Төрийн банк хувьчлалд бэлэн үү
Ирэх онд хувьлагчдах аж ахуйн нэгжийн жагсаалтад Төрийн банк хамруулсан. Ирэх оны улсын төсөвт Төрийн банкны хувьчлалаас 75 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан. Харин энэ нь Сангийн яамны эзэмшлийн 25 хувьд ногдох доод Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшиж буй 75 хувийг оролцуулан нийтэд нь хувьчлах тохиолдолд хувьчлах доод үнэ 300 тэрбум төгрөг байхаар урьдчилсан тооцоог Сангийн яамнаас гаргажээ. Хувьчлах бэлтгэл ажлыг хангахаар Сангийн яам, ТӨХ хамтарч ажиллаж байгаа юм байна.
“Зоос” банкны суурин дээр үүсэн байгуулагдаад 7 жил болж байгаа Төрийн банк 113 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, 25 хувийг Сангийн яам, үлдсэн 75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшдэг 100 хувь төрийн өмчит арилжааны банк.
Банкны харилцагчийн тоо энэ оны III улирлын байдлаар 2.735.774, зээлдэгчийн тоо 205.726, хадгаламж эзэмшигчдийн тоо 584.182, салбар нэгжийн тоо 502, ажилтны тоо 3738-д хүрчээ. Төрийн банкны нийт активын хэмжээ 2 их наяд 9 тэрбум төгрөгт хүрсэн байна.Үүнээс 20.8 хувь нь үнэт цаас, 16.6 хувь нь мөнгөн хөрөнгө, 3.9% хувь нь үндсэн хөрөнгө, 56.4 хувь нь цэвэр зээл, 2.3 хувь нь бусад хөрөнгө байгаа ажээ. Энэ оны III улирлын эцсийн байдлаар цэвэр ашгийн хэмжээ өссөн дүнгээр 7.57 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Өнгөрсөн хугацаанд төр, засгаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд ихэвчлэн Төрийн банкаар дамжин хэрэгжиж байсан. Тухайлбал, Цалингийн зээл, малчны зээл, хүүхдийн сургалтын төлбөрийн зээл зэргээр. Энэ бүхэн нь тус банкнийг эрсдлээс хамгаалж байсан байна. Төрийн банкны нийт харилцагчийн 85 хувь нь иргэд, 15 хувь нь бизнеснийхэн гэнэ. Бизнесийн зээл олгохгүй байх бодлого барьж иржээ. Тиймээс ч эдийн засгийн хямралтай энэ үед эрсдэлд бага өртсөн талтай. Эдийн засгийн хямралтай үед хувьчлах нь үнэ цэнэд хүрэхэд эрсдэлтэй гэж зарим ажиглагчид болгоомжилж байгаа. Нөгөөтэйгүүр Төрийн банкийг хувьчлах авах сонирхол давамгайлах туйл үнэ цэнэ нь алдагдахгүй гэж ажлын хэсгийнхэн үзэж байна лээ.
Эдийн засагчид төрд удаан байлгаад хэрэггүй. Зах зээлийнхээ дагуу өрсөлдөөн дунд явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гадаадын банкны асуудал яригдаж, сонирхол байгаа энэ үед зайлшгүй хувьчлах хэрэгтэй гэж үзэж байна лээ. Ингэхдээ тодорхой хэсгийг төрд үлдээх нь хэрэгтэй гэж үзэх хэсэг байна. Тэр дундаа УИХ-ын гишүүд Төрийн банкийг хувьчлалаа гэхэд төр тодорхой хувьтай байх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна лээ. Хэрвээ 100 хувь хувьчилбал дараагийн монополь гарч ирнэ гэж үзэж байна. Харин УИХ-аар ирэх оны төсвийг батлахдаа Төрийн банкны төрийн өмчийн 25 хувийг хамруулан нийт 100 хувь хувьчлахаар тусгасан юм билээ. Хэдийгээр 100 хувь хувьчлахаар тусгасан ч хөдөө орон нутагт салбартай, иргэдийг хамруулан банкны хувьд төрийн хувь эзэмшил тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй гэж ажлын хэсгийнхэн үзжээ. Нөгөө талдаа төр бизнесийн үйл ажиллагаанд оролцох нь халгаатай, сөрөг талтай гэх болгоомжлол давхар явж байгаа аж.
Ямартай ч ирэх өдрүүдэд Төрийн банкийг хувьчлалд бэлтгэх ажил үргэлжилнэ. Улсынхаа нийт хүн амын хэмжээний 2.8 сая харилцагчтай энэ банкийг хувьчлах асуудал олны анхаарлын төвд байсаар байна.
Н.Энхлэн
shuud.mn
URL: