Түрээсийн дарамтад орсон наймаачид задгай худалдааг өргөжүүлж байна
…Хэн хүнээс илүү зузаан хувцасласан атлаа зогсч байгаа газраа байнга шахам хөдөлж, суусан үедээ хөлөө хооронд нь цохиж дуулаацуулах аядаж байгаа хүмүүсийн тоо өдөр бүр нэмэгдэж байгааг уншигч та анзаарч байна уу. Жилийн дөрвөн улирал дамнан гадаа талбайд худалдаа эрхэлдэг буюу хувиараа хөдөлмөр эрхлэгчид манай улсад цөөнгүй. Зарим нэг томоохон захыг энд дурдаж болно. Үүнээс гадна III, IV хорооллын Ахуйн үйлчилгээнээс “Өргөө” кино театр хүртэлх болон “Бөмбөгөр” худалдааны төвийн гадаа талбайд наймаачид төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг болоод удаж байгаа билээ.
Түүнчлэн наймаачид сүүлийн үед “Хархорин” худалдааны төвийн автобусны буудлаас “Барс II” хүртэлх зам дагуу бараа бүтээгдэхүүнээ дэлгэн худалдаалах болжээ. Ерөнхийдөө аль нэгэн худалдааны төвийн ойролцоо ийм дүр зурагтай таарах нь элбэг. Тэд хажуугаар зөрсөн хэн нэгнийг худалдан авалт хийх болов уу гэсэн горьдлого тээн, хаанаас авч ирсэн, хэдээр зарж байгаагаа хэлж бараагаа сурталчилдаг. III, IV хороололд очиход энэ л дүр зураг биднийг угтлаа. Хүүхдийн тоглоом, хувцас, малгай ороолт, бээлий, гутал зэрэг төрөл бүрийн барааг эгнүүлэн дэлгэжээ. Хажуугаар нь өнгөрч буй хүмүүс “Энэ хэд вэ” гэж асуухаас цааш хэтрэхгүй байв. Товчхондоо, худалдан авалт бага гэсэн үг. Нэгэн худалдагчтай ажиллаж буй нөхцөл байдал, түрээс, иргэдийн худалдан авалт ямар байгаа талаар хэсэг хугацаанд ярилцав. Түүний хэлснээр аль нэгэн үйлчилгээний төвд лангуу, талбай түрээслэх гэхээр нэгдүгээрт, төлбөр өндөр, хоёрдугаарт, байрлал муутай байдаг аж. Тиймээс ашиг орлогоо бодож гадаа зогсохоос өөр сонголтгүй, өвлийн улиралд их хэцүү байдаг тухайгаа ярилаа. Тэрбээр үйлчилгээний төвүүдийн лангуу, талбайн түрээс харилцан адилгүй бөгөөд хэмжээ, байрлал, давхар зэргээсээ хамаарч ойролцоогоор сарын 500 мянган төгрөгөөс дээш үнэтэй гэдгийг хэллээ. Тухайлбал, хүн их ордог учир нэгдүгээр давхрын лангууны түрээс сая гаруй төгрөг байдаг аж. Харин гадаа талбай нь мөн л байрлалаасаа хамаарч өдөрт 10-20 мянган төгрөгийн түрээстэй юм байна. Хүн их ордог томоохон дэлгүүрийн үүдэнд бол үнэтэй байдаг гэнэ. Үүнээс харахад наймаачид хэдэн төгрөгөө бодолцож, сонголтоо хийдэг бололтой. Албан байгууллагын цалин буух үеэр буюу сарын дунд болон сүүлчээр орлоготой, бусад өдрүүдэд тэгж ингэсгээд өнгөрдөг гэдгийг бүгд хэлж байв. Тухайн газарт зогсч байгаа наймаачдын олонх нь лангуу түрээслэдэг байсан бөгөөд түрээсийн мөнгөө төлж дийлэхгүйн улмаас гадаа талбайд гарчээ. Харин бололцоотой, энд тэнд хэд хэдэн лангуутай наймаачид дотор зогсдог байна. Барааны үнийг харьцуулж асуухад гадаа талбайд худалдаалж буй нь төрлөөсөө шалтгаалж хэдэн төгрөгөөр хямд байлаа. Тухайлбал, эмэгтэй хүний зузаан өмд дэлгүүрт 18-20 мянган төгрөг байсан бол гадаа 15 мянган төгрөг байв. Адилхан бараа атлаа харилцан адилгүй үнэтэй байгаа нь түрээстэй холбоотой юм. Тиймээс бид зарим нэг дэлгүүрээр орсон юм. Тэнд лангуу түрээсэлж буй наймаачдын хэлснээр шинэ жилийн баяр болох гэж байгаа учир одоогоор хоосон лангуу байхгүй гэнэ.
Тодруулбал, аливаа баяр ёслолын үеэр холбоотой бараа бүтээгдэхүүн зарах хүмүүсийн тоо нэмэгдэж, тэр хэрээр ч лангуу түрээсэлдэг байна. Тиймээс яг энэ үеэр лангууныхаа түрээсийг нэмэх тохиолдол ч гардаг бөгөөд саяхан хоёр ч дэлгүүр нэгдүгээр давхрынхаа түрээсийг нэмжээ. Харин бусад үед хоосон лангуу их гардаг байна. Өнгөрсөн жил дэлгүүрийн лангуу хоосорч байсан боловч энэ удаад арай гайгүй байгаа талаар зарим нь ярив.
Харин “Хархорин” худалдааны төвийн зам дагуу худалдаалж буй бараа төрлөөрөө адилхан боловч хорооллынхоос мөн л хэдэн төгрөгөөр хямдхан байх жишээтэй. Учир нь, Сонгинохайрхан дүүрэг гэр хороолол ихтэйн сацуу захтай ойрхон гэдэг утгаараа үнэ нь арай хямд байдаг аж.
Гадаа талбайд тэр дундаа өвлийн тэсгим хүйтэнд бараа зарах хүмүүсийн тоо ийн нэмэгдэх хэрээр тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тэд шаардлагатай даатгалд даатгуулдаггүйн зэрэгцээ эрүүл мэнддээ ч анхаарал хандуулж чаддаггүй байна. Ханиад томуу тусч, даарч хөрсөн ч хамаагүй бараагаа зарахыг боддог гэнэ. Тэдний бие өвдөж, хэд хоног гэртээ амарвал өрхийнх нь орлого тасрах учраас цаггүй ажилладаг байна. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүс ямар ч төрлийн даатгал төлдөггүй бөгөөд энэ талаар мэдээлэлгүй байдаг юм байна.
Г.Дүгэр: Албан бус хэвшилд ажиллагч хөдөлмөрчин гэж хуульд оруулснаар бусад эрх зүйн орчин бий болно
Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн байдалд цаашид хэрхэн анхаарах ёстой талаар Монголын жижиг дунд үйлдвэр, худалдаа ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Г.Дүгэрээтэй ярилцлаа.
-Манай улсад хувиараа хөдөлмөр эрхэлдэг хэчнээн иргэн байдаг бол. Энэ талын хийсэн тооцоо судалгаа бий юү?
-Ойролцоогоор 6000 мянга гаруй иргэн бий. Үүнээс 300 гаруй мянга нь малчин. Гэхдээ эдгээр тоо хэлбэлзэлтэй байдаг. Манайд хоёр том салбар бий. Тухайлбал, албан болон албан бус хэвшилд ажиллагсад гэж хуваадаг. Тодруулбал, албан хэвшил гэдэг нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчид. Энэ хэвшилд ажиллаж буй хүмүүс Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуульд хамрагдаад явдаг. Харин албан бус хэвшил бол ерөөсөө “эзэнгүй мал”. Тэдэнд ажил олгогч гэж байхгүй. “Бор” зүрхээрээ амьжиргаагаа залгуулахын тулд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тэд амьдрал, амь нас, эрүүл мэндээ золиосолдог. Хоногт арваас дээш цаг ажилладаг бөгөөд амралтын тогтсон өдөр гэж байдаггүй. Харин томоохон “Нарантуул”, “Хархорин” зэрэг зах тогтмол нэг өдөр амардаг байх жишээтэй. Уг нь хөдөлмөрийн тухай хуулиар хоногт найм, долоо хоногт 40 хүртэлх цаг ажиллах ёстой.
-Ийм байдлаар ажиллахын зэрэгцээ тэд ямар нэгэн даатгалд хамрагддаггүй талаараа ярьж байна лээ. Шалтгааныг нь та юу гэж харж байна вэ?
-Нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаггүй. Энэ талын эрх зүйн орчин болхи. Албан хэвшилд ажиллаж байгаа хүмүүс Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл зэргийг хуулийн дагуу төлдөг бол албан бус хэвшлийнхэнд ийм зохицуулалт байхгүй. Харин тэд сайн дурын даатгалд хамрагддаг. Ингэхдээ нийт ажиллагсдын 15 орчим хувь нь ихэвчлэн эрүүл мэндийн даатгал төлдөг. Тэд өөрсдөө ажилгүй гэдэг утгаараа ажилгүйдлийн даатгал төлдөггүй. Стандартын шаардлага хангахгүй, баталгаагүй хамгийн муу нөхцөлд ажиллаж байгаа учир тэдний эрүүл мэнд, амь нас аюулд өртөх эрсдэл өндөртэй. Тиймээс Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн даатгалд хамрагдах ёстой. Гэтэл даатгуулдаггүй. Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны даатгалд даатгуулах ёстой боловч үүнийгээ ойлгодоггүй. Аль нэгэн газарт лангуу түрээсэлж, худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүн ханиад хүрч тав хоног ажиллахгүй байна гэсэн ойлголтгүй. Орлого сайтай, аливаа зүйлийг нэлээд сайн ойлгодог зарим нэг нь өндөр насны тэтгэврийн даатгалд даатгуулдаг. Яагаад гэвэл албан бус хэвшилд ажиллагсдын өндөр насны тэтгэврийн шимтгэл хоёр дахин өндөр байдаг. Албан хэвшилд ажиллагсдынхыг даатгуулагч болон тухайн ажил олгогч байгууллага хамтарч төлдөг.
-Албан бус хэвшлийнхнийг төрөөс ямар бодлогоор дэмжих ёстой гэж та үздэг вэ?
-Албан бус салбарт ажиллагсдын талаар төрөөс баримтлах бодлого гэж байсан. Үүнд “албан бус хэвшилд ажиллагсдын хөдөлмөрийн харилцааг аажмаар албажуулна” гэсэн заалт байсан. Үүний хугацаа 2015 онд дууссан учир дахин шинэ бодлого гаргах гэсэн боловч чадаагүй. Хоёр, хоёр жилээр бодлого хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж хийж байсан боловч өмнөх Засгийн газар сүүлийн хоёр жилийнхийг нь боловсруулаагүй орхисон. Өнгөрсөн дөрвөн жилд Хөдөлмөрийн яам гурван сайдын нүүр үзлээ. Үндсэндээ тус яам хийх ёстой ажлаа хийлгүй буусан. Бид “Албан бус салбарт ажиллагсдын хөдөлмөрийн харилцааг хуульчлах” гэсэн төсөл хөтөлбөрийг боловсруулсан. Төрөөс жижиг жижиг бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй байна. Жишээлбэл, зөвхөн улсын нийгмийн даатгалд даатгуулах бус. Албан бус хэвшилд ажиллагсдын нийгмийн даатгалыг асуудлыг хувийн даатгалд өгөх хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал, аль аль талдаа хүч гаргаад нийгмийн гурван гол даатгалын төрөлд хамруулах боломжтой.
– Манай улсад эрх зүйн орчин, зохицуулалт муу байгаагаас үүдэн хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн гадна үлдээд байх шиг байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэ талд ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Албан бус хэвшилд ажиллаж буй хүмүүс хөдөлмөрчид гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх гээд чадахгүй байна. Нарийн яривал хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажил олгогчтой байдаг. Яагаад гэвэл хэн нэгэн хүнээс ажлын байр түрээсэлдэг. Энэ нь тухайн хүнд ажил олгож байна гэсэн үг. Манай улсын ажил олгогчийн тухай хууль маш явцуу. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээ байгуулна, цалин олгоно гэх зэрэг жижигхэн зүйлээр хэмжигддэг. Тэгэхээр ажлын байр олгож байгаа гэдгийг ажил олгогчийн эрх зүйн байдлаар хуульчлах ёстой. Албан бус хөдөлмөр эрхлэгч бол хөдөлмөрчин гэдгийг Хөдөлмөрийн тухай хуульд оруулснаар бусад эрх зүйн орчин бий болох юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хоёр чиглэл өгч байгаа. Нэгдүгээрт, албан бус эдийн засгийг албажуулах. Хоёрдугаарт, хөдөлмөрчин хүний өндөр насны орлогыг баталгаажуулах. Үүнийг Монголын хөрсөнд соёолуулж чадвал маш олон хүний амьдрал ахуй дээшилж, цэгцрэх юм.
С.Юмсүрэн
Монголын үнэн
– See more at: http://www.unen.mn/content/68928.shtml?alias=2#sthash.5VtVAmJ3.dpuf
URL: