Засаг даргын нөөц хөрөнгөөс 400 тонн бодис авна
Их хэмжээний цас орсны улмаас үүсээд байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдаж, хотын дарга холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ долоо хоногт буюу баасан гаригт багтаан хотын автомашины болон явган хүний зам, талбайн цас мөсийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар шуурхай хуралдааны үеэр цас цэвэрлэх хотын даргын уриалгад цэргийн анги байгууллагууд нэгдэж буйг дуулгалаа. Мөн өнөөдөр/өчигдөр/ оройн 20.00 цагаас эхлэн тодорхой хэсгүүдэд алба хаагчид хуваагдан ажиллахаар болсныг танилцууллаа.
Тодруулбал, Баянзүрх дүүрэг “Арслан”-тай хөшөөнөөс “Нарантуул” захын уулзвар хүртэл 014, 015, 032 дугаар ангийн, Хан-Уул дүүрэг Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэлх замд 013, 017, 089,120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид, Чингэлтэй дүүрэг Дөлгөөн нуурын уулзвараас Гэсэр сүм хүртэлх замын цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэхээр болжээ. Нийтдээ 500 орчим хүн энэ удаагийн цас цэвэрлэх ажиллагаанд оролцох юм байна. Харин нарны гүүр болоод нарны замын 8.4 км авто зам, замын байгууламжийг ТҮК-ийн ажилчид цэвэрлэж, цас, мөсийг нь арилгах юм.
Цас арилгах бодис, давс нэмж авах, цаашид цас цэвэрлэх техникээ шинэчлэхээр төлөвлөж байгааг хотын дарга хэллээ. Өмнөх захиалгын дагуу энэ сарын 24-нд буюу ирэх пүрэв гарагт ОХУ-аас 198 тонн тусгай зориулалтын бодис ирэх аж. Мөн Засаг даргын нөөц хөрөнгөөс дахин 400 тонн бодис авахаар болсон байна. Түүнчлэн явган хүний замын цас мөс шүүрдэх, хөлдсөн цасыг ховхлох зэрэг бага оврын техник хэрэгсэл авахаар БНХАУ-руу захиалжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цас, мөс хайлуулах бодис, давсны татан авалтыг түргэсгэж, нэмэлтээр авах 400 тонн бодис татах гэрээг хурдан хугацаанд хийх болон цэргийн алба хаагчдыг багаж хэрэгслээр хангахыг холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: