Миеэгомбын Энхболд гэж хүн Далай багшийгаа ч, сүсэгтэн олон түмнээ ч бодолгүй “хувийн тоглолт” хийчихлээ гэж хардаад байна
Cоёлын гавьяат зүтгэлтэн, нийтлэлч Г.Жамъян:
-Далай лам маань “IX богдын хойд дүрийг тодрууллаа” гэчихээд л яваад өглөө. Хаана, хэнтэй уулзаж яаж тодруулсан нь маш нууц! Уул нь аливаа богд, хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулсан л бол зарладаг шүү дээ. Тэдний, төдөн настай, тэр гэгч хүүхэд тодорлоо гээд сүсэгтэн олон түмэнд зарладаг. Зарим тохиолдолд хэрхэн яаж тодорсныг хэлж ярьж өгдөг л дөө. Гэтэл Далай лам маань, дээрээсээ их дарамтад байгаа бололтой битүү хатуу үг хэлчихээд яваад өгч байгаа нь нэг л сонин байгаа юм.
Далай лам замд гарахын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Түүндээ: … Би өөрөө IX Богдыг жаахан байхаас нь мэддэг байсан учир хойд дүр тодруулах нь миний гарцаагүй үүрэг болж ирсэн. IX Богд Жавзундамбын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж тэмдэг илэрсэн. Гэхдээ жаахан хүүхэд байгаа учраас одоохондоо нийтэд тодорхой зарлах шаардлагагүй болов уу гэж бодож байна… хэмээн айлдлаа. ” Дөрөв таван нас хүрэхээр нь зарлах юм бол адилхан нялх балчир хүүхэд шүү дээ. Одоо зарлахдаа юунаас нь эмээгээд байгаа юм. Эрх баригч намын даргын ач болоод зарлаж болохгүй байна уу? Тэгвэл энэ хүйтэн жиндүү өвлөөр яах гэж амь тэмцэн ирсэн юм? Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөчихөөд урин дулаан цагаар морилон ирж, сүсэгтнүүдтэйгээ золгож, Х Богдоо тодруулан зарлаж болоогүй юм уу?!” гэж хүмүүс ярьцгааж байна л даа.
Аливаа нууцалсан зүйл заавал сэжиг таавар дагуулдаг. Хүмүүс янз бүрээр хардах тал бий. Иргэн хүнд хардах эрх байж болно. Энэ удаад олон түмэн Далай ламынхаа яаруу бачуу айлчлалыг нэлээн дээрээс зохион байгуулсан, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой айлчлал гэж хардаад байгаа юм. Шуудхан хэлэхэд өнөөдөр нам, төрийн эрхийг зангидан атгаж байгаа Миеэгомбын Энхболд гэж хүн Далай багшийгаа ч, сүсэгтэн олон түмнээ ч бодолгүй “хувийн тоглолт” хийчихлээ гэж хардаад байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэр бүлийнхээ хүрээнд Х Богдыг тодруулах, түүнээ Далай багшаар баталгаажуулахын тулд, олон улсын байдал, гадаад харилцаа ч хамаагүй урьчихлаа гэж хүмүүс яриад байгаа нь ор үндэсгүй хардлага биш болов уу гэж бодож сууна.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: