал бий болсон байна шүү дээ. Тэгээд бас болоогүй тархиндаа гэмтэл авч ухаан алдсан хүнийг “бусдаас нуу” гэдэг үүрэг даалгавар өгсөн ч гэж байх шиг. Үүнийгээ нууж далдлах гэсэн юм уу “Нүхт”-д сэтгүүлчдийг цуглуулж бас л шоудаад, ноолууран ороолтоор гарыг нь цайлгасан сурагтай.

 

Бас болоогүй Нийслэлийн 2017 оны төсөв батлагдсан гээд дахиад л наргиж суусан байх юм.

 

 

 

 

Ингэж хотыг удирдахгүй ээ. Аз жаргалтай хотыг тунхаглах гэж байга бол эхлээд гэр хороололд очиж иргэдийн амьдралтай танилц. Мөн иргэдтэйгээ ажил тарах үеэр түгжрэлд өнжөөд үз. Үүний дараа “аз жаргал” гэдэг үг нийгэмд, Улаанбаатар хотод зохихоор байна уу гэдгийг ухаарна биз.

 

Түүнээс өмнө иргэнийхээ өөдөөс харчихаад л жаргалтай нь аргагүй шоудаад яваад байгаа даргыг хэн ч “сайн ажиллаж байна аа” гэж үнэлэж чадахгүй нь. Гэрт нь хоолгүй, хүүхдүүд нь даарч байхад архи уун, том том яриад явдаг зарим эцгүүдээс ялгагдах юм алга байна шүү дээ.

 

Дарга нар минь энэ завхралаа эртхэн ухаарахгүй бол хотод чинь аз жаргал гэчихээр юмс үлдэхгүй нь байна шүү.

 

Амар

Үндэстэн агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих