Гэмтлийн эмнэлгийн нэг эмчид 100 хүн ногдож байна

gemtel7-152805-1099077423Хүйтний эрч сүүлийн хоёр хоногт огцом чангарч, хойд туйлын хүйтэн агаар хот, хөдөөгийн иргэдийн өвөлжилтийн бэлтгэлд “дүн” тавьж эхлээд байна. Хөдөө орон нутагт  зам даваа хаагдаж, зарим аймагт хүн, мал зутарч байгаа сурагтай. Тэр хэрээр хээрийн замд хөлдсөн, осгосон гэх дуудлага цөөнгүй ирж байгааг гэмтлийн эмч нар хэлж байна. Харин нийслэлчүүд бидний хувьд, дүн өвлийн эхээр халтиргаа гулгаанаас үүдэлтэй чимээгүй гамшигт нэрвэгддэг.

Жил бүрийн өдийд ГССҮТ-д гэмтэж, бэртсэн дуудлага цөөнгүй ирдэг ч энэ жил арай эрт иргэдийн хөлд дарагджээ. Өдөрт таван эмч, 500 орчим  хүнд үйлчилж байна. Иргэдийн дийлэнх нь замын хальтиргаа гулгаанаас болж унаж, бэртсэн, хөл гараа хугалсан байдалтай ирж байгааг ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн төвийн эмч нар хэлж байна. Ялангуяа, өнгөрсөн баасан гаригт орсон цас нийслэлчүүд бидний бэртэж, гэмтэх гол шалтгаан болоод байгаа учраас ГССҮТ-д нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар очсон юм

УЛСЫН ХЭМЖЭЭНД ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ ДАХИЖ БАРИХ УУ?

ГССҮТ нь Яаралтай тусламж, сэхээн амьдруулах үйлчилгээг үнэ төлбөргүй хийдэг.

Даваа гариг. Ажлын эхний өдөр 12:00 цагийн үед очиход тус эмнэлгийн гадна талын машины зогсоол дүүрч, эргэн тойрон хөл хөдөлгөөн ихтэй байв. Хүлээн авах тасгийн хаалгаар оронгуут ёстой л уулга алдахаар олон хүн дугаарласан байна.  Үзлэгийн өрөө болгоны үүдэнд оочир, дугаар үүссэн байв. Рентген зураг авахуулахаар дугаарласан хүмүүсийн хажуугаар гарвал дарааллаа булаацалдсан хэл ам их. Хөл, гараа бэртээсэн дунд ангийн хүүхдүүд цөөнгүй.

Бага насны хүүхдээ үүрсэн хөл, гараа сойсон эцэг, эхчүүд ч цөөнгүй харагдаж байв. Гэмтлийн эмнэлэг өмнө нь өвдсөн, зовсон хүмүүс өөр хоорондоо шүргэлцэх шахсан давчуухан хонгилтой байсан. Мөн үүнээс болоод иргэд нь уурлаж, цухалдсан байдалтай, хэцүүхэн орчинд угтдаг байсан. Харин энэ жил байдал нэлээд дээрджээ. Арай л тохьтой орчин угтаж байна. Үүдэнд овоороод байдаг өвчтөнүүдээ 2-3 үзлэгийн өрөөнд хуваарилаад үздэг болсон байна. Үзлэгийн өрөө бүрт 1-2 эмчтэй, хүмүүсээ зэрэг үзээд үйлчилгээний хувьд арай шуурхай болжээ.

Өмнө нь гарын алга дээш нь харуулсан хүнд арай илүү үйлчилгээ үзүүлдэг хэмээн шүүмжлэлд өртөөд байсан гэмтлийн эмч нар энэ удаа иргэдэд их л шуурхай үйлчилж байна. Гэсэн ч ар араасаа цуван ирж байгаа иргэдийн  тоо буурахгүй байгаа нь эмч нарын ачааллыг нэлээд нэмэгдүүлж байгаа бололтой.  Урт дарааллын ард бухимдсан зарим нь “Улсын хэмжээнд томоохон гэмтлийн эмнэлэг дахиж барих хэрэгтэй. Эсвэл аймаг, дүүргүүд бие даасан гэмтлийн эмнэлэгтэй болохгүй л бол энэ эмнэлгийн ачаалал буурахгүй” хэмээн бухимдаж сууна.

“ГЭР ХОРООЛЛЫН ГӨЛГӨР ЗАМ, ХОТЫН ТӨВИЙН ГЯЛГАР ЗАМ ХЭРЭГ АЛГА, ХОТЫН ДАРГА АА”

Өдөрт нийтдээ 300-500 хүнд үйлчилж байна. Үүний дийлэнх нь буюу 250-300 нь халтиргаа гулгаанаас болж бэртэж гэмтсэн хүмүүс байна.

Гэмтлийн эмнэлэгт иргэд ихэвчлэн хувиараа болон 103-аар хүргэгдэж ирж байгаа гэнэ. “Энэ жил эрт хүйтэрснээс болж, явганаас бэртэж, гэмтсэн иргэд их ирж байна. Ялангуяа сүүлийн хэд хоногт энэ төрлийн дуудлага нэмэгдсэн.  Ерөнхийдөө эмнэлгийн ачаалал их байна” гэдгийг үүдний хөтөч сувилагч хэлж байв. Гэмтлийн эмнэлэг  өдөрт 500 гаруй хүнд үйлчилж байгаа аж.  Үүний  250-300 халтиргаанаас үүдэлтэй  гэмтэж, бэртсэн хүмүүс ирж байгаа гэнэ.  Ойрын өдрүүдэд зам тээврийн ослын дуудлага ч бас нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна.

Гэмтлийн эмнэлгийн эмчийн үзлэг оношлогоо бусад эмнэлгийн эмч нар шиг чагнуур тавьж үзэхээс арай өөр. Тийм болохоор нэг хүнд шаардагдах үзлэгийн хугацаа 10-20 минут шаардагдах аж. Хүнд өвчтөн ирвэл шарх цэвэрлэж, боолт хийх. Өвчтөнөө дагуулаад өөр өрөө рүү гүйх гээд асуудал их. Гэтэл өвлийн эхэн сард ийнхүү үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж, иргэдийн дийлэнх нь үе мөчний хугаралтай, тархи толгойгоо хагалсан ирж байгаа нь эмч нарын санааг зовоож байгааг нуусангүй.

Харин иргэдийн зүгээс хотын даргад “ховлох” зүйл олон байв. “Зам дээр халтирч унах нь энгийн үзэгдэл боллоо. Аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо зам талбайг цэвэрлэхгүй байна. Унаж, гэмтсэн тохиолдолд эмчилгээний зардал гаргаж өгөх газар ховор байна. Гэр хорооллын зам, ялангуяа сургууль, цэцэрлэг рүү явдаг зам явахад тун хэцүү болсон. Машинаар явах битгий хэл явган мацахад ч хэцүү, шил толь шиг гөлгөр болчихсон. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх замдаа хөл, гараа хугалсан иргэд олон байна. Хотын төвийн цас, мөсөө цэвэрлэхийн хажуугаар гэр хороолол руу анхаарлаа хандуулаач. Давс, хужраасаа цацаач” гэж хотын даргаас гуймаар байна. Нийслэлд аюулгүй амьдрах арга алга” гэж гомдоллох хүн цөөнгүй байв.

ӨДӨРТ 250-300 ХҮН ХАЛТИРГАА ГУЛГААНААС БОЛЖ БЭРТЭЖ БАЙНА

Сурвалжлагынхаа төгсгөлд бид, ГССҮТ-ийн Хүлээн авах тасгийн их эмч Ц.Эрдэнээс зарим зүйлийг  тодруулсан юм.

-Хүлээн авах тасгийн ачаалал ямар байна. Өдөрт хэдэн хүнд үйлчилж байна вэ?
-Манай эмнэлгийн хүлээн авах тасгаар үйлчлүүлдэг иргэдийн тоо өдөрт 250-300 хүрч байна. Энэ нь эмч нарын ачаалал 2-3 дахин нэмэгдсэн гэсэн үг. Өмнө нь ихэнхдээ 200 орчим хүнд үйлчилдэг байсан. Ойрын өдрүүдэд ачаалал их байна.

Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь хальтиргаа, гулгаанаас болж гэмтэж бэртсэн байдалтай ирж байна. Мөн авто ослын дуудлага нэмэгдэж байна. Эмнэлэг ачаалалтай байгаа болохоор тэр бүгдийг тасагт хэвтүүлэх боломжгүй байна. Зайлшгүй хэвтэх шаардлагатай хүнд өвчтөнүүдээ тасаг руу хуваарилаад, хөнгөн бэртсэн хүмүүсийг зөвлөгөө өгч, эмчилгээ бичээд дүүргийн эмнэлэг рүү шилжүүлж байна.

-Ирж байгаа хүмүүс хэдээс хэдэн насныхан байна. Ямар оноштой, зовиуртай хүмүүс ирж байна?
-Өндөр настан болон бага насныхан түлхүү унаж бэртэж байна. Өглөө, орой ажил, сургууль тарах, эхлэх үед иргэд гэмтэж бэртэх нь их байна. Мөн хөдөөнөөс зам тээврийн осолд орсон, хөлдсөн осгосон, хуруу гараа хөлдөөсөн дуудлага цөөнгүй байна.  Манайд ирж байгаа дуудлагад тархи толгой, гавлын ясны бэртэл гэмтэл нэлээд байдаг. Харин ойрын өдрүүдэд эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор яс, үе мөчний гэмтэл түгээмэл байна.

Тухайлбал, явганаас унаж бэртсэн тохиолдолд гараараа тулж унаснаас үүдэлтэй гарын бугуйнаас доогуурх яс хугарч гэмтдэг. Мөн хөлийн шагайны яс, дотор болон гадуур хавчуур яс нэлээд гэмтэж бэртдэг. Зарим иргэд өөрсдөө гэрээрээ эмчлэх гээд, бариач энэ тэрээр бариулаад дордуулаад ирэх нь цөөнгүй байдаг. Тиймээс унасан, бэртсэн гэмтсэн даруйдаа ГССҮТ-д мэргэжлийн эмч нарт хандах хэрэгтэй. Дур мэдэн эмчлэх, дутуу боох зэргээр хугацаа алдаж, өвчнөө  хүндрүүлэхгүй байх нь чухал гэдгийг хэлмээр байна.

-Эмч нарын хүрэлцээ хэр байна. Нэг эмч өдөрт хэдэн хүнд үйлчилж байна вэ?
-Манай эмнэлэг өдрийн  ээлжид таван эмч ажиллаж байна.  Оройн ээлжид мөн тооны эмч ажиллаж байна. Нэг эмчид өдөрт 30-50 хүн үзэж байна. Өдөрт нийтдээ 300-500 хүнд үйлчилж байна. Үүний дийлэнх нь буюу 250-300 нь хальтиргаа гулгаанаас болж бэртэж гэмтсэн хүмүүс байна.

Б.Туул

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих