Х.Нямбаатар гишүүний хоёр нүүр ба хүчирхийллийн эсрэг хууль

a86cbb86892668ecbigТ.ЦЭЛМЭГ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ долоо хоног хэлэлцэхээр Хуульзүйн байнгын хороо хуваарьтаа багтаасан. Гэвч тус хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хуралдаа ирээгүй тул хэлэлцэхийг хойшлуулав. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр чухам л энэ хуулийг лоббидож батлуулахаар гишүүд нэгдсэн тухай зар түгээсэнсэн. Тэр лобби бүлэг гээчид нь ажлын хэсгийн ахлагчаас эхлээд нийгмийн чанартай чухал асуудалд дуу хоолойгоо хүргэх ёстой эмэгтэй гишүүн ч багтсан байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Амарзаяа, М.Билэгт нар нэгдсэн. Ажлын хэсгийн ахлагч, зарим гишүүд ажлын шаардлагын улмаас хуралдаанд оролцох боломжгүйгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа гэсэн юм. Уг нь, УИХ-ын гишүүдийн хийх ажил хуулийн төсөл хэлэлцэж, батлах баймаар. Гэтэл түүнээс чухал ажил гарсан тул хуулийн төслөө хэлэлцүүлэхийг хойшлуулахыг хүссэн байна билээ. Нөгөө лобби бүлгийнхэн бас хаачив. Ядаж өмнөх парламентын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс суралцаасай. Д.Сарангэрэл, Д.Оюунхорол гишүүнд багагүй туршлага байж л таараа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 оны тавдугаар сарын 20-ны өдөр баталсны дараа УИХ-ын Хуульзүйн байнгын хорооноос мэдээлэл хийж, дэвшилт гаргасан олон заалт орсныг танилцуулж байсан. Ингэхдээ гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож, шат шатны албан тушаалтан хариуцлага хүлээдэг байх гэх мэтчлэн өмнөх хуулийн дутагдлыг засч залруулсан юм. Харамсалтай нь, өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан уг хуулийг нэг өдрийн өмнө буюу наймдугаар сарын 31-нд Хуульзүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нар татаж авч буйгаа мэдэгдсэн хэвлэлийн хурал хүртэл хийсэн. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулснаар дагалдан батлагдсан таван хуулийг буцаан татсан. Үүн дотор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль багтаж байсан юм. УИХ ёсчлон батлаагүй хуулиуд учир буцаан татахаас өөр арга байхгүй гэх байдлаар тэд ярьсан. Засгийн газрын есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар тус хуулийг дахин боловсруулж, гэмт хэрэгт тооцдог байхаар боловсруулан өргөн барих даалгавар өгч, маргааш нь УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Гэвч хэлэлцэхгүй явсаар өнөөдрийг хүрээд буй. З.Энхболд даргатай өмнөх УИХ дахь 11 эмэгтэй гишүүн Хуульзүйн байнгын хороо, Хуульзүйн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг олон байгууллагатай хамтарч ажиллаж уг хуулийг батлуулсан. Улбар шар алчуур бол хүчирхийллийн эсрэг нэгдэж буй илэрхийлэл хэмээн тэд УИХ-ын чуулганы танхимд өнгө нэмэн байж батлуулсан хууль. Усыг нь сайтар шавхсан сайн хууль байсныг хэлэх албаны хүмүүс ч цөөнгүй бий.

Нэгэнт батлагдсан хуулийг буцаан татсан нэртэй хэд хоногийн дараа эргүүлэн өргөн мэдүүлэх шаардлага байсан уу. УИХ-ын дарга М.Энхболдод Хуульзүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт есдүгээр сарын 9-ний өдөр гэхэд буюу найм хоногийн хугацаанд 6 бүлэг 47 зүйлтэй хууль цоо шинээр бичээд боловсруулаад оруулж ирсэн гэвэл үлгэр болох биз. Тахарын алба гэж бие даасан байгууллага өмнөх УИХ-ын баталсан хуулийн дагуу гэрч, хохирогчийг хамгаалах үүрэгтэй гол субъект байсан. Буцаасан хуулиуд дундаа Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгож, байгууллагыг нь тараасан. Харин “шив шинэ” болгосон хуульдаа гэрч хохирогчийг хамгаална, урьдчилан сэргийлнэ гэсэн ч хэн түүнийг гүйцэтгэхийг эрхэм сайд тайлбарлаагүй цухас дурдаад өнгөрсөн юмдаг. Хуулийн төсөлд цагдаагийн байгууллага л хамаг ачааллыг үүрч, хамгаалах байр байгуулах, 24 цагийн ажиллагаатай нэг цэгийн үйлчилгээний төв ажиллах тухай тойм маягаар дурдаж. Гэхдээ ажлын хэсэг, лобби бүлэг яаж өөрчилсөн нь тодорхой бус.

