Нүүрсний үнэ өсчээ
Эдийн засгийн хямрал, валютын ханшийн өсөлтөөс ч чухал сэдэв байгааг ойрмогхон хэд хоног үргэлжилсэн хүйтний эрч сануулаад амжсан. Нийслэлийн утаанд жин дарах хувь нэмэр оруулж байна хэмээн адлагддаг гэр хорооллынхон нүүрс түлэхээс аргагүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч байгаа энэ цаг үед экспортод гаргах түүхий нүүрсний үнэ өсч чадахгүй байгааг олон хүн шүүмжилж байгаа. Гэхдээ гэр хорооллынхны түлж буй нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхээс өссөн хэмээн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нүүрс борлуулагч Б.Өнөр хэллээ. Жилийн жилд үнэ ханш нь хүйтний эрч даган чангардаг бичигдээгүй хуультай. Тухайлбал, Багануурын жижиг шуудайтай нүүрс 2000 төгрөг бол том нь 3500 төгрөг байна. Хар мод том шуудайтай нь 4000, нарс 3500 төгрөг байгаа бөгөөд жижиг шуудайтай мод 1500 төгрөг байлаа. Харин нэг машин нүүрс Налайхынх 170-180 мянга, Багануурынх нь 120-130 мянган төгрөг байгаа аж. Өнгөрсөн жилтэй харьцуулахад машин нүүрсний үнэ буурсан юм биш үү гэхэд “Портер машины энгийн тэвшээр борлуулж байгаа” хэмээн тайлбарлав. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн өвөл нэг портер Налайхын нүүрс /өндөрлөгөөтэй/ 250-300 мянган төгрөг байжээ. Энэ нь одоогийнхоор 340-360 мянган төгрөгтэй дүйцэх ажээ.
Өнгөрсөн жил машинаар нь авах нь элбэг байсан хэмээн нүүрс борлуулагч Б.Өнөр хэлсэн юм. Өдгөө шуудайгаар нь ихэвчлэн зөөж байгаа нь хүмүүсийн эдийн засагтай холбоотой гэдгийг ч хэлж байна. “Өдөр бүр 1-2 шуудайгаар нь зөөдөг хүн олон бий. Зарим нь зээлээр авна. Гэхдээ төлөхгүй алга болох тохиолдол ч гардаг болсон. Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө буухаар өгнө гэдэг жижүүрийн үг л сонсч байна. Өгөхгүй гэхээр өвлийн хүйтэнд хэцүү шүү дээ. Өгөхөөр эргэлтийн мөнгө хомсдоод байдаг юм” хэмээн өөрт тулгардаг бэрхшээлээ тэрээр тоочиж байв. Цагийн аясыг дагаад жил ирэх бүрт нүүрсний шуудайны хэмжээ нь багассан гэдгийг ч хэлж байх юм. Өөрөөр хэлбэл, нэг жижиг шуудай нүүрсийг хоёр хуваагаад түлчихдэг байсан бол өдгөө ганц л удаа хийдэг болж. Энэ хэрээр жил ирэх бүр түлээ нүүрсний зардал өсч байгааг хэрэглэгчид хэлж байна.
Өвлийн бэлтгэлээ базааж амжаагүй иргэд үнэтэй ч гэсэн гэрийнхээ ойролцоох цэгүүдээс аргагүйн эрхэнд түлээгээ авдаг. Харин түлээ, нүүрс борлуулдаг ченжүүд валютын ханшийн өсөлтийг дагаж өссөн бараа бүтээгдэхүүнийн үнэтэй дүйцүүлэн нүүрсний үнийг хөөрөгддөг нь нууц биш юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: