Бүтэн жил унтраастай байсан моторыг он дуусахын өмнө асаав

Нэг хачин мэдээг Засгийн газ­рын хэвлэлийн алба нь сонин­уудад тараасан байх юм. “Бизне­сийн орчны ши­нэт­гэлийн жилийн мотор аслаа” гэсэн мэдээ.
Бизнесмен хүн Ерөнхий сайд болсныг тохиолдуулан өнөө жи­лийг “Бизнесийн жил” болгосон юм гэнэ. Бодвол ноднин өдийд 2010 оныг “Бизнесийн орчныг шинэчлэх жил” болголоо гэж зарласан байх. Одоо 2010 он маань дуусч 12 дахь сар нь дундаа­саа өнгөрлөө.  Тэгтэл дөнгөж өчигдөр л мотор нь асч эхэлж байдаг. Яачихсан Засгийн газар, ямар гээч бизнес боло­хоор жилийн турш царцуу мотортой ноцолдож, ажил­луу­лах нь бай­тугай асаалгүй өдий хүргэсэн хэрэг вэ?

Ерөнхий сайд С.Батбол­доор даргалуулсан хурал 2010 оны арванхоёрдугаар сарын 7-нд болж уг ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж дүгнэсэн гэх юм. Мотор асчихлаа гээд бөөн баяр болж буй байгууллага бас байна. Тэр нь Монголын худалдаа аж үйлдвэ­рийн тан­хим, мөн Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хоёр. Эд Зас­гийн газартаа баярлаж буй­гаа илэрхийлж “Мотор асч хүчээ ав­лаа, Тас чавчих арга хэмжээний эхний сайн үйл­дэл гарлаа” хэмээн далд ут­гаар ёжлоод ч байгаа юм шиг санааг тараажээ.

Шинэ цагийн монголчуу­дын бизнес дэх пиарын учрыг ёстой ойлгохгүй юм байна. Бүтэн жил хийгээгүй ажлаа ёлкны урьд өдөр гэнэт санаж нээлт хийгээд л хэн нэгнээр ямар сайхан үйл явдал вэ гэж гайхшруулаад л, тэрэнд урам орцгоосон болж ирэх жил дахиулж дуулуулахаар тай­зан дээр зоги­рогнох дүр үзүүлээд л, тэгэх тусам ард түмэн улам их алга таших учиртай юм байх. Засгийн газраас ил харагдаж байгаа үзүүлбэр болгон нь муухан найруулсан коммунист агуул­гатай  жүжиг үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Битүү туг хиур, пиар дотроос аль нь засаглалын ажил гэдгийг ялга­­хад нэн бэрх болжээ.

Бизнесийн орчин гэдэг нь зөвхөн хувийн хэвшлийнх­нийг төрөөс өөд татах тухай л асуудал. Төр хувийнхныг өөд татна гэдэг нь тэдний ажилд бага оролцоо л гэсэн үг. Ердөө ингээд л орхиход болох ажлыг чинь бүтэн жил­жингээ дун­шаад хоёр жилийн турш шинэчилж байна гэж пиардах юм байна л даа. Өөр хийх ажил байдаггүй юм уу. Утаанаас салах жил, архигүй жил, байгаль хамгаалах жил, эрүүл мэнд, боловсрол, хүү­хэд залуучууд гээд нийгмийн олон тулгамдсан асууд­луу­даар жилийн арга хэмжээ зохиож болмоор. Жил нь дууссан хойно ингээд нээгээд арав хоног оволзоод ёлктой­гоо холиод идчих юм бол юу ч гэж шоудаад явдлын гарз юм шив дээ. Уг нь энэ бизнес­мен залууд өөрийнх нь хам­гийн сайн чадаж мэдэх ажлыг нь “жи­лийн нэрэмжит” бол­гоод өгч байхад барсангүй дээ. Тэгээд одоо өөр юу хийж чадах болж байна. Хүүхэл­дэйн театрыг утсан хүүхэл­дэйгээр хангах жилийн ажил өрнүүлээд нэг үзэцгээх үү.

Засгийн газар бантсандаа баахан зөвшөөрөл тушаал захи­рам­жуудаа онтой урал­дан хам хум хүчингүй болгох  бололтой. Тэгвэл нэгэнт харил­цагчгүй болсон 11 яам­ны 25 агентлагийн 107 зөв­шөө­­рөл олгогч этгээд  цаа­шид юу хийж цалинжих бол. Эсвэл “Бизнесийн шинэтгэ­лийн жил” дуусч мотор бүр­мөсөн унтрахаар эргээд зөв­шөө­рөл дээрээ буцаад ирэх юм уу. Барилга барихын тулд 120 албан тушаалтантай харь­цаж бүгдээс нь зөвшөө­рөл авах ба энэ ажилд 480 хоног зарцуулдаг гэнэ. Одоо үүнийг цөөлж 182 хоног шог­шуулдаг бол­гохоор судалгаа хийж байгаа аж. Хятадын Хунань мужид 15 давхар барилгыг зургаахан хоногийн дотор барьж дуусгалаа гэсэн мэдээ байх юм. Ухаандаа манайхан энд байшин бариу­лах уу байх уу гэж шийрэгнэж байх 480 хоногийн хугацаанд Хунаньчууд наян удаа ба­риад буулгаад амжих нь.

Хэрэв энэ жил бизнесийн ши­нэтгэлийн жил гэж үнэхээр болсон юм бол манай биз­нест хандах хүнд суртал ийм л хурдтай шинэч­лэгдэж дээ. Ийм байгаа гэж Засгийн газар нь өөрөө хэлээд байгаа юм л даа. Өөрсдийгөө ийм хоц­рогд­сон гэдгээ хүлээн зөв­шөөр­лөө. Бид нар он дуусч байхад мотоор асаан, шөнө­жин харанхуй байлгасан ч  гэгээ орохоос өмнө тог ирүүлж чадлаа гээд байх юм. Тоглоод байгаа юм уу, шог­лоод байгаа юм уу?

Нийтлэлч: Гангаа
Эх сурвалж: http://gangaa.niitlelch.mn/content/2687.shtml


URL:

Сэтгэгдэл бичих