Г.Аюурзана: Өвөр монголчуудаа нэгтгэсэн бол өдийд бид 13 саяулаа байх байлаа

5645

Өнгөрөгч амралтын өдрүүдээр цэнхэр дэлгэцээр цацагдсан “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаарт Өвөр монголын нэрт дуучин С.Тэнгэр зочноор оролцсон. Эл нэвтрүүлгийг үзэн сонирхсон олон үзэгч цахим орчин, олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ хуваалцаад амжсан. Сүүлийн үед Монгол туургатны ястан угсаатнуудын онцлогийг шингээсэн цуврал роман туурвих болсон МУСГЗ, зохиолч  Г.Аюурзана ч энэ нэвтрүүлгийн дараа өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээ мартсангүй. Тэрбээр, “Төв халх аялгаар ярьдаггүй л бол монгол хүн биш” гэсэн явцуу үзлээсээ салцгааж байгаа маань сэтгэлгээний том дэвшил шүү. Бид эртэй сайндаа л тусгаар тогтночихсон, өвөрлөгчүүд бүтэлгүй сэтгэлгүйдээ л Хятадад орчихсон юм биш. “Халхын заяа их” гэдэг л айхтар үнэн үг. Богд хаант Монгол улсын хүн амыг 1918 онд тоолоход 650 мянга орчим байжээ. 1935 онд 740 мянга болж сүрхий өссөн ч, хэлмэгдлийн хар шуурга дайрсны дараа 1944 оны тооллогоор ердөө 20-иодхон мянгаар нэмэгдсэн байв. Харин Өвөр монгол 1911 онд Манжаас салахад 1.5 сая хүнтэй, 1948 онд Өвөр монголыг байгуулахад зургаан сая хүнтэй, хоёр сая шахам нь монгол үндэстэн байж. Хөхнуур, Шинжааны ойрдуудыг нэмбэл Монгол Улсын хүн амаас гурав дахин олон монголчууд Хятадын захиргаанд байсан гэсэн үг. Чан Кайши ч, Мао ч “Монголчуудын ихэнх нь манай харьяанд үлдэх учир Ар Монголын тусгаар тогтнол явуургүй” гэж хатуу итгэж байв. Хэрэв Сталин л “Гадаад Монголын статус-кво хэмээн Ялта хотод тохиролцсон зүйл бол БНМАУ-ын тусгаар тогтнол” гэж ганцаараа зүтгээгүй бол, бидний тусгаар улс болох ч лөөлөө шүү дээ. Ялтаас харимагцаа Рузвелт үхчихсэн тул, Черчилл ганцаараа “гурван том удирдагчийн” тохиролцсон Гадаад Монголын статус-кво гээч нь яг тусгаар тогтнол байсан уу, тухайн үед хүчин төгөлдөр байсан Зөвлөлт-Хятадын гэрээнд заасан автономийн статус байсан уу гэдэг дээр маргалдах нь ямар ч утгагүй болчихсон юм. Тэгээд л Сталиныхаар шийдсэн, энэ гайхамшгийг бүтээсэн гавьяаг нь үүрд дурсахын тулд Улаанбаатарт тэр хүний хөшөөг ч босгосон түүх бий.

Энүүхэндээ хэлэхэд, 1945-1948 оны хооронд өвөрлөгч хүн амаа бүрэн татаад авчих боломж байсан тухай нэрт манжич, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумыг тэр чигээр нь дагуулж Монголд авчирсан Я.Шаарийбуу хэмээх аугаа хүн ярьж байсан сан. Тэр үед хоёр сая өвөр монголчуудаа авчихсан бол, 760 мянгаас гурван саяд хүрсэн жишгээрээ тооцвол, бид өнөөдөр 12-13 сая хүн амтай улс байхгүй юу” хэмээн олон нийтийн сүлжээнд нийтлэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих