ДЦС-ыг хувьчилсанаар сайн юм болдоггүйг гишүүд хэлж байна
Өмч хувьчлал гээч ажлыг явуулж эхэснээс хойших хугацаанд Монголд Дулааны цахилгаан станц наймыг хувьчилжээ. Тэглээ гээд сайн зүйл ер болсонгүй. Арга ядаад дөрвийг нь төр буцааж мэдэлдээ авсан юм байх. Үлдсэн хэд нь болохоор гомдол санал гаргасан төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг чухам л харцаараа хөдөлгөдөг. Цахилгааны үнээ үндэслэлгүй нэмлээ, халаалт доголдоод байна гэх мэтээр гомдол тавихаар “тэгвэл дулаан, цахилгаан хэрэглэхээ больчихгүй юу” гэдэг юм байна. Ховд, Увс, Багануурынхан ийм айдас түгшүүр дор амьдардаг бололтой. Орхон аймгийн ДЦС-ыг ч бас ийм “хувь заяа” хүлээж байгааг тэндээс сонгогдсон гишүүн Д.Одхүү сануулав. Түүний ачаар УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр гишүүд энэ асуудалд анхаарлаа хандуулсан юм.
Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2010 оны 11 дүгээр тогтоол гэж бий. Түүний хавсралт буюу хувьчлах, өөрчлөн байгуулах объектын жагсаалтад Орхон аймгийн ДЦС-ыг оруулчихаж. Засгийн газар дэмжээгүй байтал УИХ-ын зарим гишүүний шунахай сэтгэл дийлж, хэлэлцүүлгийн явцад ДЦС-ыг хувьчлах жагсаалтад оруулчихаж. Д.Одхүү гишүүн харин үүнийг олж харжээ. Тэгээд уг жагсаалтаас ДЦС-ыг хасуулахаар тогтоолын төсөл санаачилсаныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. Харин Даш.Зоригт, Ц.Нямдорж, Ц.Цэнгэл, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Д.Оюунхорол нарын долоон гишүүн эсэргүүцэж байгаа юм. Яахав, Цэнгэл, Нямдорж хоёроос бусад нь эзгүй байсан учир санал нь ДЦС-ыг хувьчлах талд гарчихсан. Ц.Цэнгэлийн хувьд уг станцыг “хувьчилж” авах сонирхолтой байх шиг санагдсан. Хувьд л өгчихвөл сайн сайхан болно ухааны юм тэр ярьж байна билээ. Ингэж үзэх ашиг сонирхол байхыг эх сурвалжууд үгүйсгэхгүй байгаа юм. Учир нь тэрбээр “Дархан-Сэлэнгийн шугам сүлжээ” ХХК-ийн томоохон хэсгийг буюу 34 хувийг эзэмшдэг юм байна.
Эрдэнэтийн ДЦС-ын 400 шахам ажилчин, албан хаагчаас Д.Одхүүгийн нэр дээр захидал ирсэн гэсэн. Түүнд ДЦС-ыг нэр бүхий УИХ-ын гишүүдийн оролцоотойгоор хувьчилж авахаар зэхэж байна /тэдний хэн болохыг дараа тодруулахыг хичээх болно/. Зорилгоо биелүүлэхийн тулд захирлыг нь ажлаас халсан гэсэн утга агуулсан юм билээ. УИХ уг асуудалд анхаарал хандуулсанаар стратегийн энэхүү объектыг хувьд шилжүүлэхээс аварч үлдэнэ гэдэгт найдъя. ДЦС-уудыг хувьчилсаны гашуун туршлага бийг ч гишүүд хэлж байгаа юм. Хувьчилсан ДЦС-уудыг төрийн мэдэлд буцааж авах ёстой гэсэн саналаа зарим нь хэлэлцүүлгийн үеэр ярив.
Г.Баярсайхан:-ДЦС-ууд Монголын эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдалд маш чухал ач холбогдолтой объект. Хувьчилсаны үр ашиг ч гэж гараагүй байх. Хувьчилсан ДЦС-уудыг төрийн мэдэлд буцааж авах хэрэгтэй гэхэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, хувьчилсанаар сайн юм болоогүй л даа гэж байв.
Д.Балдан-Очир:-Зарим аймаг, дүүргийн ДЦС-уудыг хувьчилсанаас болж ихээхэн бэрхшээл гардаг болсон. Хувийн л юм болохоор хөлдөөнө шүү, цахилгааныг чинь таслана шүү гэж байгууллага, иргэдийг айлгадаг сурагтай гэж ярьсан.
ДЦС III-т аюул нүүрлэвэл Y станц цуг сүйрнэ
Муу амлаж байгаа юм биш. Сэрэмж илүүдэхгүй гэсэндээ сурвалжлагаа ийн гарчиглав. Өчигдрийн чуулганаар анхаарал татсан бас нэг асуудал хэлэлцсэн нь мөн л төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулахтай холбоотой. Яг үнэндээ миний бие ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарын танилцуулсан мэдээллийг сонсоод дургүй хүрэв. Манийн оронд байсан хэн ч тэгэх байсан болов уу. Улаанбаатарыг, бас төвийн бүсийг цахилгаан, дулаанаар хангах онцгой чухал объект хамгийн аюулгүй, найдвартай байх ёстой нь хэнд ойлгомжтой.
Нийслэлийн цахилгаан, дулааны хэрэглээг одоо байгаа ДЦС-ууд хүчрэхээ хэдийнэ болиод байгаа юм. Тав дахь эх үүсвэрийн тухай яриа гараад мөн ч их удсан. Яагаад гэж асуухаар газар олдохгүй байна гэсэн хөгийн тайлбарыг ЭБЭХЯ, хотын удирдлага өгсөөр ирсэн. Улсын онцгой байгууламжид газар олдохгүй байх учиргүй баймаар. Шинээр байгуулах ДЦС Y-ыг III цахилгааны станцын нэг хэсгийг нурааж барихаар Засгийн газар нэгэнт шийдсэн бололтой. Энэ жишээнээс үзвэл хотын газрыг эрх мэдэлтнүүд наймаалаад дууссан нь үнэн юм байна. Хоёрдугаарт төр төмөр нүүрээ шаардлагатай үед гаргадаг байх хэрэгтэй юм. Үндэсний том эрх ашгийн үүднээс хэний ч газрыг “дээрэмдэх” л хэрэгтэй шүү дээ.
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Улаанбаатарт ДЦС-ын тав дахь эх үүсвэрийг шинээр барина гэж заажээ. ТЭЗҮ, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн нэгдсэн судалгааг АХБ-аар хийлгээд дууссан гэнэ. Байршлийн хувьд хэд хэдэн хувилбар сонгосон юм байх. Олон хүмүүсийн үзэж байгаагаар хамгийн муу, эрсдэлтэй, нийслэлчүүдийг цахилгаан, дулаан, хэрэглээний усаар нэг өдөр л гачигдуулж мэдэх хувилбарыг АХБ нь Засгийн газарт санал болгож, тэрийг нь “тэнэг” юм шиг хүлээгээд авчихсан юм байх. Ч.Хүрэлбаатар сайдын өчигдөр чуулганд хэлж байгаагаар бол ДЦС III-ын нам даралтын хэсгийг нурааж, Y цахилгаан станцыг барих юм гэнэ. Үүнийгээ зөвтгөхдөө, одоо байгаа дэд бүтцийг ашиглах давуу талтай гэж байгаа юм.
Хамгийн гол нь онцгой энэ объектын аюулгүй байдал талыг хамгийн эхлээд харгалзан үзэх ёстой бус уу. III ДЦС-тай Y-ыг нь нийлүүлээд барьчихаар ядаж л аюулгүй байдлын баталгаагүй болчих гээд байгаа биз дээ. ЗГХЭГ-ын даргын танилцуулсан энэ хувилбарыг УИХ-аар хэлэлцэхээр болсон юм. Харин битгий дэмжээсэй. Ганц ДЦС барих газрын асуудал шийдэж чаддаггүй Засгийн газар гэж байдаггүй байлгүй дээ. Арай ч дээ.
Го.ЭНХТӨР
URL: