Украйн Москвагийн эсрэг хоригийг дэмжинэ

196834-22112016-1479803460-368286243-1Украйн улс Европын холбооны удирдагчдад хандаж уриалга гаргажээ. Уг уриалгад АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трампыг Оросын эсрэг АНУ-ын хоригийг үргэлжлүүлэхийг ятгах талаар тусгасан байна.

Өрнөдийн талыг баримтлагч Петро Порошенко Украйнд үзүүлэх олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж. Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг сайшаан шагширдаг агаад сонгуулийн сурталчилгаа нь Украйн дахь Москвагийн талынхантай холбоотой байсан гэгддэг Трамп АНУ-ын сонгуульд ялсан нь Киевийг нэлээн түгшээж буй бололтой.

Украйны Ерөнхийлөгч өнгөрсөн пүрэв гарагт 600 сая еврогийн тусламж, Европ руу визээс чөлөөлөх болон Европын холбоотой байгуулсан худалдаа, аюулгүй байдлын гэрээний талаар хэлэлцээ хийсэн. Гэвч Нидерландын байр суурийн улмаас бэрхшээл үүсчээ. АНУ- ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама Европын удирдагчидтай уулзахдаа Крымийг эзэлсэн ба Донбассын салан тусгаарлагчдыг дэмжсэний учир Оросын эсрэг авсан хоригоо сунгах тохиролцоонд хүрсний дараахан дээрх хэлэлцээ болсон юм.

Эдгээр үйл явдал өрнөд Украйны Ерөнхийлөгч Порошенкогийн засаг захиргааг дэмжиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Гэвч Украйны талаар Трампын байр суурь тодорхойгүй байгаа тул Европын ахлах дипломатууд шинэ Ерөнхийлөгч нэгдүгээр сард албан тушаалдаа ороод Оросын эсрэг хоригийг цуцлах буюу сулруулах алхам хийж магадгүй хэмээн болгоомжилж байна.

Порошенко Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тусктэй уулзах үедээ Вашингтоны байр суурь өөрчлөгдөх тохиолдолд Европ эсэргүүцэх ёстойг анхааруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Европын холбоо дахь Украйны Элчин сайд Микола Точитский Financial Times сонины сурвалжлагчид “Энэ бол европчуудад хүргэх манай мессеж байх болно. Үүнийг цааш дамжуулах байх гэж найдаж байна” гэв. Тэрбээр цааш нь “Крымийг эзлэн авсан болон Украйн зүүн нутаг дахь Донбасст цэргийн ажиллагаа явуулсны хариуд хориг арга хэмжээ авсан. Юу ч өөрчлөгдсөнгүй. Хууль бус эзлэлт бодитой үргэлжилсээр буй” гэсэн юм.

Брюссельд Трампын гадаад бодлогын талаар хэлэлцүүлэг явагдахын сацуу Европын өөр нэг дипломат Европын холбоо цаашид Киевт шаардлагатай дэмжлэгийг үзүүлсээр байх шинж тэмдэг харагдаж байна хэмээв. Түүний хэлснээр “Украйнчууд биднээс илүүтэйгээр Америкийн бодлогод санаа зовж байгаа. Ийм цаг үед сайн мессеж өгөх нь маш чухал” гэж тайлбарлажээ. Киев дэх авлигын өсөлтөд сэтгэл түгшиж буй ч Брюссель Украйны дэд бүтэц, тээвэрт зориулж, нэмэлт 600 сая еврогийн санхүүжилт олгоход бэлэн байгаагаа мэдэгджээ.

Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили Украйны Одесса мужийн захирагчаас хоёр долоо хоногийн өмнө огцорсон. Үүний дараа Порошенког шинэчлэлийг саатуулж, гэмт бүлгүүдийг хамгаалж байна хэмээн буруутгасан юм. Ноён Точитский үүний хариуд “Засгийн газар дээд түвшний түшмэд, улстөрчдийн эсрэг мөрдөн байцаалт эхлүүлсэн. Төрийн албаныхан цахимаар орлогоо мэдүүлэх систем нэвтрүүлж, 100 мянга орчим түшээ онлайнаар бүртгүүлээд байгаа” хэмээн ярилаа.

Украйны парламентын гишүүд сая сая ам.долларын хөрөнгөтэй нь ил болсон явдал украйнчуудыг цочоосон. Гэвч орлогын цахим мэдүүлэг болон авлигын эсрэг хороо байгуулсан зэрэг нь зарим талаар дэвшил юм гэж Европын албаныхан үнэлсэн байна.

Артур Бисли

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих