Азийн хөх чоно буюу метилийн спирт

527-1480380127UntitledХонгорын хор лугаа аюул хотын нэг дүүрэгт арван жилийн өмнө гарсныг бид бараг мартах шатандаа ороод явж байна. Тэр удаа харин “азаар” нөгөө цианид нь биш цөөхөн Монголчуудын идэж уудгийг нь хянадаг тогтолцоо үгүй болсноос 14 иргэн “Азийн хөх чоно” гэгч метилийн спиртээр найруулсан хортой архи уун хорвоог орхиж, мөн цөөнгүй хүмүүс эд эрхтнээ гэмтээж эрэмдэг дутуу болцгоосон доо. Яг л тийм байдал өнөөдөр   бас давтагдаж байна.

Эрчүүдийн тасартлаа ууцгаадаг чанартай чанаргүй этилийн гэгдэх спиртнээс гадна метил, бутил, пропилийн спиртүүд гээд гаднаас нь харахад ялгараад байх зүйлгүй гайхалтай олон хор  энэ хорвоогоор дүүрэн буй. Уухаа болио гэсэн том дохио ирлээ шүү Монголчуудаа
Хүмүүний амьдрал үхлийг дэнслээд байгаа метилийн спирт гэгч тунгалаг шингэн нь хурц содон үнэргүй, харин ч зөөлөн чихэрлэгдүү дажгүй амттай идээ л дээ. Сайн чанарын этилийнх ч бай, муу үр дагавартай метилийнх ч бай спиртүүд нь найрлагандаа яг адилхан химийн  элементүүдийг агуулдаг хирнээ томьёонууд нь  жаахан ондоо. Этилийнх нь С2Н5ОН бол метилийнх СН3ОН,  ялгаа нь ердөө л энэ.
Спиртийн энэ төрлийг бүр эртний Египетчүүд анх модноос гарган авч ид шидийг нь эсэн бусын зорилгоор ашигладаг байсан талаар судар бичигт өгүүлсэн байдаг  ч, химийн бодисынх нь найрлагийг анх 1834 онд Францын химич Дума, Пелигор нар судлан тогтоожээ. Өнөөгийн өдөр тутмын хэрэглээ болоод байгаа этилийн спиртээ үйлдвэрлэхийн тулд буудай, хөх тариа, төмс, манжин,  нишингэ гээд хүнснийхээ хэрэгцээнээс бид асар ихээр хумсалцгаадаг бол метилийн спиртийн түүхий эдийн хувьд юу ч байж болдог учраас давуу талтай.
Түүнийг ойн хөвд, огтолсон модны үртэс, намгийн хүлэр, тарианы сүрэл бүр ахуйн хаягдал хогийг ч овоолж эсгэж байгаад нэрж гаргаж авч болно. Сүүлийн үед метанолыг байгалийн шатдаг хий болох метан болоод  бүр нүүрснээс ч их хэмжээгээр гаргаж авч байгаа болохоор үнэн нь маш хямдхан. Америкийн зах зээл дээр нэг тонн метилийн спирт  300 хүрэхгүй доллараар үнэлэгддэг бол урьд хөршөөс нэг литрийг нь ердөө 300 хүрэхгүй  төгрөгөөр худалдаад авч болох эд.
Биеийн жин, архи тэсвэрлэх чадвар болоод эрүүл мэндийн байдал, нас хүйснээсээ хамааран  энэхүү хорноос 100 граммыг татахад л та тэр дороо тэрийгээд ойчно гэж мэд. Үүнээс бага шиг дозоор хүртсэн бол яваандаа босоод ирэх магадлалтай ч, элгэнд тань нэгэнт үүссэн формальдегид хэмээх хорт бодисын нөлөөгөөр таг сохрох аюултай. Энэ төрлийн спиртээр хийсэн архинд зөвхөн ууж байгаа хүмүүсээр зогсохгүй унтаж байгаа үр хүүхдүүд чинь ч хордохыг үгүйсгэх аргагүй. Учир нь метилийн спирт нь этилийнхээсээ хавьгүй илүү ууршимтгай дэгдэмхий учраас амьсгалын замаар ч бас хордуулдаг бодис.
Намайг Москвагийн Их Сургуульд сурч байх үе буюу 80-аад оны эхээр Оросод жижигхэн тагжгар ногоон шилтэй хямдхан архи гарч ирснийг нь тэр үеийн Генсекийн нэрээр “Андроповка” хэмээн ардууд хоч нэр хайрлаж байж билээ. Ер нь ЗХУ хэмээх том айлын улсын төсвийн орлогын 30 хувийг архины  онцгой татвараар бүрдүүлдэг байсан ба мөн тэр “Андроповка”  гэгч архины багагүй хэсгийг модноос ялгаж авсан спирт эзэлдэг талаар ч шивэр авир яриа  байлаа.
Нэг литр  спиртийн өөрийн өртөг талхнаас ч хямдхан байсан тэр үед олныг цочроосон нэгэн балмад үйл явдал болсныг сайн санаж байна. 60 гаруй настай эмээ хэдхэн жилийн дотор өөрийнхөө үе тэнгийн 20 гаруй өвгөчүүдийг цааш нь харуулчихаад нэг өдөр хамаг булхай нь дэлгэгдэж, нүгэл нь нүдээрээ гарч баригдах нь тэр.
