Орос, хятадуудаас суралц, Ц.Мөнх-Оргил сайд аа
Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил томилогдов. Гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн, туршлагатай улстөрч хэмээн тодотгож, Монголыг гадаадад төлөөлөх чухал албанд энэ хүнийг тохоон томилов. Гэвч тодотголдоо тохирох хэмжээний ажиллахгүй байгааг сүүлийн хэдхэн хоногт өрнөсөн үйл явдлууд харуулж байна. Улсын дотор, гадна өрнөж буй үйл явдлыг цаг тухайд нь мэдэрдэггүй, зохих ёсны хариу барьдаггүйг хоёрхон жишээгээр хэлье. Монгол Улс Гадаад харилцааны яамгүй, сайдгүй мэт өдөр хоногууд үргэлжилж байна.
Жишээ 1: Та бүхнийг ирэхээс өмнө Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл ирэхийг хүлээж байлаа
Дуучин С.Амармандахыг ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтан зодсон гэх хэрэг олны анхаарлыг татаж байна. Гадна, дотны хэвлэлүүд эл үйл явдлыг онцолж, яагаад зодуулсан, хэн зодсон гэх асуултад хариулт хайж байна.
Өчигдөр С.Амармандахын гэр бүлийнхэн болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдын яаманд хандлаа. Оросууд ч эелдэгээр хүлээн авч, хүлцэл өчин, энэ асуудалд онцгой анхаарал хандуулж буй гэдгээ мэдэгдэв. Бүр Ерөнхийлөгч В.Путин хүртэл анхаарал хандуулж байгаа хэмээж, ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд дуучин С.Амармандахтай биечлэн уулзаж, уучлалт хүсэхээ мэдэгдэв. С.Амармандахын гэр бүлийнхний сэтгэл бага ч гэсэн амарсан нь мэдээж.
ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагуудын хэлсэн нэг өгүүлбэрийг анхаарахгүй өнгөрч болохгүй нь. Тэр нь “Та бүхнийг ирэхээс өмнө Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл ирэхийг хүлээж байлаа” гэсэн үг байв. Монголын Гадаад харилцааны яамнаас иргэнээ өмөөрөх ямар нэг мэдэгдэл ирнэ, түүнд нь дипломат хэлбэрээр албан ёсны хариу өгнө гээд хүлээж байсан гэсэн үг. Гэвч Монголын Гадаад харилцааны яам энэ талаар ганц үг дуугарсангүй, бусдад ингэж хэлүүлээд сууж байна. Гадаадын дипломат байгууллагын ажилтан иргэнийг нь эх оронд нь зодож, хэвтэрт оруулсан асуудалд эмзэг хандана гэж хүлээсэн нь энэ үгээс илт. Наанадаж л ямар асуудал үүссэн талаар, үнэхээр дипломат ажилтан байсан эсэх тухай албан ёсны тайлбар хүснэ хэмээн оросууд хүлээж. Гэвч Монголын Гадаад харилцааны яам, сайд нь хэнэггүй, үхэр монгол зангаа гаргаж, энэ үйл явдлыг чихний гадуур өнгөрөөв. Эцэст нь эх орон нь иргэнээ өмгөөлж, өмөөрдөггүй гэж хэлүүлэв. Улсыг төлөөлөх үүрэгтэй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил та юу бодож байна?! Оросуудаас суралц.
Жишээ 2: Далай ламын айлчлал Хятад-Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улсад хийсэн ес дэх удаагийн айлчлалтай холбогдуулан БНХАУ-аас хоёр ч мэдэгдэл гаргав. Далай ламын айлчлал эхлэхээс өмнө Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Генг Шуанг “Хоёр орны харилцааны тогтвортой хөгжил болон амлалтдаа хүрэх нөхцөл байдлыг өргөн хүрээтэй харахыг Монголд анхааруулж байна” хэмээж, Засгийн газраас Далай ламын айлчлалыг цуцлахыг шаардсан юм. Тусгаар улсын зочин хүлээж авах, эс авахыг зааж, анхааруулга өгсөн энэ мэдэгдэлд Монголын талаас ямар ч хариу өгөөгүй.
Далай лам ирсний дараа Хятадын тал хоёр дахь мэдэгдлээ гаргав. Тус мэдэгдэлд “Хятадын тал удаа дараа сануулсан боловч Монгол Далай ламыг хүлээж авлаа. Хятад улс Далай ламын айлчлалд ихээхэн сэтгэл дундуур байгаа бөгөөд хатуу эсэргүүцсэн хэвээр байгаа”-г онцолжээ. Мөн Монгол-Хятадын харилцаанд сэв сууж болзошгүй том сануулгыг өгсөн. “Хэлсэн үг дагасангүй” хэмээн өмнө зүгээс том дуугарч байхад Монголын Гадаад харилцааны төлөөлөл дуугүй хэвээр байв. Харин Далай ламыг буцсаны дараа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Хятадын талаас ийм мэдэгдэл гаргасанд харамсаж байна” гэж сая ам нээв. Монголын Гадаад харилцааны сайдыг ингэж дуугарч ядаж байх хооронд Хятадын тал аль хэдийнэ Шадар сайдын болоод хэд хэдэн айлчлалыг тодорхойгүй хугацаагаар цуцалсан байв. Монгол-Хятадын харилцаанд сэв суулаа гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй гэдгээ харуулсан хэрэг. Үүний дараа БНХАУ-аас хилийн хураамжаа нэмэх болсноо мэдэгдэв. Энэ сарын нэгнээс эхлэн “Гашуун сухайт”, “Шивээхүрэн”, “Бичигт” боомтоор дамжин БНХАУ руу орж буй автомашин бүрээс нэмэгдэл хураамжаа аваад эхэлсэн. Хятадын тал ингэж хураамжаа нэмсэнээр Монголын аж ахуйн нэгжүүдээс жилдээ ойролцоогоор 12.3-12.5 сая ам.долларын нэмэлт төлбөр гарна. Төрийн хойрго байдлын алдаа, ачааг хэн үүрдгийн бодит жишээ энэ.
Тодорхойгүй хугацаагаар цуцлагдсан сайд нарын айлчлал, хилийн хураамжийн нэмэгдлийн талаар Монголын Гадаад харилцааны яам жичид нь, тусдаа ярилцсаар байгаа гэнэ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, бусдыг царайчилж суугаа нь энэ. Эх орондоо иргэнээ өмөөрөх сэтгэлгүй, хилийн чанадад өрнөж буй үйл явдалд тохирсон хариу барих чадвар чадамжгүй Гадаад харилцааны яам, сайдтай байгаа Монгол хөөрхий, өрөвдөлтэй байна.
Хаа холын тив алгассан орны бус хажууханд, хил залгаа оршиж буй улсын гадаад харилцаа, дипломат алба ингэж ажилладаг юм байна. Орос, хятадуудаас суралц, Ц.Мөнх-Оргил сайд аа.
В.Хэрлэн
Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/476683.htm
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЗӨВ ШҮҮ
ЭНЭ НӨХӨР 7 САРЫН 1 НД БААХАН ОРОСУУДТАЙ ҮЙМЭЭНИЙ ҮЕЭР ЯВЖ БАЙСАН ЭТГЭЭД