Арабын элсэн цөлийг Алтан Дубай болгосон ард түмэн

15321674_1282814465097832_1677878311_o_700x700С.УЯНГА

Бидний хэсэг сэтгүүлчид Арабын нэгдсэн Эмират улсад дөрөө мултлахдаа  Арабын ертөнцийн сайхныг, ард иргэдийнх нь тав тухтай тансаг хангалууныг гайхаж бишрэв. Үнэндээ өндөр барилга, үнэт эдлэл гэхээс илүү улаан элсэн цөл дээр ногоон хот цогцлоосон нь юу юунаас илүүтэй анхаарал татсан хэрэг. Тэр дундаа элсэн цөлийн жижигхэн мужууд нэгдэж 45 жилийн хугацаанд Арабын нэгдсэн Эмират улсыг “бүтээсэн” л бидний мэддэг Арабын ертөнцийн гайхамшиг аж.

Цөөн үгээр хэлбэл, саяхныг болтол юу ч үгүй хуурай элсэн цөлд тэмээ хөтөлж, цагаан даавуу нөмөрч явсан ард түмэн яаж богино хугацаанд хөгжил цэцэглэлтээрээ дэлхийд тэргүүлж чаддагийг бишрэх ч багадмаар. Долоон муж нэгдээд Эмират улсыг “босгосон” нь 45 жилийн түүхтэй ч элсэн цөлийг эко хот болгож, аялал жуулчлалаар асар их орлого олж эхлэхэд үүнээс ч богино хугацаа зарцуулжээ. Тус улсын нэг муж болох Дубай хот л гэхэд орлогынхоо 25 хувийг дан ганц аялал жуулчлалаас олдог гэхээр сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хэрхэн үсрэнгүй хөгжсөнийг бэлхэн харж болно. Өнгөрсөн оны мэдээллээр Эмират улс өрсөлдөх чадвараараа дэлхийд 24 дүгээр байрт, бүс нутагтаа тэргүүлжээ.

Арван сая хүн амтай Эмират улсын дийлэнхийг нь Ази, Энэтхэгүүд бүрдүүлдэг. Энэ дундаас араб үндэстэн  16 хувийг эзэлдэг бол Энэтхэг 35, Бангладеш 12, азиуд 28 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, хүн амынхаа маш бага хувийг бүрдүүлдэг араб үндэстэн эсрэгээрээ том орон зайг эзэлж эрх мэдэл, тансаг амьдралд умбадаг байна. Араб үндэстэн байсныхаа төлөө бараг хуруугаа ч хөдөлгөлгүй баян амьдардаг  гэхэд хилсдэхгүй. Арабчууд улсаасаа тогтмол тэтгэмж авч бүр цахилгааны мөнгө, хүүхдийн хангамж зэргийг ч төр нь хариуцдаг гэнэ. Бизнесийн салбарт ч араб улсад “нэвтрэх”-ийг хүссэн хэн бүхэн заавал нутгийн уугуул иргэдтэй хамтрах ёстой. Тэдний ийнхүү эрх мэдэл, эд хөрөнгөтэй байгаагийн цаана ердөө л улс орны зөв тогтвортой бодлого бий гэдгийг аяллын үеэр орчуулагчид хэлж байлаа.

Газрын тостой баян орон юуг ч хийж болох мэт санагдавч тогтвортой бодлого, цэгцтэй төлөвлөлтөөс олон зүйл шалтгаалдаг аж. Үүний нэг тод жишээ бол хүн амынхаа 10 гаруйхан хувийг эзэлж байгаа араб үндэстэнээ сайхан амьдруулахын тулд бусад улс орныхны ажиллах хүчийг хэрхэн “ашиглаж” чадаж байгаа нь бас л сонин. Нүсэр бүтээн байгуулалт, цөлжилттэй тэмцэх зэрэгт мөн л ажиллах хүч, арын албаны хүмүүс хэрэгтэй. Яг л монголчууд барилга дээр ажиллах хятадуудыг  ад үзэж хөөдөг шиг. Гэтэл тэнд манайх шиг гурван саяулаа үндсэрхэг үзэл гаргаад ядуу амьдрах биш улсынхаа 90 хувийг гадаадуудаар дүүргэж тэр хэрээрээ хөгжиж дэвшиж байна. Хамгийн муугаар хэлэхэд саяулаа есөн сая хүнийг зарцлаад сайхан амьдарч байна. Нэг ёсондоо богино хугацаанд хурдацтай хөгжсөн арабын алтан цөлийг өнөөгийн аялал жуулчлалын соронз болсон алтан дубай болгох гол ажлыг ази, энэтхэгчүүд гардан хийсэн гэж хэлж болох.

Мөн нэг ч удаа сонгууль болоогүй, нэг ам.доллар 3.65 дерхамтай /1 дерхам = 670 орчим төгрөг/ тэнцэнэ гэсэн хууль дүрэм хэдэн арван жил нэг ч удаа хөдөлж байгаагүй нь цаг минутаар ноён ногооноо “зугтаалгачихдаг” бидэнд эдийн засгийн хамгийн эерэг, эрүүл үзэгдэл мэт. Түүнчлэн богино хугацаанд улаан цөлийг ногоон хот болгоход хааны зарлиг л хангалттай аж. Хаан нь өөрийн биеэр мод тарьж цөлжилттэй тэмцэх зарлиг гаргаснаас хойш элсэн цөлд өдгөө таван сая мод тарьжээ.

Дээр нь хулгай дээрэм, худал хуурмагийг чанга хатуу хуулиар зохицуулсан учраас элдэв төрлийн гэмт хэрэг, гэр бүл салалт, архидан согтуурал ховор гэнэ. Хааны зарлиг, хууль дүрмийг анхнаасаа ягштал мөрдөөд сурчихсан нь энэ.

Бидэнд нүдээр харж, биеэр мэдэрч, имэрч, амталж үзэх завшаан тохиосон нь Дубай, Абу Дабу хот байв.  Эдгээр хотуудаас элсэн цөл, далай тэнгисийг аялал жуулчлалтай хэрхэн уялдуулж ашиг орлого олж болдгийг харж болно. Хил хязгааргүй элсэн цөлд таван сая мод тарьж, хүний гараар бүтээсэн хэдэн арваар тоологдох хиймэл арал, нуур, далай тэнгисийг цогцлоосон нь аялал жуулчлалыг аяндаа татжээ. Үзэж харах зүйлээр үлэмж  гоёмсог хотын дундуур торго мэт зам дээгүүр зорчих нь гадны бидэнд  тааламжтай бөгөөд сонин байх. Тухайлбал, дэлхийн аль ч өнцгөөс арабын ертөнцийг зорьж ирэгсэд элсэн дээр гулгахын сацуу  цөлд жийп машин хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унаж, арабын алдарт бэлхүүсний бүжиг үзэн үндэсний хувцасаар гангарах зэргээр мартагдашгүй аяллыг өнгөрүүлж байна.

Мөн Арабын нэгдсэн Эмират улсын мөнгөн тэмдэгт дирхамын 500-тын дэвсгэрт дээр байрлах орчин үеийн лалын шашны алдарт уран барилга Жумейра сүм, далайн эргээс 280 метр зайд орших хиймэл арал дээрх Дубайн  нэрийн хуудас болох далбаат завины хэлбэр бүхий долоон одтой “Burj Al Arab”, үндэсний хэв маягийн хадгалсан худалдааны төв, далдуу модны загвартай atlantis зочид буудлыг сонирхоно. Atlantis зочид буудал 29 давхар, 1538 өрөө, 40 мянган машины зогсоолтой.

Энд дэлхий дээрх хүний гараар бүтээсэн хамгийн том сувгийн хот буюу Дубайн тансаг зэрэглэлийн орд харш, дарвуулт завь, өвөрмөц архитектурын ур хийц бүхий барилгууд бий. Дэлхийн гайхамшиг болсон 165 давхар Бурж Калифа цамхаг дээрээс Дубай хотыг бүхлээр тольдох мэдрэмж . Цам­хагийн 124 давхарт 50 секундын хугацаанд гар­даг нь  жуулчдын хөлд да­рагд­даг нэг шалтгаан юм.

1900 онд цөлийн Дубай хот 10,000 гаруй оршин суугчтай байсан бол одоо 2,1 сая хүн амтай жилд дунджаар 8-10 сая зочид, жуулчдыг хүлээн авч байна. Ингэснээр өнөөдөр Дубай хот дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн космополитик хот болж хөгжөөд байгаа юм байна.Дубай хотын дараагийн том зорилт бол 2020 он гэхэд хамгийн тогтвортой хөгжилтэй улс болох аж. Үүний тулд байгаль орчин, эдийн засаг болоод хүний хөгжлийг чухалчилж байгаа гэнэ. Энгийнээр хэлбэл хүн ам нь хамгийн чанартай амьдралаар амьдарч байгальд аль болох бага хор хөнөөл учруулах бодлогыг баримталдаг байна. Дараагийн том зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Дубай хот саяхан нэгэн том төсөл хэрэгжүүлэх болсон “Цөлийн Сарнай” юм.14000 хектар талбай бүхий ухаалаг хот бөгөөд 20,000 орчим Эмиратчуудад зориулагдах юм байна. Төслийн зардал нь 20 тэрбум Эмират Дирхам болжээ.

Үргэлжлэл бий

 

 


URL:

Сэтгэгдэл бичих