Ихэнхдээ эх орны II дайнд оролцсон инвалидууд буюу эрхтэн дутуу голцуу ганц бие, өөрийн гэсэн байртай, асрах харах хүнгүй, архинд нилээд орчихсон өвгөчүүдтэй “Алтан загасны эмээ” танилцаж,  тэднийг уулгаж, хооллож асарч, эцэстээ урхиндаа оруулж авангаа нэг л өдөр өнөөхүүдийн савтай сархадад нь жаахан метилийн спирт хийгээд л цааш нь харуулчихдаг байж. Алуурчин эмээ талийгаачдын байрыг нь бусадтай хуйвалдах замаар өөрийн нэр дээр болгож аваад хөдөөнөөс ирсэн оюутнуудад түрээслүүлж мөнгө олдог байсан гэдэг.
Хөдөөний зарим малчид хөхүүртэй цагаа руугаа саахар хийн хулхи шимийн архиныхаа “дозыг” өндөрсгөж байгаатай өнөөдөр бишгүй л нэг тааралдах болж. Ийм архийг уусан хүмүүс тэр дороо алхаж гишгэж чадахаа больж, маргааш нь тархи толгой нь ангалзаж, нүд аргадаг нь мөн л нөгөө этилийн бус спиртүүд архинд нь тодорхой хэмжээгээр агуулагдаж буйн тод жишээ. Согтъё гэвэл хөргөж тавь, сохоръё гэвэл халуунаар нь уу гэсэн хууччуудын үг ч бий. Метилийн спиртийн бага зэргийн ч гэсэн хольцтой архийг байнга халаан ууснаас нь нүд нь таг сохорсон тохиолдлууд  сонсогддог нь ийм учиртай.
Төрөөс зөвшөөрөлтэй ажиллаж байсан хувийн гэгдэх хэдэн зуун подвалын архины цэгүүдийн хаалгыг барьж, баталгаатай хэдхэн  үйлдвэрийг хяналттай ажиллуулах шийдвэр гаргах шаардлага одоогийн Засгийн газарт байгааг эртнээс анхааруулчихъя.  Манайд хичнээн архины үйлдвэр ажилладгийг Мэрэгжлийн хяналтынхнаас энэ дашрамд тодруулчихад гэмгүй, сэтгүүлчид ээ. Хойд хөршид маань он гараад хувийн бүх шар айрагны үйлдвэрийг хаахаар ерөнхийлөгч нь зарлиг гаргалаа. Дорнодын энэ явдал бол том дохио юм шүү.
Хураагдсан хортой спиртийг газар дээр нь шууд асгаж байгаа цагдаа, хяналтынхныг хараад би их гайхдаг юм. Газар руу асгасан хор чинь эргээд хөрс ус агаараар дамжин дахиад л биднийгээ хордуулна шүү дээ. Автомашины ашигласан тос асгачихаар яадаг билээ, яг түүн шиг тэр газар нь өвс ногоо хэзээ ч дахиж ургадаггүй үнс аятай саарал юм болдгоос гадна, булаг шанд, худгийн устай холилдчихвол бүр ч түгшүүрийн харанга дэлдэнэ.
Хэдэн жилийн өмнө АНУ-ын сансрын нисэгчдийн  дуранд 500 тэрбум км-ийн радиустай асар том метилийн үүл хөвж яваа нь үзэгдсэн тухай мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллүүдээр цацагдаж хүмүүсийг нэг хэсэгтээ цочирдуулж байсан санагдана. Тэгэхээр метилийн спиртийн тархалт зөвхөн Монголд ч биш сансарт ч бас байдаг аж. Бурханы авралаар хортой тэр үүл манай дэлхийгээс нилээд холуур тойрон өнгөрсөн юм байх, базарваань.
Метилийн спиртийг будаг, уусгагч, шахмал хавтан, хуванцар, тэсрэх дэлбэлэх бодис гээд өнөөгийн бидэнд шаардлагатай зүсэн зүйлийн бараа үйлдвэрлэхэд өргөн хэрэглэнэ. Хотын цэвэрлэх байгууламж болон бохир усны системд ч сайн ариутгагч болно.
Газрын тос ховордон үнэ нь тэнгэрт хадаад байгаа өнөө үед чихрийн нишингэ, рапс, наранцэцгийн тосноос техникийн спиртийг гарган авч Бразиль, АНУ, Европын Холбооны улсуудад ихээхэн хэмжээгээр ашиглах боллоо.
Өнөөдөр дэлхийд ийм төрлийн түлшний үйлдвэрлэл 51 сая тоннд хүрээд байгаа ба цаашдаа ч хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь утаа бараг байхгүй учраас байгаль экологид хор хөнөөлгүйнх. Жишээ нь 200 сая хүнтэй Бразильд гэхэд л бүх автомашиныхаа хагасд нь техникийн спирт хэрэглэх төхөөрөмж аль хэдийнэ тавигдчихсан байна.
Дээр дурьдагдсан баримтуудаас харахад бид л ховдоглож ходоод руугаа хийчихээд үхээд байгаа болохоос биш метанол буюу метилийн спирт нь соёлт хүн төрөлхтөнд ач тусаа ихээхэн хэмжээгээр өгч чадах бас ч үгүй буянтай эд санж.
Ш.Пүрэвсүрэн
Өдрийн сонин 2008-1-8   №6

URL:

Сэтгэгдэл бичих