С.Бямбацогт сайдын хуулиар бол “Ларьдма” гэдэг кино шиг уран бүтээл хийж болохгүй, хүчирхийллийг ямар ч хэлбэрээр харуулахыг хориглох юм билээ. Тэгээд ч зогсохгүй  “7.3.Гэр бүлийн хүчирхийллийг сурталчлах, зөвтгөх агуулгатай, түүнчлэн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувийн нууц, нэр төрд халдсан мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр түгээхийг хориглоно” гэсэн заалт бий. Хувь хүний нууцыг хамгаалж байгаа нь сайн хэрэг. Гэвч хэвлэл мэдээллийн байгууллагууд гэр бүлийн хүчирхийллийг сурталчилдаггүй, харин ч түүний эсрэг дуугардаг. Энэ хуулиар бол гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээ, мэдээлэл огт гаргаж болохгүй нь гэсэн үг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэхгүй чихнийхээ хажуугаар өнгөрүүлэх ёстой болох нь. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга З.Нарантуяа  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэм­цэх тухай хуулийн шинэ­чилсэн найруулгын төсөлд хүчин­гүй болгосон хуулийнхаас ганц хоёр зүйл, заалтыг эс тооцвол өөрчлөлт оруулаагүй гэсэн. Өмнөх хуульд байсан гол зарчим, заалтууд өөрчлөгдөөгүй төсөл УИХ-д орж ирсэн бай­гаа нь түүний хэлснийг баталж байна. Хэлэлцүүлгээсээ зугтаа­даг Х.Нямбаатар тэргүүтэй аж­лын хэсгийнхэн, гишүүд хэр­­хэн ажилласнаа харуулах хэрэгтэй.

Зүгээр л хэний батлуулсан хууль вэ гэдэг сэтэр л зарим нэг эрх баригчид хэрэгтэй байгаа нь эндээс харагдана. УИХ-д 65 суудал бүхий ирцэнд хэзээ ч санаа зовохооргүй бүлэгтэй МАН-ын хувьд хуулиудыг батлахад ямар ч саад учрахгүй нь хэнд ч ойлгомжтой. Буцаад татаж, дахин барьж байгаа мэтээр хуучин хуулиудад косметик засвар хийсэн хуулиуд нь анхны хэлэлцүүлэгтээ орж чадахгүй гацсаар дөрвөн сарын нүүр үзлээ. Ажлын хэсэг байгуулаад лоббидоод батлуулна гэсэн Х.Нямбаатар тэргүүтэй МАН-ын гишүүд харин хуралдаа ирэхгүй шийрэгнэх нь бүүр ч их гайхалтайяа. Тэгтэл дараагийн асуудал болох оффшор бүст данс нээх, компани байгуулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд Х.Нямбаатар гишүүн хуралдаа оролцсон. Арваннэгдүгээр сарын 28-ны даваа гарагийн ирцэнд 76 гишүүнээс 70 нь ямар ч томилолтгүй ажиллаж байгаа мэдээ гаргасан байлаа. Тэр өдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх Эдийн засаг болон Хуульзүйн байнгын хорооны хамтарсан хуралдааны ирцийг арай л гэж бүрдүүлсэн. Хагас жил ч бололгүй хурал тасалж, пээдийсэн “памперстай” ги­шүүд­тэй парламент болжээ. Энэ янзаараа Эрүүгийн болон Зөрчлийн хуультай хамт хүчин­гүй болсон бусад хууль одоо­гийн парламентаар хэлэлцүүлэгдэх босгыг давах нь юу л бол.     Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих